УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Нэг нам хэт олонх болсон энэ үед тус хуулийн төслийг хэлэлцэх нь хэр зөв шийдэл бэ?
-2008-2012 онд МАХН буюу одоогийн МАН 46 суудалтай байхдаа Ж.Сүхбаатар нарын 32 гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлж байсан. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн ч УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж амжаагүй. Учир нь тухайн үед сонгууль тулсан байсан. Дараа нь 2015 онд Ардчилсан нам 34 буюу хамгийн олон суудал авсан үед ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж, төслөө УИХ-д өргөн мэдүүлсэн боловч цаг хугацаа, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж мөн л хэлэлцэж амжаагүй. Гэхдээ Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг шинэчлэн баталж, Үндсэн хуулийг ард нийтээр хэлэлцүүлэх боломжтой болгосон.
Эндээс харахад нэг нам одоогийнх шиг үнэмлэхүй биш ердийн олонх болсон 2008-2012 онд ч тэр, аль ч нам олонх болж чадаагүй 2012-2016 онд ч тэр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэл зориг байсан. Гэхдээ ажил хэрэг болж чадаагүй.
Нэг нам хэт олонх болсон үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зөв, буруу гэдгийг ярихаас өмнө цаг хугацаа, нөхцөл боломж нь бүрдсэн үү, үгүй юу гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй.
Үндсэн хууль бол улс төр, нийгмийн “зөвшилцлийн баримт бичиг”. Энэ утгаараа нэг нам хүч түрэн батлах боломжгүй. Ард иргэдийн, улс төрийн хүчнүүдийн, төрийн институциудын дийлэнхийн дэмжлэгийг авч байж, цааш явах боломжтой. Ингээгүй нөхцөлд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн гол шалгуур болох ард түмэн, улс төрийн хүчнүүд, төрийн институциудын хувьд “хүлээн зөвшөөрөгдсөн байх” шинж чанар нь байхгүй болно. 2000 оны нэмэлт, өөрчлөлт нь “хүлээн зөвшөөрөгдөхүйц” байж чадаагүй учраас “дордуулсан долоон өөрчлөлт” гэдэг нэртэй болж, одоо эргээд бүгдийг залруулах нөхцөлд хүрч байна. Гэхдээ асуудлыг зөвхөн нэг талаас харж болохгүй шүү. Зарим талаараа дээрдүүлсэн заалтуудыг ч тусгасан нь бий.
Иймд МАН УИХ-д 64 суудалтай ч хүч түрэх байдлаар биш хуулийн дагуу, олон нийт, улс төрийн намууд, төрийн бусад институциудын дэмжлэгийг авч, ард нийтийн санал асуулга явуулж, энэ өөрчлөлтийг хийх боломжтой гэж үзэж байна.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно” гэсэн заалтад та шүүмжлэлтэй хандсан. Шалтгаан нь юу вэ?
-2017 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр орон даяар иргэдийн дунд хэлэлцүүлэг хийсэн юм. Хэлэлцүүлэгт орсон төслийн хувилбарт хот, тосгон нь засаг, захиргааны нэгж байхаар тусгагдсан байсан. Энэ нь ч иргэдийн дэмжлэгийг авсан.
Одоогийн төслөөр уг заалтыг өөрчлөөд хот, тосгоны өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэж оруулсан байгаа юм. Тиймээс хот, тосгоны засаг захиргааны зохион байгуулалтын зарчим гэдэг нь ямар агуулгаар орсныг тодруулах зорилгоор нэгдсэн хуралдаанд би асуулт тавьсан юм.
Энэ асуудлыг яриад байгаа шалтгаан бол хот, тосгон нь одоогийн эрх зүйн орчны хүрээнд чиг үүрэг, төсөв, хөрөнгө гээд байх юмгүй. Ер нь хот, тосгон гэж нэрлэх ач холбогдолгүй шахуу байна. Тухайлбал, миний сонгогдсон тойрогт хамаарах Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд Хатгал гэж том тосгон байдаг. 3000 орчим оршин суугчтай энэ тосгоныг Хөвсгөл далайд аялахаар очсон хүн болгон мэднэ.
Ихэнх төрийн үйлчилгээ засаг захиргааны нэгж болох сумаар дамжиж иргэдэд хүрдэг. Сумын Засаг даргын Тамгын газар мэдээж Алаг-Эрдэнэ сумынхаа төвд байдаг. Хатгал тосгон сумынхаа төвөөс 40 гаруй км зайтай. Тэгэхээр энэ тосгоны иргэд төрийн үйлчилгээ, Засаг даргын тодорхойлолт зэргийг авахын тулд 40 орчим км явах шаардлагатай болно биз дээ. Энэ тохиолдолд цөөн хэдэн хүний асуудал биш 3000 гаруй буюу зарим сумаас илүү олон хүнтэй тосгоны асуудал яригдаж байдаг.
Заавал засаг захиргааны нэгж болохдоо ч биш. Одоогийн хууль эрх зүйн орчны хүрээнд болохгүй байгаа учраас, тэнд байгаа олон мянган хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас “хот, тосгоны өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно” гэсний хүрээнд сумын төвөөс авдаг төрийн үйлчилгээг Хатгал тосгоныхон, үүнтэй адил сумын хэмжээнд хүн амтай боловч сумын төвөөс хол оршдог бусад тосгоныхон авах боломж бүрдэх үү гэдэг асуудал байгаа юм.
-Соёмбыг төрийн бэлгэ тэмдэг болгох талаар та чуулганаар ярьсан. Яагаад ингэж үзсэн бэ?
-Нэгэнт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа бол, нөгөөтэйгүүр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулиар хориглогдоогүй асуудал тул энэ талаар сонирхож асуусан.
Миний хувьд одоогийн бидний хэрэглэж байгаа төрийн сүлдийг өөрчлөх нь зүйтэй гэсэн бодолтой явдаг. Би “Соёмбо”-ын титэм үсгийг төрийн сүлд болгохыг дэмждэг хүмүүсийг нэг.
Соёмбо үсэг бол монголчуудын монгол ухаан, оюун сэтгэлгээний бэлгэдэл бөгөөд 1686 онд бий болсноосоо хойш Богд хаант Засгийн үед болон 1924 оны анхдугаар Үндсэн хуулиар төрийн сүлд болж байсан. Бэлгэдлийн хувьд Монголын Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэдэг. Тиймээс төрийн билгэ тэмдгийн асуудал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах явцад хөндөгдөж, яригдаж байсан эсэх, энэ талаар иргэд байгууллагаас санал ирсэн эсэхийг сонирхож нэгдсэн хуралдаан дээр саналаа хэлсэн.
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 55 хүрсэн Монгол Улсын иргэнийг нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгоно гэж заасан. Энэ хэр зөв шийдэл вэ?
Одоогийн Үндсэн хуулиар 45 насанд хүрсэн иргэн Ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаагаар сонгогдох эрхтэй. Үүнээс гадна дахин сонгогдох боломжтой шүү дээ.
Ажлын хэсгээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн дахин сонгогдох гэж улс төр хийдэг, олон нийтэд таалагдах зорилготой үйл ажиллагаа явуулдаг, Ерөнхийлөгчөөс буучихаад улс төрд эргэн орж ирдэг зэрэг сөрөг талуудыг хаах зорилгоор ийм зохицуулалт оруулсан. Мөн нэг удаа сонгогдохоор заасан. Сонгуулийн хугацаа нь УИХ-ын сонгуулийн хугацаатай нэг жилийн зөрүүтэй ижил байдгаас үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад нөлөөлдөг зэрэг шалтгаанаар хугацааг нь уртасгаж, зургаан жил болгохоор тусгасан болов уу. Миний хувьд насны босгыг нэмэгдүүлэх саналыг дэмжиж байгаа. Харин зөвхөн нэг удаа сонгогдох тухайд бол нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөхгүй, нийт ард түмнээс сонгогдож парламент хуулиараа баталгаажуулдаг учраас сайн ажилласан, ард түмнийхээ итгэл, дэмжлэгийг хүлээсэн хүн дахиад сонгогдож болно гэж бодож байна. Насны босго болон бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлсэн учраас дээр дурдсан сөрөг үр дагаварыг багасгах боломжтой.
-Хуулийн төсөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн заалт орсон. Энд таны байр суурь ямар байгаа вэ?
Шинэ Үндсэн хууль батлагдаж, дагаж мөрдсөнөөс хойшхи 27 жилийн хугацаанд 14 Засгийн газар байгуулагдаж байснаас хоёр нь л Засгийн газрын дөрвөн жилийн бүрэн эрхээ дуусгаж байсан түүхтэй.
Үндсэн хуульд Засгийн газар кабинетаар ажиллах зарчмыг тусгасан боловч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах асуудалд Ерөнхий сайд шийдвэрлэх үүрэгтэй оролцож чаддаггүй. Бүтэц, бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д оруулж, Улсын Их Хурал сайд нарыг хүн нэг бүрээр хэлэлцэн баталдаг.
Эдгээр нь Засгийн газар тогтвортой ажиллаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байдаг. Засгийн газар тогтворгүй ажиллах нь төрийн мэргэшсэн алба тогтворгүй ажиллахад ч шууд нөлөөлж байна. Төрийн эрх мэдлийн гурван салаа мөчир хоорондоо харилцан хяналт, тэнцвэртэй байх ёстой. Парламентийн засаглалтай улсад гүйцэтгэх эрх мэдлийг тэргүүлж байгаа Ерөнхий сайд нь улс төрд жин дарж оролцох ёстой.
Иймээс парламентийн засаглалтай улсад гүйцэтгэх засгийн тэргүүн ямар эрх мэдэлтэй байх ёстой, тэр хэмжээнд нь Ерөнхий сайдад эрх мэдлийг олгох ёстой гэж үзсэн.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (6)