Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй томоохон компанийн нэг болох “АПУ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт орсон талаарх мэдээлэл цацагдлаа. Тодруулбал, тус компанийн 36.11 хувийг эзэмшиж байсан “Туул Интернэйшнл”, 14.03 хувийг эзэмшиж байсан “Вит Аллианс” компаниуд өөрийн эзэмшлийн үнэт цаасаа “Шунхлай групп”-д шилжсэн байна.
Хувьцаа эзэмшигчдийн хувьд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Голомт банк” ХХК нь “АПУ” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байжээ. Харин өөрийн эзэмшлийн хувьцаагаа “Steppe Beverage” KFT-д худалдсанаар нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн мэдээлэлд өөрчлөлт орсон юм. Компанийн хувьцаа эзэмшигчдийн дунд ийнхүл хөдөлгөөн орсноор "АПУ" ХК-ийн хувьцааг “Шунхлай групп” ХХК-50.84 хувь, “Хайнекен Азиа Пасифик Пте Лтд”-25 хувь, “Steppe Beverage” KFT-д 13.42 хувь, “Монголиан Бэвэриж Инвестмент”-5.19 хувь болон бусад жижиг хувьцаа эзэмшигчид 5.55 хувийг эзэмших боллоо.
“АПУ” ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны наймдугаар сарын 8-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцуулсан юм. 2018 оны эхний хагас жилд тус компани болон түүний 11 охин компани нь нэгдсэн байдлаар дараах голлох үр дүнгүүдийг гаргасан байдаг. Үүнд,
- Цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 85 хувиар өсч, 201 тэрбум төгрөгт хүрсэн;
- Бүтээгдэхүүний нэр төрөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 хувиар нэмэгдсэн;
- Нийт өр төлбөрийн хэмжээ 18 хувиар буурсан;
- Цэвэр ашиг 33.7 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн тус тус үзүүлэлттэй гарчээ.
Компанийн эхний хагас жилийн борлуулалтын орлого болон цэвэр ашгийн хэмжээ ийнхүү нэмэгдсэн нь 2017 онд хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр "Эвэргрийн Инвестментс" ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдсантай холбоотой бөгөөд цаашид 2019 онд төлж дуусах валютын зээлийг хугацаанаас нь өмнө дуусгах, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх зэргээр ашигт ажиллагааг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг тухайн үед дурдаж байсан юм.
Түүнчлэн тус компанийн эгнээнд “Монголиан Бэвэрэйжс Компани Пте.Лтд”, “Спирт Бал Бурам”, “СББ Трейд”, “М Си Эс Азиа Пасифик Брюэри”, “Натур Агро”, “АПУ Трейдинг”, “АПУ Дэйри”, “Гранд” /ОХУ/, “Чингис Хаан Интернэшнл лимитэд” /Их Британи/ гэсэн компаниудыг нэр заан тайландаа дурдсан байна. Эдгээрээс гадна 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр “Депод” ХХК татан буугдсан. 2019 оны зургадугаар сарын 13-ны өдөр “Улаанбаатар спирт” ХХК татан буугдсан бол долдугаар сарын 8-ны өдөр “Спирт бал бурам”, “СББ Трейд”, “М Си Эс Азиа Пасифик Брюэри” компанийн хувьцааг “Монголиан Бэвэрэйжс Компани Пте.Лтд”-ээр дамжуулан “АПУ” ХК шууд эзэмших болсон байна. Харин “Монголиан Бэвэрэйжс Компани Пте.Лтд"-ийг татан буулгах ажиллагаа явагдаж байгааг 2019 оны тайландаа мөн дурджээ.
Тус компанийн нэгж хувьцааны үнэ Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн нээлтээр 560 төгрөг байсан юм.
Ямартай ч эгнээндээ 11 охин компанийг нэгтгэсэн тус компанийн 51 хувь ийнхүү “Шунхлай” группийн мэдэлд шилжлээ.
"АПУ" ХК-ийг эзэмшилдээ авсан “Шунхлай” групп нь
- АПУ ХК
- Апу Трейдинг ХХК
- Натур Агро ХХК
- Улаанбаатар Спирт ХХК
- Депод ХХК
- Грэйт Эмпайр ХХК
Харилцаа холбоо ба Медиа бизнес групп
- Скайтел групп
- Медиа Групп (NTV телевиз, time.mn, гоодаль сэтгүүл ... г.м)
Дэд бүтэц ба үл хөдлөх хөрөнгийн бизнес
- Капитал групп
- Газрын тосны бизнес групп
- Шунхлай ХХК
- Мотор ба ложистикийн бизнес групп
- Монгол Моторс групп
- Сантранс Ложистикс ХХК
Бусад хөрөнгө оруулалт
- Жи Эс Би Капитал ББСБ
- Интермед
- Улаанбаатар Синэма ХХК
- Жи Эс Би Майнинг ХХК ... гэх мэт компанийг эзэмшдэг юм.
Г.Нацаг
Сэтгэгдэл (5)