Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг энэ сарын 22-ноос цахимаар бүртгэхээр болсон байна. Тодруулбал, “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн барилганаас эхний гурав нь оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Мөн тус хорооллын 18 барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн иргэдээс ирүүлж байгаа хүсэлтийг харгалзан үзэж түрээсийн орон сууцанд амьдарч байгаа болон өмчилж авах хүсэлтэй иргэдтэй нэмэлт гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцэж байгаа аж. Ингэснээр түрээсийн гэрээг дуусгавар болгоод өмчилж авах гэрээг шинээр хийх боломжтой бөгөөд хоёр талын гэрээний үндсэн дээр урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх эсвэл таван жилийн хугацаанд нийт төлбөрөө хувааж төлөөд өмчлөлдөө авах юм. Энэ хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах” шинэ журмыг хэлэлцэж, баталсан юм. Ингээд Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/-иас баталсан түрээсийн орон сууцны журмаас танилцуулъя.
Журамд тусгаснаар байраа түрээслэх замаар өмчлөх сонирхолтой иргэдийн тоо олон байгааг албаныхан онцолсон. Энэ утгаараа зорилтот бүлгийн иргэд байрны түрээсийн төлбөр дээрээ өмчлөх төлбөрөө тав хүртэлх жилийн хугацаанд төлөх боломжтой юм байна.
Тиймээс байрны нэг ам.метрийн үнэ болох сарын 6000 төгрөгийг 75 хувь хямдруулж, 1500 төгрөгөөр тооцон гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгасан байна.
Түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулна.
Түрээсийн орон сууцыг
-залуу гэр бүлд 20 хувь,
-төрийн албан хаагчдад 25 хувь,
-хувийн байгууллагын ажилтнуудад 20 хувь,
-18 хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 5 хувь,
-өрх толгойлсон эцэг, эхэд 5 хувь,
-өндөр настан тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад 5 хувь,
-хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 50 хувь,
-гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 5 хувийг олгохоор квот тогтоожээ.
Түрээсийн орон сууцны энгийн түрээс болон түрээслээд өмчлөх байранд орох хүсэлтэй иргэд эхний гурван сарын түрээстэй тэнцэх хэмжээний мөнгө байршуулах гэнэ. Ингэхдээ байраа түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийн хувьд ам.метрийн үнийг 75 хувь хөнгөлүүлж байгаа учраас 100 мянган төгрөг орчим барьцаа төлбөр төлөх ажээ.
Сонгон шалгаруулалтад оролцсон иргэдэд цахим бүртгэлээр шалгарсан эсэх мэдэгдэл хүргүүлнэ. Хэрвээ тэнцсэн бол ажлын гурав хоногийн дотор нийслэлийн Орон сууцны корпорацийн заасан байршилд өөрийн биеэр очиж, бүртгэлээ баталгаажуулах юм байна.
Үүний дараа түрээслэх эрх нь баталгаажсан иргэдэд НОСК-аас түрээсийн батламж олгох бөгөөд эрх авсан иргэд эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн зардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлснөөр түрээсийн гэрээ байгуулна.
Б.Баттулга
Сэтгэгдэл (2)