Хэдхэн сарын өмнө улс төрийн гал тогооныхон ЖДҮ, 60 тэрбумаар хуваагдаж, тэр хэрээрээ масс хамарсан "их дайн" өрнөсөн. Цагийн эрхэнд улстөрчид гар барин "сайндаж", харин ард түмэн шилний цаанаас чихэр долоогоод үлдсэн юм. Улстөрчдийн богино санах ойтойг харуулсан энэ үйл явдлын араас ШХАБ-д элсэх үү, эс элсэх үү гэдэг гэдэг яриа дахиад л өрнөж эхэллээ. Өөрөөр хэлбэл, ЖДҮ-гийн хэрэг мартагдаж, ШХАБ сөхөгдөв.
Тэгвэл улстөрчид болоод иргэдийн дундах ярианы сэдвээр тодроод буй ШХАБ гэж чухам юу юм бэ гэдгийг товчхон танилцуулъя.
Тэртээ 1996 онд ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикстан гэсэн таван орны тэргүүн Шанхай хотноо уулзаж, хилийн районуудад цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Ийн “Шанхайн тав” хэмээх улс төрийн нэгдэл анх үүссэн байна. Тус нэгдлийн гол зорилго нь хуучин Зөвлөлтийн орнууд болон Хятадын хилийн дагуу тогтвортой байдлыг хангахад чиглэгдэж байжээ. “Шанхайн тав”-ын хоёр дахь уулзалт 1997 онд болж, хил орчмын бүс нутаг дахь зэвсэгт хүчний тоог харилцан бууруулах тохиролцоонд хүрч, уг тохиролцоо нь Ази, Номхон далайн бүсэд цэргийн хурцадмал байдлыг намжаах анхны бодит алхам болжээ. Уг нэгдэлд Узбекстан нэмэгдсэнээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг бий болгох тунхагт гарын үсэг зурах эхлэл блсон байна. Ингээд 2000 онд “Шанхайн тав” улс төрийн нэгдэл Шанхайн чуулга болж өөрчлөгдсөн бол 2002 онд албан ёсны байгууллага болж, 2004 оноос НҮБ-д ажиглагчийн статустай болжээ.
Харин манай улс 2004 онд тус байгууллагын анхны ажиглагчийн статустай улс болсон бөгөөд өдийг хүртэл энэ статусаа хадгалсаар ирсэн юм. Тэгвэл Иран, Пакистан, Энэтхэг, Афганистан Улс дараагийн ажигчлагчаар элссэн бөгөөд эдгээр улсын зарим нь гишүүнчлэлээр элссэн. Угтаа газар нутгийн маргаантай орнуудыг үндсэн гишүүнээр элсүүлэхгүй хэмээн ШХАБ-ын дүрэмд туссан байдаг хэдий ч Энэтхэг, Пакистан хоёр гишүүнээр элссэн байдаг нь хачирхалтай.
ШХАБ-ын гол тоглогч нь ОХУ, БНХАУ хоёр. ОХУ-ын хувьд 2015 оноос олон улсын хориг арга хэмжээнд өртөж ганцаардсан учраас холбоотны эрэлд гарсан гэдэг. Энэ сонирхол нь ч ШХАБ-аас харагддаг гэж судлаачид үздэг юм байна. Цэрэг, улс төр, аюулгүй байдлын хувьд ШХАБ дотроо тэргүүлэгч орон. Харин эдийн засаг, санхүүгийн нөөцийн хувьд БНХАУ гол тоглогч гэж судлаачид үздэг. ШХАБ-ын албан ёсны хэл нь орос, хятад юм. Хэрвээ ШХАБ-д элсэх бол хятад, орос хэл дээр гэрээ байгуулах ёстой. Хэрвээ хэрэг маргаан дэгдэж, хэл зүйн зөрүүтэй ойлголтоос болж буруудсан асуудал үүсвэл хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал бий учир улс орнууд болгоомжтой ханддаг байна.
Ингээд ШХАБ-д элсэх нь зөв үү, эсвэл буруу юу гэдэгт улс төрийн нөлөө бүхий эрхмүүд 2018 он болон 2019 онд ямар байр суурь илэрхийлж байсныг тоймлон хүргэе.
УЛСТӨРЧИД БОЛОН СУДЛААЧИД 2018 ОНД ЯМАР БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛСЭН БЭ?
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: НАТО-гийн эсрэг зогсох зорилготой цэрэг, улс төрийн байгууллага
“Аливаа улс орон үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийнхаа асуудлаар тэр дундаа гадаад бодлогын асуудал дээрээ нэгдмэл нэг бодлоготой, нэг цонхны бодлогоор хандах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл гадаад бодлогынхоо хүрээнд Засгийн Газар, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч нэг цонхны бодлогоор нэг үг дуутай, нэг бодлоготой, нэг амаар дуугардаг ёстой. Яагаад гэвэл, гадаад бодлого нь тухайн улс орны эдийн засаг, аюулгүй байдал, бүрэн эрхт байдалтай шууд хамааралтай асуудал учраас хариуцлагатай хандах учиртай. Аль нэг институцийн бодлого гэж байх ёсгүй. Монгол Улсын нэгдмэл бодлого энд үйлчлэх ёстой. ШХАБ-ийн хувьд Монгол Улс ажиглагчийн статустайгаар 14 жил болж байна. ШХАБ дахь манай улсын оролцоо цаашид ямар байх вэ гэдгийг өмнө нь “Монгол Улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно” гэсэн ганцхан өгүүлбэрээр тодорхойлж ирсэн. Зарчмын хувьд ШХАБ-д элсэх нь Монгол Улсынн гадаад бодлоготой нийцэхгүй. ШХАБ нь НАТО-гийн эсрэг зогсох зорилготой байгуулагдаж байсан цэрэг, улс төрийн байгууллага. Хэрэв гишүүнээр орох эсэх асуудлаар шийдвэр гаргах гэж байгаа бол ямар давуу, сул талуудтай, яагаад Монгол Улс одоог болтол ажиглагчаар оролцож, анхааралтай ажиглаж ирсэн гэдгийг нухацтай үнэлж цэгнэж байж шийдэх асуудал”
УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Болгоомжтой хандах ёстой
“Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсан цагаас эхлэн Монгол Улс ажиглагчийн байр суурьнаас хандаж ирсэн. Хөрш орнуудын зүгээс Монголыг ажиглагч биш жинхэнэ гишүүнээр элсээч гэсэн санал тавьсан гэдэг мэдээлэл ч байдаг. Монгол Улс ажиглагчаар байх, эсвэл гишүүнээр байх нь ямар ач холбогдол, хор хөнөөлтэй вэ гэдэг асуудал нь тодорхой биш байна. ШХАБ бол төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, хөрөнгө, санхүүжилт олгодог байгууллага биш. Энэ бол Зүүн хойд азийн бүс нутгийн улс төрийн чиглэлээр бодлого зангиддаг улс төрийн нэгдэл гэж би ойлгодог. Энэ байгууллагын гол тулгуур нь БНХАУ, ОХУ, Энэтхэг Улс. Монгол Улс бол төвийг сахисан, гуравдагч хөршийн бодлого явуулдаг улс. Ийм нөхцөлд ШХАБ-д хандах байр сууринд болгоомжтой хандах ёстой. ШХАБ-ын хурлуудад сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиглагчийн байр сууринаас оролцож байгаа гэж тодорхойлдог. Энэ хэвээр явахад нэг их буруудахгүй болов уу гэж бодож байна. Сүүлийн өдрүүдэд энэ байгууллагад элсэх нь зөв, буруу гэсэн хэлэлцүүлэг олон нийтийн дунд их явж байна. ҮАБЗ юу гэж үзэж байгаа, энэ байгууллагад элсвэл гуравдагч хөрш, томоохон зээл тусламж үзүүлдэг гуравдагч орнууд ямар байдлаар хандах зэрэг олон асуудал байна. Тиймээс маш болгоомжтой хандахгүй бол Монгол Улсын олон улсын тавцан дах байр сууринд нэлээд өөрчлөлт орох болов уу гэж харж байна. Бид мөнхийн хоёр хөрштэй. Энэ хоёр хөрштэй XX зуунд энэ нэг талтай бодлого буюу социалист бодлогын хүрээнд бодлогоо явуулж ирсэн. 1990 оноос хойш ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай, бүс нутгийн маргаангүй байгаа. Монголчууд ардчилсан хувьсгалаар олж авсан нэг том ололт бол гуравдагч хөршийн бодлого, дэлхий нийтэд Монгол Улс нээлттэй, бүх улс орнуудтай эв найрамдалтай хамтын ажиллагаанууд янз бүрийн түвшинд үргэлжилж байна. Хэрэв ШХАБ-д элслээ гэж бодоход хоёр том хөрш маань улс төрийн болон геополитикийн хувьд маргаан үүсвэл бид аль нэг талыг нь дэмжихээс өөр гарцгүй нөхцөл үүсвэл яах вэ. Бид хэнийг нь дэмжих вэ. Жинхэнэ гишүүн болж, саналын эрхтэй болчихсон тохиолдолд тодорхой асуудлуудаар санал хураавал бид хэний талд санал өгөх, өгөөгүй тал нь яах вэ гэсэн болгоомжлол байна. Би бол гадаад харилцааны чиглэлийн, судлаач хүн биш. Зүгээр Монгол хүний хар ухаанаар бодоход л ийм байна.
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Яагаад ШХАБ-д элсч болохгүй гэж
“Би бол яагаад ШХАБ-д элсч болохгүй гэж гэсэн байр суурьтай байдаг хүн. Элсэхэд хүндрэлтэй зүйл байхгүй гэж бодож байна. Харин ч эдийн засгийн хамтын ажиллагааны интеграцид идэвхтэй оролцох тал дээр бидэнд олон давуу тал гарч ирэх боломжтой. Би улс төр талаас нь бус эдийн засаг талаас нь л харж байна”
УИХ-ын гишүүн, ГХЯ-ын сайд Д.Цогтбаатар: Мэргэжлийн түвшинд нарийвчилсан судалгаа хийж байна
“ШХАБ-д Энэтхэг, Пакистан Улс нэгдэж, 2015 онд ШХАБ өөрийн стратегийн баримт бичгийг боловсруулснаас хойш энэ байгууллагын талаар нөхцөл байдал олон улсын төвшинд өөр болж байна. Тиймээс Гадаад харилцааны яам мэргэжлийн төвшинд нарийвчилсан судалгаа хийж байна. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Хятадын талтай ШХАБ-ын асуудалд илүү нээлттэй хамтарч ажиллах тал дээр ажиллаж байна гэдэг өнцгөөс хандаж, ярилцсан. Уг байгууллагад Энэтхэг, Пакистан хоёр нэгдэж орсны дараа бид өөр өнцгөөс асуудалд хандаж, судалгаагаа хийж байгаа. Ингэхгүйгээр байдал өөрчлөгдчихөөд байхад бид хуучнаараа байж болохгүй. Дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ”
УИХ-ын гишүүн, ГХЯ-ны сайд асан Ц.Мөнх-Оргил: Элсэх шаардлагагүй
“Шанхайн хамтын ажиллагааны байгуулага жинхэнэ утгаараа цэргийн байгууллага биш. Гэхдээ энэ байгууллагын үүссэн, хөгжсөн түүх, одоо байгаа байдал, цаашаа ямар чиглэлээр хөгжих вэ гэдгийг нь хараад байхад нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн блок болох өндөр магадлал байна гэж үзэж байгаа. Ер нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх үү, үгүй юү гэдгийг олон талаас нь харж судлах ёстой. Зөвхөн өнөөдрийн дотоод, гадаад улс төрийн байдлаар бус урт хугацаандаа их гүрнүүдийн харилцаа хаашаа, хэрхэн хөгжих, ерөнхий хандлага хаашаа байна, энэ хандлага дотор Монгол Улс ямар байр суурьтай байх вэ, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэх вэ гэдийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна. Өмнөх Засгийн газар ч тийм байр суурьтай байсан. Яагаад гэвэл Монгол Улс ажиглагч байхдаа энэ байгууллагаас хангалттай мэдээлэл авч байсан. Тэгэхээр бүрэн эрхт гишүүнээр элсэх, ажиглагч байхын ялгаа нь манай улсад ялгаагүй. Харин гадна талдаа Монгол Улс хоёр том хөршийн нөлөөнд бүрэн автаж байна гэдэг зураглал харагдана. Энэ байгууллага хаашаа хөгжих гээд байгааг сайтар харах ёстой. Өнөөдөр бодит амьдрал дээр хүйтэн дайн эхэлчихлээ. Энэ хүйтэн дайн дахиад хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна. Дайн сонгодог утгаар өрнөөд явах юм бол манайх шиг жижиг орнуудад асар их нөлөөтэй. Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн. Тусгаар тогтнол гэдэг бол зүгээр нэг НҮБ-ын гишүүн байхаас илүү бодит байдал дээр бие даасан бодлого явуулж чадах уу гэдэг асуудал байдаг. Монгол Улс 1990 оноос хойш гурав дахь хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гурав дахь хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй”.
УИХ-ын гишүүн Л.Болд: Нухацтай ярилцаж байж шийдвэр гаргах хэрэгтэй
“ШХАБ-д элсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн дагуу УИХ хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргах цаг нь бол болсон. Ойрын үед энэ асуудлаар тодорхой санаачилгуудыг Засгийн газар эсвэл Ерөнхийлөгч зэрэг эрх бүхий байгууллагаас гаргана. Гэхдээ Монголын төр ШХАБ-д элсэх эсэхээ бүх талаас нь ёстой хэрэгтэй бол хаалттай хэлэлцээд төрийнхөө бүх бодлоготой маш сайн уялдуулж, нухацтай ярилцаж эцсийн шийдвэрээ гаргах ёстой”
Нийтлэлч Б.Баабар: Элсэх дээрээ тулбал татвар төлөхөөс аргагүй болно
“Яг одоо ШХАБ-д интеграцын бүтээн байгуулалт, бүс нутгийн дэд бүтцийн томхон төслүүд яригдаагүй, худалдаа-хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ямар нэг төсөл хөтөлбөр, хамтарсан ажиллагааны ганц ч эхлэл алга байгаа болохоор ШХАБ руу Монголыг түлхэх, уриалах, элсэж орохоос өөр аргагүй болсон мэт сурталдах нь тун оновчгүй алхам юм. Дотооддоо шийдчихэж болох, өөрсдөө хөдөлмөрлөөд ядуурлаасаа гарчихаж болох бэрхшээлээ ШХАБ-д нялзааж, түүнд найдлага тавих, асар их тусламжийн мөнгө, хүүгүй зээл ШХАБ-аас орж ирэх мэтээр хий горьдох нь өөрөө өөрийгөө хуурахаас хэтрэхгүй. Бээжинд ШХАБ-ын төв штаб, Шанхайд ШХАБ судлалын хүрээлэн байнга байрлаж байгаагаас гадна ШХАБ-ын хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай яригдаж байна. Ийм газруудад Монголын орон тоо гарч тэнд очиж ажиллана гэсэн сэдлээр асуудалд хандаж байгаа бол энэ нь бүр ч гэмтэй. ШХАБ бол олон улсын байгууллага. Иймээс улс хоорондын бусад байгууллагын нэгэн адил төсөв нь гишүүн орнуудынхаа төлдөг татвараас бүрддэг. Мэдээж төсвийн ихэнхийг Хятад, Орос хоёр бүрдүүлдэг авч Монгол ч мөн элсэх дээрээ тулбал татвар төлөхөөс аргагүй болно. Энэ нь жилийн тэрбум төгрөгөөс наашгүй гэсэн тооцоо бий. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар гэрээ хийсэн хүмүүсээ барьж аваад шоронд хийчихдэг манайх шиг оронд шийдвэр гаргасан хүмүүсийг авилга хээл хахуулиас өгсүүлээд урвагчаар нь олон жил гүтгэн доромжлох байх. Эцэст нь гишүүнээр элсэж үүрэг хүлээж байснаас ажиглагчийн статустайгаар, түүнийгээ “идэвхтэй” гэсэн тодотголтойгоор цэргийн бус бүхий л ажиллагаанд нь идэвхтэй оролцоод явахад харин ч илүү нэр хүндтэй баймаарсан”
Нийтлэлч, дипломатич Г.Баярхүү: Үл ойлголцолд хүргэх нь маргаангүй
“Өрнөдийн эсрэг байр суурьтай ОХУ нь Афганистанд Америк, НАТО-гийн хүчин байрлаж байгааг таашаадаггүй. Гэтэл ШХАБ-ын ажиглагч Монгол Улс тэнд нь оролцсоор ирсэн нь хэрэв ШХАБ-д Монгол жинхэлбэл үл ойлголцолд хүргэх нь маргаангүй. Монгол Улс хэрхэх вэ гэдэгт айхавтар хариулт хайгаад тархиа гашилгаад байх нь арай эртдэх мэт. ШХАБ нь ийнхүү бүс нутгийн улс төрийн байгууллага байгаа нөхцөлд Монгол Улс идэвхтэй ажиглагчаар оролцож байр сууриа илэрхийлж, ШХАБ-ын олон уулзалт хурлуудад идэвхтэй оролцоод явахад ямар ч саад байхгүй гэж үзэж байна”
Ахмад дипломатч, орчуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гомбосүрэн: Цаана нь ямар санааг бодох хэрэгтэй
“Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй. Энэ бодлого маань манай хувьд улс төрийн төдийгүй түүнээс ч өргөн утгаар ямар чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, бид тэр бодлогоо бүдгэрүүлж хэрхэвч болохгүй. Дахин хэлэхэд, болзошгүй “хуваагдмал” ертөнцөд бид хэний ч талд орох ёсгүй. Хоёр хөрш, гурав дахь хөршийнхөө бодлогын үзэл баримтлалаар явах ёстой.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Цолмон: Монголын эрх ашигт л нийцвэртэй
Терроризми хэт даврагчидтай хийх тэмцэл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний түншлэл ба соёлын салбарт хамтран ажиллахыг эрхэмлэн тунхагласан ШХАБ-аас хол хөндий байвал түүний тэргүүлэх чиглэл болсон тээврийн дэд бүтэц, эрчим хүч, телехолбоо, нефть, хийн салбар, хөдөө аж ахуй, усны нөөцийн ашиглалтын томоохон төслүүдээс Монгол хоцроход хүрч байна. ШХАБ бол эдийн засаг нийгмийн хөгжлийн хувьд ч, аюулгүй байдал, цэрэг-улс төрийн үүднээс ч Монголд хэрэгтэй байгууллага учраас түүнд нэн даруй элсэх нь үндэсний эрх ашигт нийцтэй байх болно. ШХАБ бол Азийн байгууллага, манай бүс нутгийн аляанс учраас “сайхан болохоор нь очъе” гэлгүй эхнээс нь гишүүнээр идэвхитэй, өөриймсөг оролцоод явах нь Монголын эрх ашигт л нийцвэртэй.
ТЭГВЭЛ 2019 ОНД УЛСТӨРЧИД ЯМАР БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛСЭН БЭ?
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Цаашид гадаад бодлогын тэнцвэрт нөлөөлнө
“Энэ асуудал бол яарч шийдвэрлэх асуудал биш. Үнэлэлт дүгнэлт өгч, нухацтай судалж үзэж байж авч үзэх ёстой. Монгол Улсын гадаад бодлого гэдэг бол хөрш орноосоо хамааралтай. ШХАБ-ын гишүүн гол хоёр улс нь манай хоёр хөрш улс. Эдгээр улсын гадаад бодлого дээр нийцдэггүй, зарчмын нэгдсэн байр суурьд хүрдэггүй асуудлууд олон бий. Гишүүн улс болсноор саналын байр суурьтай оролцдог болно. Энэ асуудал дээр Монгол Улс ямар байр суурьтай оролцох уу гэдэг эргэлзээ бий болно. Цаашид гадаад бодлогын тэнцвэрт нөлөөлнө” гэжээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: ШХАБ-д орох эсэх нь хоёр орны түншлэлтэй холбоотой чухал асуудал
ШХАБ-д орох эсэх нь хоёр орны түншлэлтэй холбоотой чухал асуудал. Арга хэлбэрийн хувьд ШХАБ-д заавал элсэхээс өөр гарцгүй байна уу эсвэл өөр арга байна уу гэдгийг судалж үзэх ёстой. Парламентийн гишүүдийн байр суурь өөр өөр байгаа тохиолдолд олон түвшинд хэлэлцүүлэг хийж олон талаас нь харж үзэх ёстой. Эцсийн бүлэгт ШХАБ-д элсэх эсэхийг парламент л шийдэх асуудал юм.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: Шанхайн ломбардад Монголыг тавьж болохгүй
Эхлээд гар барина. Гар бариад бугуй барина. Бугуй бариад тэвэрнэ. Тэр тэврэлтээс Монгол хэзээ ч гарч чадахгүй. Энэ бол Шанхайн ломбард. Боль оо, Х.Баттулга аа, Чи Шанхайн ломбардад Монголыг тавьж болохгүй. ШХАБ дээр Монгол Улс боломжоо тултал ашигласан. ШХАБ руу орно гэж гүйж байхаар гурван улсын хэлэлцээрээ л ашиглах хэрэгтэй.
УИХ-ын дарга асан Л.Дэмбэрэл: Бид элсэж болно. Гэхдээ...
ШХАБ-д бид элсэж болно. Гэхдээ ороод ажиллах манай чадвараас шалтгаална. Бид ШХАБ-д ороод дипломатын үйл ажиллагаагаа явуулж чадах уу. Түүнээс айж байгаа бол яая гэхэв. Хоёрдугаарт, улс төрийн үйл ажиллагаа ШХАБ-д явуулж чадах уу. Гуравдугаарт, бид эдийн засгийн шаардлагатай асуудлаа ярьж чадах уу, аюулгүй байдлын асуудал, бүс нутгийн болон ШХАБ гаргахад тэнд үйл ажиллагаа явуулж чадна ШХАБ-д Монголчууд орж чадах юм гэвэл орох хэрэгтэй. Тийм чадвар байхгүй гэж үзэж байгаа бол яая гэхэв. Ер нь бол Монголын язгуур эрх ашиг хоёр хөршөөс үлэмж шалтгаалж байгаа гэдгийг анхаарах ёстой. Тиймээс ШХАБ-аас хэтэрхий хөндий байх нь нэлээн дутагдалтай зүйл. Нөгөө талаар энэ хамтын ажиллагааны Азийн явж байгаа томоохон байгууллагуудаас бид хөндий суугаад байх нь манай эрх ашигт сайн биш. энд манайх ороод ашигтай, ашиггүй гээд янз бүрийн маргаан яваад байна. тэрэндээ гол нь биш. Азийн том байгууллагаас Монголчууд хөндий үлдээд байгаа нь юм юмнаас хойш суудаг, айдаг, эмээдэг болгоомжилдог тэрнээсээ болоод бүс нутагт эзлэх дотоодын байр суурь асуудлыг хөндий хаясан зүйл болно.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Анхааралтай ажиглаж, судлах ёстой
ШХАБ-аа ойлгож, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг зөв өнцгөөс харж тодорхойлох ёстой. ШХАБ өөрөө цэргийн эвсэл биш гэдэг нь хөгжлийн явцаас харагдаж байгаа. Сүүлд Энэтхэг, Пакистан орнууд элссэн. Энэ орнууд ШХАБ-ын гол бодлогыг тодорхойлж буй БНХАУ, ОХУ-тай хэзээ ч цэргийн эвсэлд орохооргүй улс. Тэгвэл бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага уу гэвэл үйл ажиллагаагаа явуулж байгаа өнөөгийн байдлыг харахаар тэгж хэлэх нь учир дутагдалтай юм. Шанхайн конвенц анх хилийн маргаантай асуудал, терроризм, арьс өнгөний үзэлтэй тэмцэх чиглэлээр байгуулагдсан. ШХАБ дараагийн 20 жил хаашаа явах вэ гэдгийг тодорхойлж харах хэрэгтэй. Шанхай гэдэг үг орсон гэдгээрээ хятадын эзэмшил, мэдэлд очих мэтээр харах нь өрөөсгөл. Өөрөөр хэлбэл, ШХАБ-д орохоор эдийн засгийн интеграцад нэгдэж, их хэмжээний мөнгө ороод ирэх юм шиг үзэл бодлоор хоёр тийшээ туйлширч болохгүй. Дэлхий нийт интеграгчлагдаж, янз бүрийн бүлэглэл, хамтын ажиллагааны байгууллагад нэгдэж нийлж байна. Тиймээс Монгол Улс төв Азид өрнөж байгаа, евро Азийн уулзвар дээр өрнөж байгаа энэ байгууллагыг анхааралтай ажиглаж судлах ёстой.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (2)