Сүүлийн найман жилийн хугацаанд гацаанд ороод байсан “Сонгино” дэд станцыг бүрэн ашиглалтад оруулаад байна. Эрчим хүчний яамнаас 4 тэрбум төгрөгийг улсын төсөвт нэмж суулгаснаар барилга, угсралтын ажлыг дуусгажээ. Монгол Улсын Эрчим хүчний сүлжээний томоохон зангилаа болох “Сонгино” дэд станц нь Улаанбаатар хотын “ДЦС-4” ТӨХК , Дундговь, Өмнөговь аймаг болон Эрдэнэт, Дархан хотын дэд станцуудаар дамжин ОХУ-ын системтэй холбогдох юм. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн дамжуулах чадвар мөн 250 МВА-аар нэмэгдлээ.
“Сонгино” дэд станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын “Зайсан” дэд станц хоёр талын тэжээлтэй болох төдийгүй 110кВ-ын найман жил хүчдэлгүй байсан “Яармагийн гүүр”, “Шинэ яармаг” дэд станцууд хүчдэлд холбогдож, 110кВ-ын “Их тойруу” систем бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ. Хөшигийн хөндийд байрлах Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын цахилгаан хангамж ч үндсэн тэжээлээс холбогдох боломжтой юм.
Мөн “Сонгино” дэд станцаас Өмнийн говь руу татсан 670 км 220кВ-ын агаарын шугам хүчдэлд холбогдон 220кВ-ын “Мандал”, “Тавантолгой”, “Оюутолгой”, “Цагаансуварга” дэд станцууд ажиллагаанд орж, уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдээд байна.
Сэтгэгдэл (1)