Монголын эдийн засгийг атгасан тэр хэрээрээ хөдөлгөгч хүч нь болдог үндэсний хэмжээний томоохон хэдхэн групп бий. Түүний нэг нь М-Си-Эс групп.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа бизнесийн талбарт амжилт дагуулсаар эцэстээ компанийн удирдлагын багт ажиллаж байсан нөхдүүд төрийн эрхэнд заларснаас үзвэл улс төр, бизнесийг зөв хоршуулж чадвал ямархуу амжилт дагуулж чаддагын гэрч болсон гэмээр. М-Си-Эс группийн хувьд бизнесийн талбараас ганцхан банк санхүүгийн салбарыг л өөрийн болгоогүй гэхэд болно. Тиймдээ ч банк байгуулах хүсэлтээ Монголбанкинд гаргасан байна. Гэвч төв банкнаас эл хүсэлтийг нь хүлээж аваагүй учир шүүхэд гомдол гаргажээ.
Угтаа бол М-Си-Эс шиг томоохон группт банк байгуулах хэмжээний хөрөнгө мундахгүй нь лавтай.
Тиймдээ ч шүүхэд гомдол гаргасны дагуу нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны зургадугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, банк байгуулах хүсэлтийг хүлээж авах шийдвэрийг Монголбанк хүлээж авахыг шүүхээс үүрэгдсэн байгаа юм. Гэтэл бас л гэдийсэн учир дараа дараагийн шүүхэд хандаж. Ингээд Захиргааны хэргийн давах болон Улсын дээд шүүхээс мөн л М-Си-Эс Холдингийн талд шийдвэр гаргаснаар ногоон гэрлээр банк байгуулах боломжой болсон гэсэн үг.
Асуудлын гол нь М-Си-Эс Холдингийг банк байгуулах хүсэлтийг Монголбанк яагаад хүлээж авахаас татгалзав.
Дээр хэлсэнчлэн хөрөнгө чинээтэй, бизнесийн салбарт хэдийн хөлөө олсон компани Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлээд, данс тооцоо нийлсэн байхад банк байгуулахад асуудалгүй мэт. Гэвч асуудлын голыг ухаж үзэх гээд оролдвоос Монгол Улс “саарал жагсаалт”-д ороход арилжааны банкуудын гүйцэтгэсэн үүрэг чамгүй их бий. Өөрөөр хэлбэл, ОУВС-гаас арилжааны банкуудын активыг нэмэгдүүлэх үүргийг удаа дараа гаргасны дагуу 700 тэрбум төгрөгөөр активаа нэмэгдүүлсэн байдаг. Гэвч нэр бүхий хэд хэдэн арилжааны банкууд активаа нэмэгдүүлсэн 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталж чадаагүй нь Монголд угаах гэмт хэрэг үүрлэсэн байх магадлалтай гэх сэжүүр өгсөн байгаа юм.
Ийм л эгзэгтэй цаг үед арилжааны банкуудын тоог нэгээр нэмэгдүүлж, өөрсдийнхөө ачааг нэмэх хүсэл Монголбанкинд байгаагүй болов уу.
М-Си-Эс групп нь 1993 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үл хөдлөх хөрөнгө, инженеринг, дэд бүтэц, мэдээлэл, харилцаа холбоо, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ зэрэг бизнесийн салбаруудад үйл ажиллагаа явуулдаг. Өдгөө 9000 үндсэн ажилтантай бол 20 мянган шууд болон шууд бус ажлын байр бий болгосон. 2018 онд 1.6 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн бол дотоодын 2244 ААН, 657 иргэнээс 972 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авчээ. Мөн 2018 онд 91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг М-Си-Эс Холдинг нь болон түүний хөрөнгө оруулалттай компаниуд Монгол улсын эдийн засагт оруулсан. Тус онд 339 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлж, 1.1 ихнаяд төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Ташрамд дурдахад, Монголбанкнаас "Капитал” банкийг татан буулгах шийдвэр гаргаснаа зарлах үед тус банкинд 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор иргэн, аж ахуйн нэгжийн 256,000 хадгаламжийн данс байсан бөгөөд хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулахаа мэдэгдсэн. Ийнхүү нэгэн цагт Монголын банк санхүүгийн салбарт томоохон байр суурь эзэлж байсан УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн банк бизнесийн талбараас арчигдсан юм. Нэг үгээр хэлбэл, “Капитал” банкны чанаргүй зээл 208 тэрбум төгрөг байгаа нь нийт зээлийн 80 гаруй хувь бол банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөг, өр төлбөр нь активаасаа 279 тэрбум төгрөгөөр хэтэрсэн зэргээс үүдэн хэвийн үйл ажиллагаа явуулах чадваргүй болсон. Тус банк нь 1990 оноос нийтдээ 60 салбар нэгж, 360 орчим мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн ч ийнхүү хаалгаа барьсан юм.
Капиталыг дампуурахтай зэрэгцэн М-Си-Эс Холдинг арилжааны банк байгуулахаар зэхсэн нь бас л санамсаргүй тохиол биш болов уу. Юутай ч тэд дампуурсан Капиталын орыг нөхөж, банк санхүүгийн салбарт хүч сорих болбоос тэргүүлэгчдийн нэг болно л гэж үзэхээс бус замын голоос буцахгүй нь лавтай. Эндээс үзвэл, Монголын арилжааны банкууд тун удахгүй М-Си-Эс гэх шинэ өрсөлдөгчтэй болох нь ээ.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (7)