Мөнх цаст Тэнгэр уул, Кунглей, Ала-Тоо уулсын дунд цэлэлзэн харагдах Иссык Куль нуур алсаас тун чиг үзэсгэлэнтэй харагдах аж. Уул, үүл нь нийлэн харагдах энэ л нутагт Киргиз түмэн олон үеэрээ идээлж, ундаалж иржээ. Сансараас авсан зурагнаас үзвэл яг л Монголын газар нутгийг илтгэх мэт зүүнээс баруун тийш сунан тогтсон нь Монгол, Киргиз түмэн хүйгээр холбогдсоныг илтгэх мэт.
Киргизийн хамгийн том нуур болох Иссык Куль нь эзлэх талбайгаараа дэлхийн томоохон 30 нуурын тоонд багтдагийн дээр хамгийн гүнзгий нуурын жагсаалтын долдугаарт бичигддэг ажээ. Энэ л нуурийн эрэгт цөөн боловч хэдэн хоног саатаж, ухах бус ургуулах замаар эдийн засгаа хэрхэн өөдлөн дэвжүүлж болдогыг харуулж буй Киргиз түмний ахуй амьдралтай зухасхан танилцсан юм.
УХАХ БУС УРГУУЛ!!!
Бүгд Найрамдах Киргиз Улс. Барилга байгууламж, орчин үеийн дэвшилтэт технологи, ахуйн хэрэглээ зэргээрээ биднээс 10 гаруй жилээр хоцрогдсон ч гэлээ байгаль дэлхийгээ онгон дагшинаар нь авч үлдэх ухаанаараа биднээс илт давуу аж. Өөрийн гэсэн ойгүй шахуу Киргиз Улс нь анх нийслэл Бишкекээ байгуулахдаа ногоон хот болгохоор зорьсон байдаг. Бишкек хотын захаар урсах голын хөвөөгөөр ургасан мод, бутыг эс тооцвол байгалиас заяасан ногоон байгууламж гэх зүйл тун цөөхөн. Тиймээс улсаа ногоон болгохын төлөө 50 гаруй жил зүтгэж буй.
Бурхан тэдний энэ хичээл зүтгэлийг үнэлж, өдгөө тус улсын нийт газар нутгийн 30 орчим хувь нь ногоон байгууламж болжээ. Тэд ийм амжилтад хүрэхийн тулд эхлээд усалгааны систем, ногоон байгууламжийн хамрах хүрээ, суурьшлын бүсийн зааг зэргийг нарийн тогтоосон байна. Үүнийхээ ачаар тухайн үеийн ЗХУ төдийгүй Ази, цаашлаад Европ тивд “ногооноороо” гайхагдах болов. Хэдийгээр нийгэм, улс төрийн хүчтэй давалгаанд өртөж, эдийн засгийн хөгжил нэгэн үе саарсан ч гэлээ киргизүүд ногоон байгууламжаа огтолж түлсэнгүй. Харин ч хийн хоолойныхоо арчлалт, тордолгоог улам сайжруулсаар өнөөдөр бүх айл, бүх албан байгууллага хийн түлш хэрэглэж байна. Түүнчлэн өөрсдийн тарьж, ургуулсан ойгоо арчилж, тордоно уу гэхээс тайрна гэж гонж. Барилга байшин барих зэрэг ахуйн хэрэглээнд хэрэглэх модоо ОХУ болон Казахстан Улсаас импортолдог.
Хэрэв зээ, өөрсдийн модыг тайрвал маш өндөр торгууль ногдуулахын дээр хатуу шийтгэлтэй. Яах аргагүй тайрах буюу өвгөрч, өвчилсөн модыг тайрахаар бол заавал зөвшөөрөл авна. Тэд ингэж л ногоон байгууламжаа нүдний цөцгий мэт хайрлах аж. Зам зуур таарсан хүүхэд багачууд бүгд усалгааны хувин барьчихсан цэцэг, модоо услана. Ногоон байгууламж нүд алдам болоод тэр үү, халуун өдөр ч сэрүүн салхи сэвэлзэж, сэнгэсэн үнэр хамар цоргих нь хачин гоё.
Хог хаявал чи ГАХАЙ
Киргиз түмний олонх нь мусламан шашинтай. Шашны хатуу ёс жаягаас болдог уу, эсвэл хувь хүний өөрийн ухамсар, хүмүүжлээс болдог юм уу. Ямартай ч хог хаясан хүнийг гахайтай зүйрлэдэг аж. “Чи хог хаявал гахай шиг орчинд амьдарна. Хөрш тань хог хаявал чиний гэр гахайн оромж болно” гэж бүр хүүхэд байхаас нь заадаг гэнэ. Тиймдээ ч багачууд нь хог хаяхгүй байх соёлд багаас суралцах аж. Түүнчлэн мод тарьдаггүй, цэцэг ургуулдаггүй айлыг арчаагүйгээр нь дуудах энүүхэнд. “Эх байгалийн агаараар амьсгалж, хөрсөн дээр нь гишгэлж, ургуулсан үр будааг нь идэж байж, мод тарьсангүй” гэж хөгшид нь аашилдаг гэх. Залуус нь ч хөгшдийн үгнээс гарна гэж үгүй. Тэднийгээ тэнгэр мэт шүтэн дээдэлж, хэлсэн үгийн цаад учрыг тунгаан боддог байна. Тиймдээ ч киргиз түмний байгалиа гэх соёл, ухамсар алдагдалгүй өнөөг хүрсэн гэхэд болно.
Нийслэл Бишкек хотоос 300 гаруй км зайд орших Иссык Куль нуур хүртэлх автозам дагуух бүх талбайд өөрсдийн гараар мод тарьжээ. Тэр бүү хэл, 5-10 га газрыг хашаалж, зулзаган мод бойжуулсан нь завсаргүй харагдана. Хотын гудамжаар ургасан моднуудаас хамгийн өндөр настай мод нь 100 орчим жилийн түүхийг гэрчлэн саглайн харагдах нь тун чиг сүртэй. Энэ завсар хог гээд хэлчих зүйл огтхон ч таарсангүй нь гайхшрал барсан юм. Учир нь манай Монголд “Амралтын газар, эс бөгөөс хүрэх газрынхаа баримжааг архи, пивоны шилны жимээр дагаж ол” гэсэн бохир яриа гараад удсан болохоор тэр шүү дээ.
Киргизүүд байгалиа хамгаалдаг дээр нь аялал жуучлалыг хөгжүүлэхийн тулд юу чухал бэ гэдгийг ихэд ойлгож, ухамсарласан ард түмэн юм байна. Учир нь зам зуур 5 км тутамд ариун цэврийн байгууламжийг байршуулжээ. Нэг удаа үйлчлүүлэхэд киргизээр 5 соом буюу Монголоор 225 төгрөг. Боломжийн хэрэнд тохижуулсан байх агаад эргэн тойронд нь мөн л ногоон байгууламжаар хүрээлсэн.
Ингэж л киргиз түмэн ногоон байгууламжаа арчлах замаар эх дэлхийгээ хайрлаж байна. Угтаа бол тэд мод тарих гэж зүдрэх бус алтаа ухаад дэлхийгээр аяласан шиг ээ, тансаг амьдрах боломж бүхэн бий. Гэвч тэд хүсээгүй. Тиймдээ ч үндэстэн дамнасан цөөнгүй корпорациудын “хулхин дээр нь сарнай ургуулах” гэж хичээсэн олон удаагийн оролдлогыг тас цохисон түүхтэй. Тэд ийн газар нутгаа ухахаас айж, үндэстэн дамнасан корпорацийг эсэргүүцдэг болсон нь цаанаа ийм учиртай.
Юу гэвэл, цөөнгүй улс орны газар шороог нь ухаж, алтыг аваад “зугтаасан” “Сентерра гоулд” компанийнхны тарьсан горийг киргизүүд ч гэсэн амссан байна. Нийт экспортын 43 хувийг алт дангаар эзэлдэг гэхээр тус улс байгалийн ямархуу нөөцтэй болох нь ойлгомжтой болов уу. “Сентерра гоулд” компанийнхан Киргизэд орж ирээд элдэв сайхан үгээр уярааж, бараг “Оюутолгой” шиг гэрээ байгуулсан байгаа юм. Тухайн үед үндэстэн дамнасан корпорацитай гэрээ байгуулах киргизүүдийн мэдлэг, туршлага дутсан уу, эс бөгөөс гаднын нөлөө орсон уу. Алийг нь бүү мэд. Ямартай ч өөрсдөд нь ашиггүй гэрээ гэдгийг нь хожим мэдэнгүүтээ олборлолтын талбайд бүх нийтээрээ олон өдөр, сараар суулт хийн байж, гэрээнд давуу эрх эдлэхээр болжээ. Гэсэн ч “Сентерра гоулд” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зарим нь ашиг орлогоо “зөвлөх үйлчилгээний зардал” нэрээр халхавчлан татвараас займчуулах болсон байна.
Дээрх Кумторын алтны уурхайгаас гадна Киргизэд хэд хэдэн алтны орд бий. Гэхдээ тус улсын Засгийн газраас ухах бус ургуулах бодлого баримталахаа энэ сарын 13-14-ны хооронд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдээд зогсохгүй батлан харуулсан юм.
Нийтлэлийнхээ эхэнд Иссык-куль нуурийн талаар цухасхан дурдсан нь ийм учиртай. Нуур хүртэлх 300 км замд 80 км/цаг хурдаас илүү хурдлах жолооч нэг ч таараагүй. Учир нь ерөөсөө л киргизүүд хууль, дүрмийг ягштал биелүүлдэг хүмүүс учир осол аваар бага гардаг гэнэ лээ. Нөгөөтэйгүүр, Иссык-куль нуур нь манайхны шагшин гайхуулдаг юун нөгөө Хөвсгөл нуур. Энд Хөвсгөл нуур тэр дундаа Монгол эх нутгийнхаа онгон байгалийг гутаах гэсэнгүй. Харин гар хүрсэн бүхнээ хэрхэн өнгөтэй өөдтэй байлгаж чаддаг болохыг Иссык-куль нуурийн бүс нутгаас харсан болохоор ийнхүү шүүмлэлтэй хандснаа хэлэх нь зүйтэй болов уу.
Иссык-куль нуурийн орчимд байгалийн өөрийн ой, мод гэх зүйл тун цөөн. Харин ард иргэдийн тарьж ургуулсан модоор битүү хучаастай аж. Нутгийн иргэдийн зарим нь хуучирч муудсан хоёр давхар байшинтай ч нов ногоон ойн дунд сарнай цэцэгсээр чимэглэсэн болоод ч тэр үү, царай муутай гэж харагдах нь үгүй. Амралтын газар, жуулчны баазуудын хувьд ч гэсэн хуучны хэв маягыг хадгалж үлдсэн нь байхад орчин үеийн стандарт барьж, тохижуулсан нь цөөнгүй. Хамгийн гол нь тэд бүгдийнх нь гадаа ногоон байгууламж сүндэрлэж, сарнай цэцэгсээр гоёсон байх нь атаархал төрүүлмээр.
Мөнх цастай Тэнгэр уулаар хүрээлүүлсэн киргизүүд өөрсдийгөө тэнгэр заяатай хүмүүс хэмээн бахдаж, тэр хэрээрээ тэнгэрлэг, сайхан амьдрах ёстой гэж үздэг. Тэдний тэнгэрлэг, сайхан гэдэг ухагдахуун зах зээлийн шилжилтэд өртөж, материаллаг зүйлсээс хараат болсон бидний ойлголтоос тэс өөр. Тэд онгон дагшин эх байгалиа, ой модоо, цэнгэг уст нуураа, мөнх цастай уулсаа саравчлан харж суухад л тэнгэрлэг амьдрахуйн утга учир оршино хэмээн үзэх ажээ.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (9)