Дэлхийн Банкнаас Монгол Улсын бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжиж, 100 сая ам.долларын санхүүжилтийг баталсан байна. Энэ тухай Дэлхийн Банкнаас ирүүлсэн хэвлэлийн мэдээг бүрэн эхээр нь хүргэж байна.
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ:
ВАШИНГТОН ХОТ, 2019 оны 7-р сарын 30 - Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл Монгол улс эдийн засгаа улам тогтворжуулж, цаашид илүү тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр дахь удаагийн санхүүжилт болох 100 сая ам. долларыг батлав.
Дэлхийн Банкны Эдийн Засгийн Удирдлагыг Дэмжих хөтөлбөр (ЭЗУДХ) нь цуврал хөтөлбөр бөгөөд 2017 оны 11 дүгээр сард эхний хөтөлбөр (ЭЗУДХ-1) нь батлагдаж байсан ба энэ удаагийн хөтөлбөр (ЭЗУДХ-2) нь өмнөх хөтөлбөрийн үргэлжлэл юм. ЭЗУДХ нь өрийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын бодлогын шинэчлэлийг дэмжиж байгаа юм.
Монгол Улсын эдийн засаг 2016 онын макро эдийн засгийн хүндрэлээс амжилттай гарч чадсан ч суурь эмзэг асуудлууд хэвээр байсаар байна.
Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол 2018 онд 6.9 хувь болж өссөн. Төсвийн нөхцөл байдал дорвитой сайжирч, төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ий 16.4 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд 2.7 хувьтай тэнцэх ашигтай гарсан. Энэ нь улмаар ДНБ-д эзлэх Засгийн Газрын өрийн хэмжээг дээрх хугацаанд бараг 13 нэгж хувиар буурахад нөлөөлжээ. 2014-16 оны эдийн засгийн идэвхжил саарч байсан үед ядуурал нэмэгдсэн ч эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор ядуурал бага зэрэг буурсан нь хөдөлмөрийн зах зээлд сорилтууд байсаар байгааг болон нийгмийн халамжийн бодлогуудыг илүү үр дүнтэй болгож сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна.
“Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэмжиж байгаа гол бодлогын шинэчлэл нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, улсын төсөв, санхүүг улам бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чухал үүрэгтэй.
Засгийн газраас дээрх асуудлуудыг шийдэхээр ажиллаж байгаа нь тэдний эдийн засагт бүтцийн шинжтэй өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэн тууштай хийх бодлого баримталж байгаагийн тод илрэл юм. Дэлхийн Банк цаашид Засгийн Газар болон олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран Монгол улсын Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжин ажиллах болно” гэж Хятад, Монгол, Солонгос улсыг хариуцсан Дэлхийн Банкны захирал Мартин Рэйзэр онцоллоо.
Тус хөтөлбөр нь эдийн засгийг тогтворжуулахын тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг улам бататгах, төсөв, санхүүгийн удирдлагын бүтцийн шинжтэй зарим асуудлуудыг засах чиглэлээр өрийн тогтвортой байдлыг сэргээхийг зорьж байна. Үүнд татварын тогтолцоо болон төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах, одоо хэрэгжиж буй улсын төсвийн хөрөнгө оруулалттай төслүүдийн зардлыг бууруулах, төсвөөс санхүүждэг тусгай сангуудын удирдлагыг сайжруулах арга хэмжээ багтаж байна.
Мөн Хөгжлийн Банк, Төв Банкны сүүлийн жилүүдийн үйл ажиллагаанд хийгдсэн хөндлөнгийн үнэлгээг олон нийтэд ил болгох, орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэлбэр, бүтцийг сайжруулах замаар худалдан авах чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, зорилтот бүлэгт илүү хүргэх зэрэг үйл ажиллагааг нэрлэж болно.
Хөтөлбөрийн өөр нэг чухал чиглэл бол уул уурхайн салбараас бусад салбарт ажлын байр бий болгох, нийгмийн хамгааллын бодлогыг зорилтот бүлэгт илүү, оновчтой чиглүүлэх замаар ядуу, эмзэг бүлгийн нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх явдал юм.
Мөн эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд тус хөтөлбөр нь тусгай зөвшөөрлийн шаардлагыг хялбаршуулах, хөрөнгө оруулагчдын хамгаалалтыг бэхжүүлэх, худалдааг хөнгөвчлөх шинэчлэлийг дэмжих зэрэг бизнес, худалдааны орчныг сайжруулах арга хэмжээг дэмжиж байна.
Түүнчлэн малын эрүүл мэндийн удирдлагыг дэмжих замаар эдийн засгийн төрөлжилтийг бий болгоход анхаарч байна.
Эдийн засгийг удирдлагыг дэмжих цуврал хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх дунд хугацааны хөтөлбөрийг дэмжих зорилгоор хөгжлийн түншүүдийн зүгээс хамтран хэрэгжүүлж буй өргөн хүрээний арга хэмжээний нэг юм. Тус цуврал хөтөлбөрийн хүрээнд төлөвлөж буй гурав дахь шатны санхүүжилт нь ОУВС-ийн хөтөлбөртэй нягт уялдаатайгаар арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх арга хэмжээнд чиглэнэ. ЭЗУДХ нь уул уурхайн бус салбарын экспорт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсвийн тогтвортой байдал, эрчим хүч, боловсрол, мэдээлэл, холбоо, технологи, төв болон орон нутгийн засаглал зэрэг чиглэлд Дэлхийн Банкнаас одоогоор хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, техникийн туслалцааны төслүүдтэй нягт уялдаж байна.
Сэтгэгдэл (1)