Зургийг www.n24.mn
Тэртээ 1990-ээд оны үед анхны Ерөнхийлөгч саарал дээлээ мялаан байж, “Монголчууд газрын тос олборлодог боллоо. Удахгүй боловсруулах үйлдвэртэй болно” гэж хэлсэн нь 20 гаруй жилийн дараа биеллээ олох суурь тавьсан билээ. Гэвч энэ л Монгол мөрөөдөл хөрсөн дээр биеллээ олох уу, эс бөгөөс монголчууд олон тэрбум ам.долларын өр тээн үлдэх үү гэсэн асуултыг асуухаас аргагүй болоод байна. Учир нь газрын тос боловсруулах үйлдвэрийг 1.2 тэрбум ам.долларт багтаан барихаар төлөвлөсөн ч үйлдвэрт ашиглах түүхий эдээ хаанаас, хэрхэн тээвэрлэх тухай асуудлыг огтхон ч бодолцож үзээгүй байна. Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаст мэдээлснээр манай улсад газрын тосны 33 талбайд, 13 бүтээгдэхүүн хуваах гэрээ хийжээ. Эдгээрээс “Тосон-Уул-XIX”, “Тамсаг-XXI” талбайд “Петрочайна Дачин Тамсаг” харин “Доншен газрын тос Монгол” компани “Бүтээгдэхүүн хуваах-97” талбайд газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Дээрх компаниуд нь 1993 оноос хайгуул, үнэлгээ, туршилтын олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээллээр “Петрочайна Дачин Тамсаг” компанийн эзэмшиж буй “Тосон-Уул-XIX” талбайн нийт газрын тосны баталгаат нөөц нь 20.17 сая тонн гэсэн бол “Тамсаг-XXI” талбайн газрын тосны баталгаат нөөц нь 127.509 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 14.01 сая тонн, ус шахалтын горимоор ашиглах ашиглалтын баталгаат нөөц нь 21.018 сая тонн гэжээ.
Харин “Доншен газрын тос Монгол” ХХК-ийн “Бүтээгдэхүүн хуваах-97” талбайн нөөц нь 26.5 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 2.07 сая тонн гэж Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн байдаг юм байна. Тэгвэл 2023 онд үүдээ нээх зорилт тавьсан газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах түүхий эдийг хаанаас, хэрхэн тээвэрлэх, дотоодын компаниуд хайгуул хийх боломж, бололцоо хэр байгаа талаар газрын тос шинжээч Д.Цэдэнбалжиртай ярилцлаа.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг ирэх 2021 онд ашиглалтад оруулна гэж Засгийн газраас амалж байсан 2023 он болж хойшилоод байна. Энэ асуудалтай зэрэгцээд газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах түүхий эдээ хаанаас авах бэ, бэлэн үү гэдэг асуудал бидэнд тулгамдаж байна. Манай улсад “Петрочайна дачин тамсаг”, “Доншен газрын тос Монгол” гэсэн хоёр компани гурван талбайгаас газрын тос олборлож байна. Эдгээрээс бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлосон тосны хэдэн хувийг бид авна гэж заасан юм бол?
-Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарим заалт нууцын зэрэглэлд хамаардаг. Одоогийн байдлаар олборлолт хийж байгаа гурван талбайгаас Бүтээгдэхүүн хуваах 97 дугаар талбай л ашиг хүртдэг гэрээ гэж хэлж болно. Учир нь бүтээгдэхүүн хуваах гэрээ хийхдээ тухайн газарт байсан цэргийн байгууламж, граж зэрэг байгууламжийг Монголын талаас оруулсан хөрөнгө оруулалт гэж тооцож, гэрээндээ тусгасан. Нэг үгээр хэлбэл, рояалти нь 7.5 хувь гэж тооцсон бол эцсийн дүндээ 28.5 хувийн газрын тос манай талд оногдохоор гэрээ байгуулсан. Харин “Тосон-Уул-XIX” талбайн хувьд рояалтиг 7.5 хувиар тооцсон ч өнөөдрийг хүртэл аваагүй байна.
-Яагаад өнөөдрийг хүртэл рояалти аваагүй юм бол?
-Яахав, гэрээ байгуулахдаа авна гэж тусгаж өгөөгүй л байхгүй юу. 1993 оны хамгийн анхны гэрээ шүү дээ.
-За, бүтээгдэхүүн хуваах гэрээндээ эргээд оръё. “Тосон-Уул-XIX” талбайн хувьд монголчууд хэдэн хувийн газрын тос авах юм бэ?
-Гэрээгээр 21 хувь. Харин “Тамсаг-XXI” талбайн хувьд нийт тосноос 29.7 хувийг нь авахаар гэрээ байгуулсан.
-Түүхий эдтэй холбоотой асуудлаас болж газрын тос боловсруулах үйлдвэр ашигтай ажиллаж чадах уу, импортын бүтээгдэхүүнээс хямд өртөгтэй шатахуун үйлдвэрлэх боломж бий юү гэдэг асуудал үүсээд байна. Зарим улстөрчид Петрочайна Дачин Тамсагаас түүхий эдээ авна, асуудал байхгүй гэх юм. Үнэхээр тийм асуудал байхгүй юм уу?
-Яалаа гэж. Маш их асуудалтай. Газрын тос боловсруулах үйлдвэрийн анхны урьдчилсан ТЭЗҮ-ийг Унгарын компани хийж байлаа. Ингэхдээ 1.5 болон 2 сая тоннын хүчин чадалтай байхаар хийсэн юм. Аж үйлдвэрийн яам гэж байх үед шүү дээ. Түүхий эдийнхээ хангамжид тулгуурлан хүчин чадлыг бууруулсан. Дотоодын хэрэгцээнд тулгуурлавал хоёр сая тонноос буурахгүй. Ер нь бол тос боловсруулах үйлдвэрийг заавал химийн үйлдвэртэй барих ёстой. Гэтэл манайд химийн үйлдвэрийн сураг ч алга. За энэ яахав гэж бодоё. Гэтэл 1.5 сая тоннын хүчин чадалтай үйлдвэр гэдэг бол дэлхийн жишгээр бага хүчин чадалтай үйлдвэрт тооцогддог. Хамгийн гол нь ийм бага хүчин чадалтай үйлдвэр байлаа ч гэсэндээ түүхий эдийг 100 хувь хангах боломж өнөөдрийн нөөц боломжоор байхгүй ээ. Яагаад гэвэл, түрүүн хэлсэн гурван ордоос газрын тос олборлож байна. Гэхдээ хятадын компаниуд олборлолт хийдэг. Зүүнбаянгийн орд буюу “Бүтээгдэхүүн хуваах 97” талбайн хувьд жилд 70-80 мянган тонныг л олборлодог. Маш бага хэмжээтэй гэсэн үг. Харин Дорнод аймаг дахь “Тосон-Уул-XIX”, “Тамсаг-XXI” ордын олборлолт үүнийгээ бодвол харьцангуй илүү. Гэхдээ асуудал бий.
-Ямар асуудал?
-“Тосон-Уул-XIX” талбайн хувьд Орд ашиглах төлөвлөгөө буюу нөөцийн тайланд жилийн олборлолтын хамгийн дээд хэмжээндээ хүрсэн жил нь 2016 он. Нэг үгээр хэлбэл, 2016 онд 6.6 сая бариаль тос олборлосон гэсэн үг. 2017, 2018 оноос хойш олборлолтын хэмжээ дандаа буурна. “Тамсаг-XXI” талбайн хувьд ч ялгаагүй.
-Энэ ямар учиртай юм бэ. Нөөц буурсан гэсэн үг үү?
-Газрын тос олборлоход мөрдөгддөг “хууль” гэх юм уу даа, нэг зүйл байдаг. Энгийнээр хэлбэл, газрын тосны хайгуулаас эхлээд олборлолт дуусах хүртэлх хугацааг 1-4 үе шатад хуваадаг. Эрлийн хугацаанаас эхлээд олборлолт эхэлсэн, олборлолтын тогтвортой үе гэхээр “Тосон-Уул-XIX” талбайгаар жишээ авахад, хамгийн өндөр олборлолттой байсан үе нь 2 дугаар шат. Энэ үе нь 2016 он байсан гэсэн үг.
Үүнээс хойш хүссэн хүсээгүй олборлолтын хэмжээ буурсан. Тэгээд олборлолтыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хятадын талаас төлөвлөж өгөөгүй. Өгөхийг хүсэхгүй байх шиг байна. Үүнээс гадна нөөц өсгөх даалгаврыг гүйцэтгэгч талаас жил бүр хийх ёстой. Үүнийг нь бас л хийхгүй байна. Учир нь олборлолтын төвшинг энэ хэмжээнд барих сонирхол хятадын талд байна уу гэсэн хар төрүүлээд байгаа. Би яагаад энэ асуудлыг ярьж байна вэ гэхээр 2023 онд үйлдвэр ашиглалтад орно гэж төлөвлөсөн. Гэтэл яг тэр үед нь газрын тос олборлолтын хэмжээ одоогийнхоос буурсан байна. Энэ бол албан ёсны тооцоо шүү. Би санаанаасаа зохиогоогүй. Үүнээс гадна дахиад нэг сонирхолтой зүйл бий. Одоо барьж байгаа үйлдвэрийн тосны хангамж, жилийн олборлолт ямар байхыг харуулсан тооцооноос харахад хангамжийн хэмжээг 1.3, 1.4 сая тонн гэх зэргээр манайхан тусгасан байсан. Гэтэл бодит байдал дээр хамгийн дээд талдаа 900 мянган тонн орчим гэдгийг судалгаагаар гаргасан байна.
-Энэ тооцооллыг хаанаас хийсэн юм бэ?
-Яагаав, нөгөө энэтхэгүүд тооцож үзээд “Ийм байна” гэж гаргаж ирэхгүй юү. Нэг ёсондоо төсөөллөөрөө ажилд хайнга хандсан гэж хэлж болно.
-УИХ-ын чуулганы хуралдаанаар 3-4 ордыг нөөцөлсөн. Үүнийгээ газрын тос боловсруулах үйлдвэрт өгнө гэдэг зүйл яригдсан.
-Тэрэн шиг үлгэр байхгүй. Хоёр талбайг нэрлэж байгаа. Нэг нь XI талбай гэж бий. Энэ нь 2010 оны үед байна уу даа, 5, 6 цооног өрөмдсөн юм. Нэг цооногоор 5.5 сая тонн гэж геологийн нөөц бодсон юм. Геологийн нөөц гэдэг олборлох баталгаатай нөөц биш шүү дээ. Түүнээс хойш хийсэн зүйл байхгүй. Өнөөдөр тэндээс нөөц хангана гэсэн. Гэтэл яг тогтоогоод баталсан нөөц байхгүй шүү дээ.
-Энэ талбай нь хаана байдаг юм бэ?
-Галбийн говь хавьцаа. Нөгөө нэг талбай нь Чойбалсан хотоос хойш байдаг. Энд дотоодын компанитайгаа уг нь гэрээ байгуулсан юм. Нөгөөдүүл нь энд тэнд гүйж явж байж санхүүжилтээ шийдэж, цооног өрөмдөх гэтэл нутгийн иргэд нь хөөгөөд явуулчихсан. Өнгөрсөн жил болсон асуудал шүү дээ. Өвөрхангай аймгийн Тарагт суманд Петро матад компани цооног өрөмдөх гээд судалгаа хийж байтал нутгийн иргэд бас л хөөж туусан. Бас л өнгөрсөн 2018 онд болсон асуудал. За, хоёр жилийн өмнө Увс аймгийн Зүүн говь суманд ажил хийх гэтэл нутгийн иргэд хөөгөөд явуулсан. Нөөц бэлтгэх гэж байгаа царай нь энэ.
-Газрын тосыг гаднаас импортлох боломж хомс гэдгийг олон судлаач хэлсэн. Ингэхээр боломжит хувилбарын нэг нь Дорнодоос 600 км төмөр зам, эсвэл хийн хоолой татах байдлаар тээвэрлэж, зөөхөөс аргагүй. Гэтэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 гаруй км төмөр замаа одоо болтол тавьж чадаагүй байна. Яг ийм цаг үед дахиад 600 гаруй км төмөр зам тавьж чадах уу, үүнд хэр хэмжээтэй хөрөнгө зарах вэ, эх үүсвэр хаана байна вэ гэдгийг ярих ёстой юм шиг. Тээвэрлэлтээ өнөөг хүртэл шийдэж чадаагүй байтал Петрочайна Дачин Тамсагын олборлож байгаа газрын тосны хэмжээ буурч эхэлсэн гэж та хэллээ. Ийм байхад их хэмжээний хөрөнгө зарж, 600 км төмөр зам татах нь ашигтай гэж үү?
-Маш чухал зүйл асуулаа. Дэлхийн жишгээс үзвэл, ганц нэгхэн сая биш олон зуун тэрбумын нөөцтэй үед хоолойн тээврийг байгуулдаг юм байна. Гэтэл манай нөөц бол 330 сая тонн шүү дээ. Тэгж байж хоолой татсан зардлаа нөхдөг. Нөгөөтэйгүүр, хоолой татах нь манайд тохиромжгүй. Учир нь цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Мөн манай тос бол +30 градуст царцдаг өтгөн тос. Царцсан тосыг халааж, шахах хэрэгтэй гээд ажил их. Үүнийхээ оронд төмөр зам нь харьцангуй хялбар. Гэхдээ өөрийн тань хэлснээр хөрөнгө нь хаана байна вэ. Өмнөх төмөр замаа одоо болтол барьж чадаагүй хүмүүс 2023 оноос өмнө барьж чадах уу гэдэг яах аргагүй үнэн.
-Газрын тосны хайгуул хийж байгаа дотоодын зарим компаниуд газрын тос байх магадлалтай газруудын олонх нь улсын хилийн бүс эсвэл тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байна гэдэг зүйлийг ярьж байсан. Үнэхээр хилийн зурвас газраар газрын тосны судал байх магадлал өндөр юм уу?
-Ганц өмнөд хэсэг ч биш. Газрын тосны хайгуул хийх гээд ялгасан талбайнуудыг гэрээ байгуулсны дараа олонхийг нь орон нутгийн хамгаалалт, эсвэл тусгай хамгаалалтад авсан байдаг. Энэ утгаараа хайгуул хийхэд хүндрэлтэй байгаа нь үнэн.
-Нийт 24 талбай ялгаснаас гурван талбайд олборлолт хийж байна. Бусад 21 талбайгаас нөөц тогтоогдох боломж хэр гэж та бодож байна вэ?
-Хайгуул хийж, нөөц тогтоогдох ажил гүйцэт хийгдэж чадахгүй байгаа энэ нөхцөлд хэлэх боломжгүй.
-Үйлдвэр 2023 онд ашиглалтад орлоо гэж бодъё. Олборлолт хийж байгаа хятадын компаниудаас гэрээний дагуу өөрт оногдох тосоо зах зээлийн ханшаар бодож худалдаж авлаа гэхэд үйлдвэрийн хүчин чадлын хэдэн хувийг ашиглах боломжтой юм бэ?
-50 орчим хувь. Энэ хэмжээнд хүрвэл их юм шүү. Өөр нэг хувилбар бий. Газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах газрын тосоо гаднаас импортлох гэж зарим улстөрчид хэлж байгаа харагдана лээ. Монгол Улсын экс Ерөнхийлөгч нар хүртэл ингэж ярьж хэлж байсан л даа. Гэхдээ ийм боломж бий юү. Хятадууд дотоодынхоо нөөцийг хангахын тулд манай улсаас олборлолт хийдэг. Бидэнд тос олборлож өгөхийн тулд хөрөнгөө зараагүй гэдгээ хятадууд өөрсдөө хэлсэн. Та сонссон байх. БНХАУ нь дотоодын хэрэгцээнийхээ 50 орчим хувийн газрын тосыг 23 орноос импортолдог. Ингэхдээ аль нэг оронд давуу эрх олгохгүйн тулд улс орон бүрээс тогтмол хэмжээтэйг авдаг юм билээ.
-Үнийн савалгаа үүсгэхгүй, нэг улсын импортоос хараат болохгүй гэсэн санаагаар уу?
-Яг тийм. Хангамж тасалдах, гэрээ цуцлагдах зэргээс сэргийлсэн санаа. Гэтэл манай улс нэг улсаас 98 хувийн хамааралтай шүү дээ. Энэ утгаараа хятадаас түүхий эд худалдаж авна гэсэн ойлголт байхгүй байгаа биз дээ. За, ОХУ-аас газрын тос импортох боломжтой юу. Гэтэл эцсийн бүтээгдэхүүнээ манайд худалддаг биз дээ. Ийм хэрнээ манайд түүхий эд өгөх үү. Үгүй байх.
-Казахтан, Саудын Араб, Кувэйтээс авах асуудал яригдаж байсан?
-Анхны Ерөнхийлөгчийн мөрөөдөл. Түүн шиг үлгэр байхгүй. Юугаараа тээвэрлэх юм бэ. ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр яаж дамжуулах уу. Алт биш, алмааз биш. Халааслаад явах боломжгүй эд.
-Та газрын тосны судалгаагаар олон жил ажилласан хүн. Улс орны жишгээс харахад газрын тос боловсруулах үйлдвэрээ түрүүлж барьдаг юм уу, эсвэл ТЭЗҮ-ийг батлаад тээвэрлэлтээ шийддэг юм уу. Яг ямар зарчмаар ажилладаг юм бэ?
-Энэ төсөл бол Оюутолгойн араас жагсах хэмжээний том хөрөнгө оруулалттай төсөл. Энэ утгаараа дэлхий нийтэд мөрддөг зарчмыг баримтлах ёстой. Үүнд нэгдүгээрт, түүхий эдийн хангамж хангалттай эсэх. Нэг, хоёр жил ажиллах үйлдвэр биш шүү дээ. Хоёрдугаарт, хэрэглээ байна уу, үгүй юү. Манайд хэрэглээ хангалттай бий. Гэтэл түүхий эд нь хангалтгүй. Үүнийг сайн тооцоолоогүй л дээ.
-Өртөг тосыг 40 хувиар бодох нь хэт өндөр биш үү. Олон улсад ямар стандарт барьдаг юм бол?
-Хэт өндөр гэж хэлэх аргагүй л дээ. Учир нь Петрочайна Дачин Тамсаг компанийн хувьд бүх зүйлийг тэгээс эхэлсэн шүү дээ. Нэг ёсондоо хэр хэмжээтэй нөөцтэй тодорхойгүй, дэд бүтэц гэх зүйл байгаагүй. Энэ утгаараа боломжийн гэрээ гэж би хувьдаа боддог. Яахав, дэд бүтэцтэй, хайгуулаа бүрэн хийж нөөцөө тогтоосон зүйл дээр хятадууд орж ирсэн бол арай өөр гэрээ хийх байсан байх.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (41)