Орчин үеийн үлгэр “Нам дагавал ам тосддог” гэдэг өгүүлбэрээр эхэлдэг болж. Хэдий муухай ч гэлээ өнөө цагт үүнээс илүү үнэн гэж үгүй болсон биз ээ. Бодит жишээ, гэрч нь Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ.
Чингэлтэй дүүргийн мянгатын дарга байх үедээ намын төлөө жагсаж, хуурай өлсгөлөн зарлах зэргээр жагсаал цуглааныг оройлон оролцож явсан нь Н.Энхбаярыг итгэлийг олоход хүргэснээр гараас нь хөтөлж улс төрд орох боломжийг олгосон юм.
Ийнхүү Баянзүрх дүүрэгт нотариатч, дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн албыг хашиж байсан түүнд “аз” дайрч төрийн түшээ болтлоо суга дэвшив.
З.Баянсэлэнгийн тухай олон асуудал яригддаг. Тухайлбал, дүүргийн цагдаагийн газарт ажиллаж байхдаа хүн амины хэрэгт холбогдсон найзаасаа мөнгө авч хэргээс мулталж байсан гэх. Мөн гишүүний суудалд дэвшихээсээ өмнө МАХН-ын хэдэн нөхдийн хамт прокурорын биед халдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаад асуудал тэгсгээд замхарсан гэх.
Энэ мэтчилэн түүнтэй холбоотой хэрэг тоймгүй их. Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шалгагдаж буй.
Уг нь прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн 2018 оны наймдугаар сард шүүхэд шилжүүлсэн ч З.Баянсэлэнгэ шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг тэргүүтэй шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилж байв. Үүний дараа өмгөөлөгчөөсөө, шүүхээс татгалзсан. Түүний удаа дараагийн увайгүй эл үйлдэлд шүүхийнхэн дургүйцэж, хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж цагдан хорьсон юм.
Түүний төрд учруулсан 972.4 сая төгрөгийн хохирол бол бага биш мөнгө. Ялангуяа улс төрийн, цаашлаад эдийн засгийн гэх мэдлэг дулимаг, төр түшилцэхэд бүрэн утгаараа боловсроогүй жагсагчид төрийн эрхэнд гарвал ямар аюултайг энэхүү хэрэг батлан харуулсан.
З.Баянсэлэнгэд холбогдох хэрэгт хэд хэдэн төрийн алба хаагчийг хамтатган шалгасан. Тухайлбал, БХБЯ-ны газрын дарга асан Ж.Бурмаа, мэргэжилтэн М.Болортуяа, төрийн банкны захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан нарыг уг хэрэгт шалгаж, хэргийг нэгтгэн яллах дүгнэлт үйлдсэн ч улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх явцдаа Д.Баярсайханы хэргийг тусгаарлаж, З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. Шүүхээс тэдэнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн юм.
Ингэж жагсагчаас төрийн түшээ болсон З.Баянсэлэнгэ хэд хэдэн төрийн алба хаагчийг араасаа чирснээр парламентаас жийгдэв.
Тэр энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй. Нэр дэвшье гээд ч намын дарга, сайн ах Н.Энхбаяр нь дахин итгэл хүлээлгэхгүй. Тиймдээ ч намынхаа арын аар саар ажилд зарж буй гэх.
Эндээс үзвэл, “азтай” жагсагчид төрийн түшээ болдог ч эцэстээ аавын хаалга татдагийн жишээ нь З.Баянсэлэнгэ юм.
Б.Лхам