1.
Ээжийнхээ бичсэн захидлыг энгэртээ “тэвэрсэн” наймхан сартай бяцхан охин үнэгчлэн унтана. Жигд тайван амьсгалах тоолондоо жижигхэн ягаан царайндаа инээмсэглэл тодруулан уруул нь шовс8 шовс хийх нь ангир уургаа шимэх мэт. Үнэгчлэн инээмсэглэх охин магад ээж, аавынхаа энгэрт эрхлэн наадаж, ирээдүйд ямар мэргэжил, боловсролтой болох төлөвлөгөөгөө зурж буйг илтгэх мэт. Гэвч наймхан сартай энэ л охинд ээжийнхээ энгэрт эрхлэн наадаж, ангир шар уургаа амсах хувь ерөөл хагас оногдсон гэдгийг сонсоод зүрхэнд зүү шивэх мэт өвтгөв.
Орцны үүдэнд эхдээ хаягдсан наймхан сартай охин. Түүнд ээжээс нь үлдсэн өв гэвэл охиндоо ямар их хайртайг, бас түүний төлөө ямар их санаа зовж, хооллож, ундалж чадахгүй байгаадаа сэтгэл, зүрх нь ямар их шаналж буйг тэрлэсэн ганцхан хуудас цаас...
Энэ л хуудас цаас түүний ээж гэх хүнийг илтгэх цор ганц баримт.
Манцуйндаа үнэгчлэн унтаж, сэрэхээрээ ход ход хийх хөхрөх өхөөрдөм энэ л охиныг орцны үүдэнд “гээгдсэн” байхад нь цагдаагийнхан олжээ. Төрсөн ээжийг нь эрж, сураглав. Гэтэл 17-хон настай охин сүү асгарч, нэвчсэн цамцныхаа энгэрээ нулимс юугаараа норгон байж ийн өчжээ.
Охин жирэмсэн болсноо мэдэх тэр үед нэг бол үр хөндүүлэх, эс бөгөөс өөрөө өсгөх гэсэн хоёр сонголттой нүүр тулгарч. Аз болж төрснийх нь дараа үрчилж авах хүн олдсон тул 10 сар тээж, охиноо төрүүлжээ. Гэвч өнөөх хүн нь төрөх үед бодлоо өөрчилжээ. Сонгож болохгүй тавилан гэдэг шиг өөрийн гэх орон гэргүй тэрбээр охиноо найман сар хүртэл өсгөснийхөө дараа өлгийнд нь захиа хавчуулан орцны үүдэнд ийн орхисон байна.
Эхдээ гээгдсэн охин цовоо сэргэлэн гэж жигтэйхэн. Харсан эмэгтэй бүрийнхээ өөдөөс ход ход хийн инээж, гар сарвайх атлаа эрэгтэй хүн дээр очих тийм ч дуртай биш. Ийм л жаахан өхөөрдөм охинтой хүүхэд хамгаалах байранд танилцсан юм. Тун удахгүй асрамжийн газрыг зорих охиныг шинэ гэр бүлтэй болгох тал дээр чадах ядраахаар ажиллана гэдгийг хүүхэд хамгааллын ажилтнууд хэлсэн юм.
2.
Монгол Улс хэмээх эрхэм цолоор овоглосон иргэн бүр Үндсэн хуулиар эрхээ хамгаалуулах эрхтэй. Энэ ч утгаар эрүүл аюулгүй аж төрөх, амьд явах эрхэнд хэн ч заналхийлэх эрхгүй мэт. Гэвч балчир үрс минь бусармаг авиртны зодуурын шүүс болж, хар нялхаасаа амьдралд нухлуулж, бяцхан зүрхэндээ энэлэл шаналал тээсээр нэг хэсэг нь өдөр хоногийг аргацаан өнгөрүүлэх бол нөгөө хэсэг нь хорвоогоос хальж байна. Энэ бүх харгис, хэрцгий үйлдлийг бид бүхэн хүлцэнгүй тэвчин харсаар суух нь ямар их эмгэнэл бэ.
Хүүхэд хамгаалах байранд хамгааллуулахаар ирсэн балчир иргэд бор өдрүүдийг эрээнтэй бараантай, хоолтой хоолгүй гэж бодох тэнхэлгүй шахуу амьдарч иржээ. Тэдэнд ээж, аавынхаа халуун элгэнд тэвэрүүлж, эрхэлж наадахаас илүүтэй хамгаас их хүсдэг нэг л чин хүсэл байдаг гэсэн. Энэ бол “Аав аа, ээж ээ битгий архи уугаач”. “Намайг битгий зодооч. Би танд хайртай” гэж хэлэхийг, ингэж хэлээд тэврүүлэх хүсэл.
Энэ бол долоохон настай бяцхан охины хүсэл.
Түүний бусад найзууд ч гэсэн яг ийм хүсэл мөрөөдөлтэй. Тэд хоорондоо энэ хүсэл, мөрөөдлөө ярилцахдаа бүгдээрээ уйлдаг гэсэн. Зарим нь зодуурын улмаас үүссэн бие болоод сэтгэлийн шархаа ярихдаа хүртэл айж имээн уйлдаг юм билээ.
Сэтгэл эмтрэм, биедээ багтамгүй хүнд ачаа үүрч яваа ийм хүүхдүүд маш олон бий. Тиймээс энэ удаагийнхаа сурвалжлагыг хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байруудаас хийсэн юм.
НЭГ ШӨНИЙН ДОТОР 500 ХҮҮХЭД ТУСЛАМЖ ЭРДЭГ
Бидний мэдэхээр хүүхдийн 108 утас буюу Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр. Энд ирсэн хүүхүүдийг “Муу бүхнээс холуур байг” хэмээн билэгшээн бор халзан туулайгаар домнож, нойрсуулдаг юм байна. Ирсэн хүүхдүүдийн олонх нь бүтэн өдрөөр зарим нь бүр хоёр хоногоор гүн нойрсож, чилээ юугаа гаргаж авдаг гэнэ. Магад сэтгэл, зүрх нь айдсаар дүүрсэн тэд хэн нэгнээр хамгаалуулж байгаагаа мэдсэн болохоор л сэтгэл амар унтдаг байж мэдэх.
Уг байр нь 2014 оны гуравдугаар сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээллийн 98 орчим хувь нь энд бүртгэгддэг байна. Бүртгэгдсэн дуудлага мэдээллээс дурдвал, 2017 онд 324, 2018 онд 995 хүүхдэд үйлчилгээ үзүүлжээ. Ихэвчлэн бие махбодийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ирэх бөгөөд өнгөрсөн оны байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн 34 хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
Энэ талаар тус газрын нийгмийн ажилтан Т.Мөнхсайхан “Хүүхдийн 108 утас үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш 740 орчим мянган дуудлага хүлээн авсан. Мөн хүүхэд хамгааллын дуудлагыг авахаас гадна тэдэнд зөвлөгөө өгдөг. Хүүхдүүд ихэвчлэн “Гэр бүл, найз нөхөд, багштайгаа үл ойлголцлоо. Хэрхэх вэ” гэж зөвлөгөө авдаг. Өдөрт 450-500 дуудлага, мэдээлэл ирдэг. Энэ нь Хүүхэд хамгааллын хууль батлагдсантай холбоотой. Хүүхдүүд ихэвчлэн хүчирхийлэлд өртсөнийхөө дараа манайд ханддаг. Сүүлийн жилүүдэд 108 дугаарт хандах дуудлагын тоо эрс өссөн. Тэдний олонх нь 12-17 насныхан. Тэр дундаа архины хамааралтай айлын хүүхэд хүчирхийлэлд өртөх нь их тул энэ төрлийн дуудлага давамгайлдаг” гэв.
Хүүхдийн тусламжийн 108 утсанд мэргэжлийн сэтгэлзүйч ажилладаг тул тухайн хүүхдийн сэтгэлзүйн байдлыг тодорхойлж, нөхцөл байдлаас хамаарч арга техник, тэмдэг тэмдэглэгээ ашиглан нууц хэллэгээр үйлчилгээ үзүүлдэг байна.
Энэ талаар тус төвийн оператор Т.Пүрэвжаргал “Хүүхдүүдээс чимээгүй дуудлага их ирдэг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн мэдээлэл дамжуулалгүй, уйлж байгаад таслах тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд тухайн орчны чимээг сайн сонсож, операторын зүгээс мэдрэмжтэй байх шаардлагатай” гэсэн юм.
ТОГЛОЖ ЗАЛГАХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙДАГ
Хүүхдийн тусламжийн 108 утас маш ачаалалтай ажилладаг байна. Нөхцөл байдалтай танилцах үед ч тасралтгүй дуудлага ирсээр байлаа. Өөрт тохиолдсон асуудлаа нэг нэгэнгүй тоочиж, сэтгэлээ уудлан зөвлөгөө авах нэгэн байхад хүүхдээ хамгаалуулахаар зарим эцэг, эхчүүд залгаж байв. Түүнчлэн зарим нэгэн тохиолдолд утсаар тоглосон хүүхэд ч байх аж. Энд ажилладаг операторууд маш ачаалалтай завгүй ажилладаг тул тоглож залгасан дэггүй хүүхдүүдийг бүртгэлд оруулж, тухайн харилцах утас руу байн байн залгаж, цаг заваа үрэх нь тиймхэн санагдав.
Ингээд тус утасны дэргэдэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байртай танилцлаа. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр 16 ажилтантай бөгөөд тусламж авахаар ирсэн хүүхдүүдэд яаралтай үзлэг, оношилгоо хийдэг аж. Хамгаалах байранд ирсэн хүүхдүүдийн 70 орчим хувь нь боловсролын хувьд хоцрогдсон байдаг аж. Тиймээс “Насан туршийн боловсролын сан”-тай хамтарч ажилладаг байна. Тус сангаас багш нар ирж долоо хоногт гурван өдөр хүүхдүүдэд хичээл заадаг. Хичээл заах тусгай өрөөг хүртэл бэлдэж, ингэж тохижуулжээ.
Тус төвийн Зохицуулагч Г.Шүрэнцэцэг “Хүүхдийн тусламжийн утсанд хамгаалах байр зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд хүүхдэд сэтгэл зүй, аюулгүй байдал, хөгжил, нийгэм, асран хамгаалах, холбон зуучлах зэрэг цогц үйлчилгээ үзүүлдэг. Энд ирдэг хүүхдийн 80 орчим хувь нь хамтарсан багийн шийдвэрээр ар гэртээ эргэн нэгтгэгддэг бол 15-16 орчим хувь нь халамж, асрамжийн үйлчилгээ рүү холбон зуучлагддаг. Манай төвд 17 хоногтой нярай хүртэл ирж байсан” гэсэн юм. Түр хамгаалах байр нь журмаараа бол 24-128 цагийн үйлчилгээ үзүүлэхээр заагдсан байдаг ч хүүхдийн асуудал хурдан хугацаанд шийдэгдэх боломжгүй тул 1-2 хүртэлх сарын хугацаанд байрладаг байна. Биднийг очиход аав, ээжийн хатуу ширүүн гараас зугтсан, хүчирхийлэлд өртсөн, эрсдэлтэй бүлэгт хамаарах гэр бүлээс авчирсан гурван нярай энд “орогнож” байгааг хараад сэтгэл эрхгүй шимшэрсэн юм.
БАГА НАСАНЫ 12 ХӨВГҮҮНИЙГ ХҮЧИРХИЙЛСЭН ХЭРЭГ ГАРЧЭЭ
Судалгаагаар биеэ үнэлж байгаа охид, бүсгүйчүүдийн 80 орчим хувь нь бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байжээ. Өөрөөр хэлбэл, бага наснаасаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зан байдалд өөрчлөлт ордог байна. Тиймээс нөхөн сэргээх урт хугацааны үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн өнгөрсөн 2018 онд Гэр бүл, хүүхэд хөгжлийн залуучуудын газраас тендер зарлахад “Үжин” төв шалгарчээ.
Тус төвд ихэвчлэн ураг төрлийн хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид хамгаалуулахаар ирдэг байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сэтгэл заслын үйлчилгээг хамтад нь үзүүлдэг бөгөөд энэ нь их үр дүнтэй байгаа аж. Тэгвэл дэлхийн бусад улсад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нэг, нэгээр нь сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг байна.
Тиймдээ ч зөвхөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалдаг бөгөөд сүүлийн жилүүдэд хөвгүүдийг хүчирхийлэх гэмт хэрэг цөөнгүй гарах болжээ. Энэ утгаараа хөвгүүдийг хамгаалах байр чухал байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн онд бага насны хөвгүүдийг хүчирхийлсэн 12 тохиолдол гарчээ. “Үжин” төвийн зохицуулагч С.Буянхишиг “Манай хүүхэд хамгааллын төв 2-13 насны 10 хүүхэд хүлээн авах боломжтой. Одоогоор 7-17 насны долоон хүүхэд байрлаж байна. Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 16 хүүхэд хүлээн авсан. Үүнээс есөн хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэж ажиллалаа. Бид гурван нийгмийн ажилтантай. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч сэтгэл зүйч ажиллуулдаг. Хүчирхийлэлд өртсөн охидын асуудал ихэвчлэн ураг төрлийн хүрээнд үйлдэгдэж байгаа тул урт хугацаагаар буюу 365 хоног хамгаалах байранд байлгаж, хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Энд тусгаарлах шаардлагатай хүүхдүүдийг орон нутаг, дүүрэг харгалзахгүй авдаг. Сэтгэлзүй, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамж, хууль эрх зүй зэрэг 12 төрлийн цогц үйлчилгээ үзүүлдэг” гэж тайлбарлаж байлаа. Түүнчлэн ураг төрлийн орчинд хүчирхийлэлд өртсөн охидыг гэр бүлд нь эргэн нэгтгэх асуудлыг шүүх шийдвэрлэдэг бөгөөд зарим тохиолдолд асрамжийн газарт зуулчилдаг гэсэн юм.
Нийгмийн төлөө ийм хариуцлагатай ажил хийж буй тэдэнд нэг бэрхшээл бий. Энэ бол охидыг хамгаалахаар байрласан байр нь түрээсийнх аж.
Түрээсээ төлж чадахаа байсан учир тун удахгүй бууриа сэлгэхээс өөр замгүй болжээ. Тэдэнд зөвхөн байр гэлтгүй хүүхдийг зөөх унаа, мөн ажилтны тогтвор суурьшлын асуудал тулгамдах болсон байна.
Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас тодруулсан юм.
А.ЭНХБААТАР: АЖИЛЧИД 24 ЦАГААР АЖИЛЛАДАГ ХЭРНЭЭ
450 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ
-"Үжин" төв байгуулагдсанаараа хүүхдүүдэд ямар боломж нээгдсэн бэ. Мөн үүнтэй адил төв байгуулахад төр засгийн зүгээс ямар дэмжлэг шаардлагатай байна вэ?
-"Үжин" төв өнгөрсөн жилээс хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ялангуяа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдэд нөхөн сэргээх чиглэлийн үйлчилгээг төр анх удаа төсөв гарган хийж байна. Үүнээс өмнө энэ чиглэлийн үйл ажиллагааг төрийн бус байгууллагууд нуруун дээрээ үүрч ирсэн. Нөгөөтэйгүүр, энэ үйлчилгээ бий болсноор зан байдлын төлөвт өөрчлөлт орсон хүүхдийн асуудал сайжирч, эерэг үр дүн гарч эхэлсэн. Мөн хэдий бага хүүхэд хүлээн авдаг ч энэ чиглэлийн үйл ажиллагаа нь чухал гэдэг нь харагдаж байна. 2017 онд 187 хүүхэд, 2018 онд 285 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон судалгаа гарсан.
Эдгээр хүүхдүүдэд бүгдэд нь энэ үйлчилгээг үзүүлмээр байвч эдийн засаг, хүрэлцээний хувьд боломжгүй байна.
Мөн хохирогч хүүхдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны процессын явцад хамгаалж, хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх шаардлагатай байна. Учир нь ураг төрлийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэргийг шийдвэрлэх үед хүүхэд дахин сэтгэл санааны хүчирхийлэлд ордог. Үүнээс үүдэн анхны өгсөн мэдүүлгээсээ буцдаг асуудал гардаг. Тиймээс хүүхэдтэй ажиллаж сурсан мэргэжлийн өмгөөлөгч ажиллуулж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт орон нутагт ийм хэрэг гарсан юм. Тухайн үед хүүхэд түр хамгаалах байранд байсан ч ээж нь хэд хэдэн удаа уулзсаны дараа анхны мэдүүлгээсээ буцсан. Уг асуудалд бид хамтарч ажилладаг өмгөөлөгчдөө орон нутаг руу явуулан шүүх хуралд оролцуулсан. Үүний үр дүнд гэм буруутай этгээдийг тухайн хүүхдээр дахин баталгаажуулж, хэргийг шийдвэрлүүлсэн.
-Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудал Монголд 2018 оноос өмнө хоосон орон зай мэт байлаа. Харин хүчирхийлэлд өртсөн тухайн хүүхдэд сэтгэл заслын болон бусад тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх нь ямар эрсдэл бий болгох вэ?
-Удаан хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд сэтгэл зүйн хувьд эмгэгтэй болдог. Өмнө нь гэм бурууг үйлдсэн этгээдэд ял оногдуулаад л тухайн хэргийг хаадаг байсан. Харин хүүхдийн зан байдлыг засах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэх нь олон талын чухал ач холбогдолтой гэдгийг бидний хэрэгжүүлж байгаа ажил болон судалгаа харуулж байна.
-“Үжин” төвийн байр түрээсийнх юм байна. Дээр нь ажилчид нь тогтдоггүй гэж ярьсан. Эдгээр асуудлыг ямар бодлогоор, хэрхэн зохицуулах ёстой юм бэ. Мөн бүс нутагт энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байр бий болгоно гэж ярьж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг ажилчид 24 цагаар ажилладаг ч сард 450 мянган төгрөгийн цалин авдаг. Ажлын ачаалал, цалин хөлс, стресс зэрэг шатгаанаас үүдэн ажлын байраа орхиход хүргэж байна. Хэд хоногийн өмнө энэ төрлийн үйлчилгээ явуулдаг нийгмийн ажилтнуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болсон. Энэ хүрээнд цаашид энд ажиллагсдын нийгмийн халамжийн бодлогыг хууль, эрх зүйн нөхцөл боломжид нь тохируулан шийдвэрлэх тухай яригдсан юм.
ОНГОН ХАЛЬСАА НӨХҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ДӨРВӨН ОХИН БИЙ
Биднийг очих үед “Үжин” төвд хамгаалуулж байгаа охид зураг зурж байлаа. Тэд бусад хүүхдийн зурдагчлан өвс, цэцэг, мод, уулс, гэр бүл, үлгэрийн баатар зэргийг дүрсэлсэн байв. Тэдний ертөнц бусад хүүхдүүдийн л адил гэгээлэг ажэ. Охидын нэг нь өнгө өнгийн алаг цэцэгс түүн дээр эрвээхий сууж байгаагаар зуржээ. Магад өөрийн дуртай амьтнаа зурахаас гадна түүн шиг эрх дураараа дүүлэн нисэхийг хүсэж буй гэлтэй.
Зарим охидын нүүрэн дээр шарх сорви байгаа харагдана. Уг нь амьтан хүртэл үрээ бусдаас харамлаж, хайрлаж өсгөдөг байлтай. Ялангуяа монголчууд охин хүүхдэд гар хүрэхээс цэрвэдэг. Гэвч тийм ухамсар биднээс бага багаар алсарч байгааг зарим охидын нүүрэн дээр байгаа шарх гэрчилнэ.
Ингээд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар ямар ажил хэрэгжүүлж байгааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаас зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “Ирэх оноос эхлэн Олон улсын валютын сангаас төсөвт байгууллага байгуулахыг хориглосон. Энэ хүрээнд хүүхдийн хамгаалах 108 утас бие дааж үйл ажиллагаа явуулах ажил үндсэндээ зогсох юм. Гэхдээ Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас дотоод нөөц бололцоогоо ашиглан энэ үйл ажиллагааг цаашид хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хохирогч хүүхдүүдийг хамгаалах шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай. Хохирогч хүүхдүүдийг долоо хоног эмчлээд л гаргадаггүй. Тиймээс бид “Үжин” төвтэй хамтран ажилладаг. Тус төвд байгаа хүчирхийлэлд өртсөн охидуудтай зургаан сарын турш ажилласан. Хамгийн гол нь хүүхэд нөхөн сэргээх, даван туулах үйлчилгээ зэрэг 12 үйлчилгээний дараа бий бүтэн боллоо гэх мэдрэмж чухал байна. Энэ хүрээнд дөрвөн охинд онгон хальс оёулах судалгаа хийсэн. Гэхдээ шүүхийн шийдвэр эцэслэх хүртэл энэ төрлийн үйлчилгээг хийж болдоггүй юм билээ. Цаашлаад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн нөхөн сэргээх төв зайлшгүй шаардлагатай нь харагдсан.
Мөн цаашид хохирогчид үйлчилгээ үзүүлэх цогц үйлчилгээг бий болгон хүүхдийг хохирсны дараа бус өмнө урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллана. Тиймээс “Би нар” төслийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, амьдралынхаа эзэн, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрнэ шүү гэдэг агуулга бүхий киног ирэх сарын 1-ээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргана. Мөн Хүүхдийн ордон, хүүхэлдэйн театртай хамтарч ажиллаж байна.
Учир нь хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд шинжилгээ хийж үзэхэд хүчирхийлэгчид гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө хэд хэдэн оролдлогыг хийсэн байдаг юм байна.
Тухайлбал, тэвэрсэн, үнссэн, барьсан зэрэг оролдлогуудыг эхлээд хийж байгаад хүчирхийлэл үйлддэг аж. Тиймээс хүүхдүүддээ хүрэхүйн тухай ойлголт буюу "Чиний биед хэн хүрч болох, болохгүй вэ" гэдгийг бага наснаас нь эхлээд зааж өгөх ёстой гэдэг шийдвэрт хүрсэн” гэв.
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах орон байрыг нэмэгдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд ийн онцолж байна. Хамгийн гол нь төрсөн охиноо, дүүгээ, ураг саднаа хүчирхийлж, харгислаж бах таваа хангадаг чулуун зүрхтэнүүдтэй хуулийн дагуу дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна.
Үр хүүхдүүд минь, эх орны минь ирээдүй болсон бяцхан зүрхэнд айдас бүү хургаасай.
Б.Лхам
Сэтгэгдэл (8)