Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад өөрсдийн гар биеэ зориулж яваа хүмүүс бол байгаль хамгаалагчид. Тэд гал түймэр, үер усны гамшиг, хууль зөрчсөн гэмт этгээдтэй хэзээд нүүр тулсан ч эргэж зугтаж байсан удаагүй. Харин ч гар хоосон байсан ч тулалдсаар ирсэн түүхтэй хүмүүс. Тэдний нэг нь нийслэлийн Байгаль хамгааллын газрын Улиастай хэсгийн байгаль хамгаалагч, хэсгийн ахлагч Я.Я.Бямбажав.
Өдгөө 11 дэх жилдээ байгаль хамгаалчаар ажиллаж байгаа тэрбээр байгаль хамгаалчдын ажлыг хөнгөвчилж, гал түймэр унтраах зориулалттай 1.5 тонн усны багтаамжтай чиргүүлийг өөрийн багахан цалингаас илүүчлэн байж хийжээ. Цалингаасаа ийн хумслах болсон шалтгаан нь гал гарсан тохиолдолд байгаль хамгаалагчид 10-20 литрийн усны багтаамжтай ус шүршигчээс өөр багаж хэрэгсэл гэх зүйл байдаггүй аж. Гал түймрийн бүсэд очоод өнөөх усаа цацаад дуусахаар дахиад усанд гүйх хэрэг гарна. Энэ хооронд гал түймэр их талбай хамарч ард иргэд болоод байгаль орчинд хор хөнөөл учруулах эрсдэлтэй учир ийм санаачилга гаргажээ. Ингээд хүн ардын амь насыг хамгаалж, эх дэлхийгээ хамгаалж яваа байгаль хамгаалагч Я.Я.Бямбажавтай ярилцсанаа хүргэе.
-“Хийх хүнд арга нь олдоно, хийхгүй хүнд шалтаг мундахгүй” гэсэн сайхан зүйр үг байдаг. Та микро автобусны бөгсийг тайрч, гал түймэр унтраахад ашиглах зориулалттай чиргүүл хийсэн нь нүдээ олсон сайхан санаачилга байлаа. Нэг талаасаа та заавал ийм зүйл хийж өөрөө өөртөө ажил удах албагүй байсан байх. Гэхдээ яагаад ийм зүйл хийх болов?
-Хуурайшилтын үеэр хог, өнжмөл өвс шатааснаас бол ахуйн хүрээний гал түймэр их гардаг. Тэр болгонд яваад очно. Түймэр унтраах зориулалттай багаж нь галаа унтрааж хүчрэхгүй үед гар хоосон болчихно. Туслахаар ирсэн иргэдэд түймэр унтраах багаж хэрэгсэл гэх юм олдохгүй. Үгүй ядаж ус нь дуусчихна. Усанд яваад ирэх хооронд гал улам тархсан байх жишээтэй. Нөгөөтээгүүр, энэ жил “Байгаль хамгаалагчийн жил” тохиож байна. Энэ хүрээнд байгаль хамгаалагчдадаа санаа болгох үүднээс ажлынхаа хажуугаар хийсэн ухаантай.
Гал гарлаа гэхэд бид гал команд дууддаг. Тэр болтол галаа унтраах, цурманд оруулах гэж хичээнэ шүү дээ. За, унтраачихлаа гэхэд манай Улиастайн ам өтөг, бууц ихтэй. Гал нь унтарсан ч цурам нь ойн сан руу орчих гээд айлгаад байдаг юм. Үүнээс гарах ямар арга зам байна вэ гэж бодож бодож, ийм арга сэдсэн ухаантай. Хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэдэг байх аа. Чадлаараа эх дэлхийгээ, ард түмнээ хамгаална гэж бодож хийсэн дээ.
-Гал түймэр маш их гарч байна. Таны хийсэн энэ зүйл байгаль дэлхийг хамгаалахад ихээхэн ач тус хүргэнэ гэдэгт итгэж байна. Ашиглалтаас гарсан микро автобусны олдоц хэр байдаг юм байна вэ?
-Өө, барагтай олддоггүй юм байна. Ашиглалтын хугацаа дууссан автобусыг техникийн захынхан жижиглэж зардаг юм билээ. Хайж явсаар хэдэн ченжид учраа хэлтэл уриалгахан хүлээж авсан. “Гал унтраах зориулалттай юм хийх гэж байгаа бол бид тусалъя. Жижиглэж тайраад өгье. Гурав хоногийн дараа ирээрэй” гэсэн. Тэгээд урдаасаа мөргөлдсөн микро автобус тайрч өгөхөөр болсон. Гурав хоногийн дараа яваад очтол тайрчихсан байсан. Гэртээ авчраад тоноглох ажил хийсэн.
-Нийт хэдэн литр ус багтах вэ?
-1.5 тонн ус багтана. Онцгой байдлын алба иртэл нэлээд торгоочих хэмжээний ус л даа. Дотор нь гал унтраах зориулалттай ус шүршигчтэй саваа байрлуулсан. Байнгын бэлэн байдалд байвал айдас багасах юм даа.
-Гал гарлаа. Чиргүүлээ машиндаа залгаад л давхих нь ээ?
-Яг тэгнэ. Ганцаараа машиндаа холбочихно. Шаардлагатай гэвэл хоёр хүн чирээд явсан ч болно. Гал командын ажлыг хийх гээд байгаа юм биш үү. /инээв/. За, тоглосон юм шүү. Миний л хийх ёстой ажил шүү дээ. Гал гарлаа, чи унтраа, миний ээлж дууссан гэх зүйл байх биш.
-Байгаль хамгаалагчдад гал унтраах зориулалттай ус шүршигч үүргэвч байдаг юм билээ. Хэдэн литрийн багтаамжтай юм бэ?
-10-20 литр усны багтаамжтай байдаг. Минийх бол 20 литрийн багтаамжтай.
-Гал гарлаа гэхэд машинтайгаа галын бүс рүү дөхөж очоод энэ усаа шүршиж дуусангуут дахиад усанд явдаг байсан гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Ингэхээр цаг их алдана. Ойр хавьд гол горхи, эсвэл худаг байхгүй бол ус хайж явна. За, ус аваад эргээд ирэхэд гал түймрийн эрчээ авчихна. Иргэд ус авчирч өглөө гэхэд хаана нь ч хүрэхгүй. Зовлон их байсан л даа.
-Тэгэхээр байгаль хамгаалагчид гал унтраах зориулалттай зөвхөн ийм л хэрэгсэл байдаг гэсэн үг үү?
-Ус шүршигчийн хувьд тийм.
-Ус шүршигчийг хэзээ тавьж өгсөн юм бэ?
-Ашиглалтын хугацаа нь дуусах болоогүй.
-Микро автобусаа хэдэн төгрөгөөр авсан бэ?
-Үнэ хэлэхэд хаашаа ч юм дээ. Би өөрийнхөө төлөө биш эх орныхоо төлөө хийсэн зүйл шүү дээ. Ченжүүд 500 мянган төгрөгөөр зардаг юм байна. Улсад хэрэгтэй зүйл гэдэг зорилгоор надад 300 мянга орчмоор өгсөн. Улиастайн аманд засмал зам байхгүй. Намаг, шалбааг ихтэй. Ийм нөхцөл тохирсон байдлаар тоноглох ёстой шүү дээ. Энэ утгаараа даацын дугуй, нум тавихаас эхлээд гагнуур, цоолбор гээд ажиллагаа багагүй орсон.
-Та өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас эхэлж угсарсан гэсэн. Хэд хоногт дуусгав?
-Ажлынхаа хажуугаар дөрөв хоногт багтаасан. Ажлын хажуугаар хийх гэж жаахан ядарсан. Хэсгийхэн маань тусалсан. Тэдний ачаар дуусгалаа. Түүнээс биш уул руу иргэд олноор гарч байна. Дээр нь бөө нар энд тэндгүй чуулж, гал алдчих гээд айлгаад салахгүй байгаа ийм нөхцөлд ганцаараа барахгүй юм билээ.
-Бөө нар гэснээр Улиастайн амны ойн сан руу иргэд хэр их гарч байна вэ?
-Өө найгүй, хорио цээрийн дэглэм тогтоосон болоод тэр үү, агаарлах иргэд маш олон байна. Нийслэлийн хэмжээнд 200 гаруй удаагийн гал түймэр гарсан. Ялангуяа хавар, намрын улиралд байгаль хамгаалагчид бүтэн нойртой хонох нь цөөн. Ядаж л татсан тамхиа бүрэн унтрааж хаяхгүй, асаасан түүдэг галаа бүрэн унтраахгүйгээс бол гал түймэр гарах тохиолдол их. Хаашаа л машинтай, явган иргэн явна. Араас нь байнга нэхэл дагал болохгүй бол болдоггүй.
-Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс хуурайшилт ихтэй байна гэж байсан.
-Хуурайшилтын хувьд ярих юм алга. Маш их түгшүүртэй байна. Жил бүрийн зургадугаар сарын 10-ныг хүртэл хуурайшилт их байдаг. Үүнийг иргэд ерөөсөө тоохгүй юм. Тиймээс "20 литрийн савтай ус үүрээд гүйх үү, эсвэл ийм чиргүүл хийх үү" гэж бодож бодож хийсэн.
-Улиастайн аманд энэ хавар гал түймэр гарсан уу?
-Ойн санд гал гараагүй. Яахав, өтөг бууц, хог шатаасан хэрэг гарсан. Энэ бүхнийг дор нь унтраасан. Энэ нь манай байгаль хамгаалагчдын ажлын үр дүн шүү дээ. Ой руу орсон иргэн бүрийн араас нүд тавьж, шаардлага хүргүүлж байна. Дээр нь айл, өрх бүрээр орж сэрэмжлүүлэг хүргэж байна. Ялангуяа өтөг бууцны нурмыг сайн унтраахгүй бол их аюултай. Дороосоо уугиж шатах замаар их талбай хамардаг. Бүрэн унтраах гэж үзнэ. Бүрэн унтрахгүй бол сахиж хононо.
-Танайх хэдэн байгаль хамгаалчтай юм бэ?
-Дөрвөн байгаль хамгаалагчтай. Шаардлагатай үед автомашинаар, өдрөөр мотоциклээр эргүүл хийдэг.
-Шатахууны хүрэлцээ хэр байдаг вэ?
-Хүрэхдээ хүрнэ, хүрэхгүйдээ хүрэхгүй. Хуурайшилтын үед нэмэлтээр шатахуун олгодог.
-Өөрөөсөө шатахуун гаргах үе байдаг уу?
-Гайгүй ээ. Өдрийн эргүүл хийх талбайн хэмжээгээ баримжаагаар мэддэг. Тэрүүгээр нь тооцоод шатахуунаа долоо хоногоор бодож авдаг.
-Ойн сан руу зугаалахаар орж байгаа иргэд шаардлага хэр хүлээж авдаг бэ?
-Янз бүр. Олонх нь ойлгож хүлээж авдаг. Зарим нь нэг их ухаантай хүн болох гэж үзнэ. Дээрэлхэх гээд ч байгаа юм шиг хэдэрлэх тохиолдол гаргадаг хүн байна. Миний эрх гэдэг байдлаар хандах гэж үзнэ.
-Байгаль хамгаалагчдын ажил тогтсон ажлын цаг гэж байдаггүй юм билээ. Үндсэн цалин дээр нэмэлт цалин олгодог уу?
-Наадах чинь асуудал болоод байгаа. Гал түймэр гарсан үед онцгой байдлын алба хаагчидтай зэрэгцээд гал руу орно. Цурманд орууллаа гэхэд түүнийгээ сахиж хононо. Намрын улиралд самарчдын араас нэхнэ. Тэгэхгүй бол боловсроогүй үед нь түүнэ. Ядаж л мод хугална. Эсвэл гал алдчих гээд их хэцүү. Энэ тоолонд нойргүй хонох үе олон. Уг нь нэмэгдэл өгдөг бол зүгээр л юм даа.
-Аргүнт, Нарийны ам, Батсүмбэр, Заан Тэрэлж зэрэг ойн сан ихтэй газруудад ойн цэвэрлэгээ нэрээр хууль бусаар мод бэлтгэх тохиодол их гардаг юм билээ. Улиастайн аманд ийм тохиолдол хэр гардаг вэ?
-Харьцангуй гайгүй. 10-аад жилийн өмнө оршин суугчид ч, хулгайн мод бэлтгэгчид ч мод зөөдөг байлаа. Анх энэ ажилд ороход манай гэр бүлийн хүн их дургүй байсан. Би бэлэвсэрч, үр хүүхэд өнчирнө гэж уурладаг байлаа. Одоо ч иргэдийн ухамсар дээшилж хууль бусаар мод огтолж болохгүй гэдгийг ойлгодог болсон байна.
-1990-2008 оны хооронд мод хулгайгаар бэлтгэх явдал их байсан. Байгаль хамгаалагч руу буудсан тохиолдол хүртэл гарч байсныг санаж байна.
-Яг үнэн. Амар ажил гэж хаана байх вэ. Гэхдээ байгаль хамгаалах их хэцүү ажил. Өөрийнхөө өмчийг хамгаалж байгаа юм шиг зүтгэдэг. Үүнийг ойлгох нэгэн байхад ойлгохгүй, басамжлах нэгэн байна. Баргийн нугарчихгүй, зоригтой нэгний хийх ажил гэх юм уу. Ингээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй биз дээ.
-Яалаа гэж дээ. Ядаж л хар шөнөөр ой дундуур ганцаараа эргүүл хийх зоригтой хүн ховорхон байх.
-Анх нуруу хүйт даадаг байлаа. Одоо ч ажрахаа байж дээ. Намрын улиралд “Уулын Төмөр” гэдэг шиг байнга шахуу ойгоор тэнэнэ. Тэгж байж л өнөө самарчингуудыг барина шүү дээ.
-Зөрчлийн тухай хуулиар тухайн зөрчлийг байгаль хамгаалагч илрүүллээ гэхэд 48 цагийн дотор прокурорт мэдэгдэх ёстой. Гэтэл энэ хугацаандаа амжихгүй байх тохиолдол ялангуяа алслагдсан аймаг, сумдын байгаль хамгаалагчдын дунд их байна. Зөрчлийн тухай хууль байгаль хамгаалах механизмтай уялдахгүй байна гэж байсан. Таны хувьд ийм хүндрэл гарч байна уу?
-Яг наадах чинь. Хэргээ хүлээх нэгэн байна. Хүлээхгүй гүрийх нэгэн ч бий. Зарим нь бүр бичиг баримтгүй. Машин техникийг нь хурааж авсаар байтал 48 цаг өнгөрчихдөг. Ялангуяа олон зөрчил зэрэг ороод ирвэл яагаад амжихгүй. Олон холбогдогчтой бол 48 цагт яагаад ч амжихгүй шүү. Яриад байвал олон юм бий.
-Өөр ямар асуудал байна вэ?
-Уулнаас нэг эмээ шуудай гишүү түүгээд ирвэл захиргааны арга хэмжээ авах ямар ч боломжгүй. Шууд цагдаад хүргэж өгөх ёстой. 10 куб.метр мод бэлтгэсэн хүнтэй адилхан гэсэн үг. Энэ юу гэсэн үг юм бэ?. 10 куб.метр мод бэлтгэсэн хүн ч, шуудай гишүү түүсэн эмгэн ч ялгаагүй цагдаагийн үүд татна гэхээр утгагүй байгаа биз дээ. Яахав, нөхөн төлбөр гэдгээрээ оногдуулах хариуцлага өөр л дөө. Гэхдээ шуудай гишүү түүсэн хүнд торгуулийн арга хэмжээ авч болмоор юм. Өмнө нь ийм арга хэмжээ авах зохицуулалт байсан. Гэтэл Зөрчлийн тухай хуулиар хүчингүй болгосон.
-Хавар, намрын улиралд бөө ууланд отоглож, онгод тэнгэрээ дуудах нь олширдог юм билээ. Улиастайн аманд хэр байна вэ?
-Зөндөө. Догшин хайрхан гээд наашаа зүтгэхийг нь яана аа. Ам бүр, голын тохой бүрт отоглоно. Бургас, модны мөчир хадгаар боочихно. Араас нь өнөө хадгийг нь түүх гэж бас ажил болно оо.
-Бөө нар шаардлага хэр хүлээж авдаг вэ?
-Ээ хэцүү. Аятайхан л ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол “Улаан зураас дотор орвол аминд чинь цөвтэй шүү” гэдэг юм. Би ч тоохгүй, “Төрийн минь сүлд өршөө” гээд л яваад орчихдог.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (771)