УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын гишүүд төрийн үйл хэргийг тасалдуулж, цалгардуулахгүй ажиллах үүрэгтэй хүмүүс. Гэтэл сүүлийн нэг сарын хугацаанд чуулган, зарим байнгын хороод хуралдсангүй. Үүнийг улс төр судлаачид болоод зарим иргэд бойкот зарласан гишүүдтэй холбон тайлбарлаж байна. Төрийн үйл хэргийг гацаасан хүмүүс хэн бэ гэдгийг та юу гэж харж байна вэ?
-УИХ-ын үйл ажиллагаа тасалдаад сар орчим болж байна. Нэлээн ярвигтай нөхцөл байдалд байгаа. Цаад уг шалтгааныг олон талаас тайлбарлах байх. Мэдээж УИХ-ын гишүүд, улс төр судлаачид, олон нийтийн зүгээс янз бүрээр тайлбарлах байх. Хэний зөв, хэний буруу гэдэг ч юм уу. Хувь гишүүний үүднээс миний байр суурь бол Монгол Улсад ардчилсан төр засгийн тогтолцоо үүсч, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 20 гаруй жил болж буй энэ цаг хугацаанд ийм хүнд нөхцөл байдалд орж байгаагүй гэж үзэж байна. Бид өнөөдөр эрх зүйт нийгэмд амьдарч байна. Бүх юм хуулийн хүрээнд явах ёстой. Хүн тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдардаг. Тиймээс хуулийн хүрээнд бүх зүйл шийдэгдэх ёстой. Хуульд тодорхой заасан асуудлаар хууль бус, хуульд заагаагүй, хууль зөрчих юм нэхэж шаардаж, хэрэгжүүлж болохгүй. Тиймээс зарим УИХ-ын гишүүдийн тавьсан шаардлага хуульд тодорхой заасан асуудлаар хууль зөрчсөн үйлдлийг хийлгэх гээд байна гэж би хувьдаа харсан. Би өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаарх байр сууриа илэрхийлсэн. Хэрвээ бид ямар нэг албан тушаалтныг хууль зөрсөн гэдгийг нь тогтоогоогүй байж ажил албан тушаалыг өөрчлөх, чөлөөлөх асуудал яривал цаашид хэнийг ч тэгдэг болно. Өөртөө таалагдахгүй байгаа хэнийг ч ингэдэг болно. Тийм замыг нээх вий гэхээс болгоомжилж байгаа. Ер нь УИХ-ын чуулганы үйл ажиллагаа хэн даргалж байгаагаас үл шалтгаалж явж байх ёстой. Хоёр ч дэд дарга байна. Цаашид хуримтлагдсан олон асуудлыг хэлэлцээд явах боломжтой. Тиймээс л хүсэхгүй байна гэж харж байгаа. Ерөөөсөө чуулганы хуралдааныг хуралдуулахыг хүсэхгүй байна. М.Энхболд гэдэг хүндээ биш. Ерөөсөө энэ чуулганы үйл ажиллагааг гацааж, чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй байхаар зохион байгуулж байна.
-Чуулганыг хуралдуулахгүй гацааж байгаа цаад шалтгаан нь юу юм бэ. Үүнийг ЖДҮ-ийг халхлах халхавч, шалтаг шалтгаан гэж зарим судлаачид үзэж байна. Энэ хэр ортой таамаглал юм бол. Прокурорын газраас УИХ-ын зарим гишүүдийг ЖДҮ-ээс зээл авч мөнгө угаасан гэсэн мэдээлэл бий. Үүнд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Тэд юу бодож чуулганы хуралдаанд суухгүй, хуралдааныг явуулахгүй гэж бойкот хийж байгааг би мэдэхгүй. Үүнийг өөрсдөөс нь асуух хэрэгтэй. 40 гишүүн гарын үсэг зурсан гэсэн. Би гарын гарын үсэг зураагүй болохоор тэр талын байр суурийг мэдэхгүй байна. Бидний харснаар нийгмийн шүүмжлэлд өртсөн ЖДҮХС-тай нэр бүхий Засгийн газрын гишүүд холбогдсон асуудал мартагдах гээд байна. Шинэ жилийн уур амьсгал орсон. Дээр нь улс төрийн нөхцөл байдал ороо бусгаа байгаа нь хачир болж байна. Нөгөөтэйгүүр, өнөөдөр засаглалын тогтолцооны хямрал гэж ярих юм уу даа. Үндсэн хуулийг өөрчлөхөөс өөр аргагүй боллоо. Засгийн газар УИХ-аас томилогддог гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага. Гэтэл Засгийн газар төрийн эрх барих дээд байгууллагынхаа дээр гарч үйл ажиллагааг гацааж, шахалж үзүүлж байна. Энэ нь засаглалын тогтолцооны хямралын нэг илрэл болсоны хэлбэр. Дээр нь нам төрийн дээр гарлаа гэдэг шүүмжлэл маш их байна. УИХ-тай холбоотой УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдсан тийм шийдвэрийг намын хурал дээр гаргах гэж санаархлаа. Хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийсэн ийм нэг хөл толгойгүй зүйл рүү орлоо л доо.
-УИХ-ын гишүүд жагсаал цуглаан зохион байгуулж байгааг та юу гэж харж байна. УИХ-ын гишүүн нь эв нэгдлийг хангаж ажиллах ёстой байтал иргэдээ эмх замбараагүй байдал руу турхирсан үйлдэл нь хэр зохистой үйлдэл юм бэ?
-УИХ-ын гишүүд олон нийтийг уриалж жагсаал цуглаан хийх эсэх нь эрхийн асуудал. Жагсаал цуглаан зохион байгуулж болно. УИХ-ын гишүүний байр суурийг олон нийтээр дэмжүүлэхийн тулд олон нийтийн дэмжлэг авч буй нэг хэлбэр. Уг нь УИХ-ын чуулганы танхим угтаа мэтгэлцээний танхим юм шүү дээ. Танхимд байр сууриа илэрхийлж, мэтгэлцээд олонхоороо шийдвэр гаргаад явдаг нь ардчилсан засаглалын гол амин чухал зүйл. Ингэж явах ёстой. Олон нийтэд хандаж, бужигнуулах нь заримдаа буруугаар эргэх эрсдэлтэй. 2008 оны долдугаар сарын 1-нийг санаж байгаа байх. Тэнд УИХ-ын гишүүний мандатыг авсан байсан зарим нэг улс төрчид олон нийтийг жагсаалд уриалсан. Энэ үеэр мандат авч чадаагүй байсан зарим нөхдүүд бухимдлаа илэрхийлсэн. Тэгээд үймээн самуунд олон нийтийг турхирч энэ байдал даамжирч, эрдэнэт хүний аминд хүрсэн гашуун сургамж бий. Тэгэхээр УИХ-ын гишүүд жагсаал цуглаан зохион байгуулахдаа сөрөг үр дагавар гарах вий гэдгээс сэргийлэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, уг нь бидэнд жагсаал цуглаан зохион байгуулахаас илүүтэй хийх ажил маш их байна. Хүлээгдсэн ажил их бий. Ерөнхийлөгчөөс агаарын бохирдлын асуудлаар нийтийн ерөнхий сонсгол хийе гэдэг санал 14 хоногийн өмнө УИХ-д ирсэн өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг хариуцсан байнгын хорооныхон хуралдсангүй. Би орж хүлээж байгаад гарсан. Нийтийн сонсгол хийе, агаарын бохирдол, утааны асуудлаар төр засгийн зүгээс юу хийж байна. Цаашид ямар арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна гэдэг юмнуудыг яримаар байна шүү дээ. Тэгэхэд байнгын хорооны гишүүд орж ирэхгүй ирцээ бүрдүүлэхгүй байна. Бид наана нь өвөл болж байна улам хүйтэрнэ өвөлжилт эд дундаа байна. Дээр нь бензин шатахууны үнэ, долларын ханшийн өсөлт, эдийн засгийн хүнд хүнд асуудал байна шүү дээ. Энэ бүх асуудлыг УИХ-аар хурдан хэлэлцмээр байна. Тухайлбал, манай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо УИХ-ын чуулган гацсан дөрвөн долоо хоногт тасралгүй үйл ажиллагаа явуулсан. Долоо хоног бүр хурлаа хийж асуудлаа хэлэлцлээ. Уржигдар болсон байнгын хорооны хурлаар утаа, агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсъё гэтэл сайд нар нь орж ирсэнгүй. Дэд сайдуудаа явуулсан байна лээ. Асуудалд ингэж хандаж болохгүй. Өнөөдөр бид асуудалд ингэж хандсан хэрнээ жагсч цуглаад явж байна. Нийгмийн асуудалд нийгмийн хариуцлага яриад байна. Яг жинхэнэ нийгмийн хариуцлага ярих, УИХ-ын гишүүн олон түмнээс сонгогдсон энэ гол статус, байр суурь, бодлогоо хэрэгжүүлэх юман дээр яагаад улстөржсөн өнгөнөөс яагаад хойрго хандаж байна гэдэгт өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. УИХ-ын гишүүд дүгнэлт хийх хэрэгтэй. Би хэлж байгаа шүү дээ. Хэрэв Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй яваад байх юм бол ийм УИХ байх хэрэг байна уу. Олон түмнээс уучлалт гуйгаад УИХ тарах тийшээ хандсан нь зөв байх.
-Утаанаас гадна УИХ-ын хуралдаанаар гурван сайдын асуудлыг хэлэлцэнэ. Сайдыг 30 хоногийн хугацаанд хэлэлцэж томилох ёстой. Гэтэл Ч.Улаан гишүүний томилгоог хэлэлцэх хугацаа өнгөрлөө. Ерөнхий сайдыг 45 хоногийн дотор томилох ёстой. Хэрэв заасан хугацаанд томилохгүй бол УИХ тарах нөхцөл бүрддэг хуулийн заалт бий. Хуульд заасан хугацаа өнгөрсөн юм чинь ямар гарц үлдсэн юм бол?
-ХХААХҮ-ийн сайдын асуудал өнгөрсөн байх. 30 хоног нь дууссан. Энэ асуудалд дахиж өөр хүн өргөн барих асуудал яригдах байх. Яагаад гэвэл өмнө нь оруулж ирсэн сайдаа томилоогүй. Сайдын асуудлыг чинь хэлэлцэж томилъё гэхээр өөрсдөө ирдэггүй. Зам тээврийн сайд, БСШУС-ын сайдын асуудал дээр мөн адил хугацаа яваад байна. Салбар нь эзэнгүй маягтай, сайд нар нь ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр ийм хариуцлагагүй асуудал УИХ-д оруулж ирчихээд тэрийг нь хэлэлцье гэхээр хэлэлцэхгүй байгааг огт ойлгомжгүй байна. Цаашид энд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал бий. Мэдээж гүйцэтгэх засаглал өөрсдөө хариуцлага хүлээнэ шүү дээ. Эндээс ямар нэгэн алдаа дутагдал гарвал гүйцэтгэх засаглалын асуудал. УИХ хэлэлцье гэсэн. 30 гаруй гишүүд байнга л чуулганд суугаад хүлээдэг. Үнэндаа асуудал их байна дөө. Сандал ширээний асуудлаас гадна сайдуудыг томилох, зарим элчин сайдуудыг эгүүлэн татахаас эхлээд олон асуудал бий. Улс орны эдийн засаг, олон түмний ахуй амьдрал, агаарын бохирдол болохоо байлаа шүү дээ. Ер нь энэ бүхний ард УИХ-ын зарим нэг гишүүдийн бойкотоос болж байгаа шүү дээ.
-Тодруулаач?
-УИХ-ын даргыг огцруулчихвал оронд нь орыг нь ахмад гишүүдээс залгах магадлалтай. Үүнийг би хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил хэлж байгаа. Яагаад гэвэл эрх мэдэл, албан тушаалын амтыг мэдэрсэн ахмад гишүүдээс сүүлийн үед дуугарсан хүн байна уу. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн эсэхийг нэг нягтлаарай. Нэг нь ч ил гарахгүй байгаа. Нэг нь ч хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөгүй. Яагаад гэвэл гэрэлд цохиулахаас эмээж байна.
-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдыг ямар шалтгаанаар огцруулсан юм бол?
-Б.Энхбаяр манай намын бага хурлын гишүүн. Намын бага хурал дээр УИХ-ын даргыг огцруулахтай холбоотой намын шийдвэр гаргах гэсэн юм. Тэгэхэд “УИХ-ын онцгой бүрэн эрхэд байдаг асуудлаар намаас тогтоол гаргаж болохгүй. Хэрвээ ингэвэл намын шийдвэр учраас хууль зөрчсөн шийдвэр болно. Шүүх дээр очихоор намын шийдвэр учраас нам хууль бус шийдвэр гаргасан байна гээд намыг татан буулгах асуудал хувирч магадгүй шүү. Намд нэлээн хохиролтой шийдвэр гарах гээд байна” гэж хэлсэн юм. Тэгээд намын бага хурлын шийдвэрийг Удирдах зөвлөлийнхөн эргэж хараад үг, үсгийг нь зөөллөж тогтоол шиг юм гаргасан. Үүнд нь дургүйцэж огцруулсан гэдэг яриа бий. Үндэслэл хэвлэлээр гарахгүй байгаа биз дээ. Зөвхөн чөлөөллөө гэж бий. Б.Энхбаяр дэд сайдыг би хууль зөрсөн гэж боддоггүй. Нэгдүгээрт намын гишүүний хувьд хоёрдугаарт, хуульч хүний хувьд хууль бус шийдвэр гаргахаас сэргийлж үг хэлсэн. Үүнээс болж ажлаа өглөө гэж харсан. Түүнээс биш Б.Энхбаяр дэд сайдтай ажил төрлийн холбоотой болохоос түүнийг өмөөрөөд сууж байх зэргийн дотно найз нөхөд биш.
-УИХ-ын даргынг солих гэж яагаад ингэж улайраад байгаа юм бол?
-УИХ-ын даргын эрх, үүргийг хуулиар тодорхой зааж өгсөн. 76 гишүүний нэг. Гишүүний адил эрхтэй. УИХ-ыг даргалах үүрэгтэй ийм л субект. Тэгэхдээ УИХ-ын дарга бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн гэж явдаг. Тийм агуулгаар Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүний статус, халдашгүй байдал, Монгол төрийн тогтвортой байдлын нэг үндэс болдог учраас хөдөлгөөнийг нь хуулиар маш хатуу хязгаарласан байдаг. Хэн дуртай нь хөдөлгөөд байж болдоггүй. М.Энхболд гэдэг хүндээ биш. Солигдоод өөрчлөгдөөд явдаг учир дараа нь өөр дарга гараад л ирнэ. Ингээд хууль зөрчөөгүй байхад өөрчилье гээд хэдэн нөхдүүд жагсаал цуглаан, акц хийж байгаад өөрчлөөд байдаг болчихвол төрийн эрх барих дээд байгууллагын тогтвортой халдашгүй тогтвортой гэдэг шинж чанар нь юу болох вэ. Байс хийгээд бужигнаад сандал ширээний тэмцэл болоод байвал яах вэ. УИХ-ын даргыг хууль зөрчөөгүй ч байсан огцруулчихдаг болбол дараа нь Ерөнхийлөгчийг ингэж огцруулъя гээд бужигнавал яах вэ. Ерөнхийлөгчийг бас л хуульд заасан хоёр гурван тохиолдлоор огцруулдаг. Нэг албан газрын ажилтнууд дарга таалагдахгүй байна гээд дарга нь хууль зөрчөөгүй байхад хэдэн хөдөлгөөнтэй нөхдүүд ажилчдаас гарын үсэг зуруулаад даргыгаа ажиллах нөхцөлгүй болговол ажил урагшлах уу. Хууль бус дураараа авирладаг улс төрийн ийм үйлдлийн хаалгыг нээх гээд байна.
-Таны хуьд улс төрийн энэ гацаанаас гарах шийдэл нь юу гэж харж байна вэ?
-Бүх хууль хуулиараа явна. Үндсэн хуулийн цэц дээр УИХ-ын даргын асуудлыг өгсөн гэсэн. Цэцээс дүгнэлт гараад Үндсэн хууль зөрсөн байна гэдэг нь тогтоогдвол огцорно. Одоо бойкотоос эхлээд бүх зүйл нь хууль зөрчсөн үйлдэл. Засгийн газар УИХ-ыг бойкотлоно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Аль ч парламенттай улс оронд ийм зүйл болж байсныг би мэдэхгүй юм байна. Тэгэхээр засаглалын тогтолцооны асуудлаас гадна давхар, дан дээлийн асуудлыг ярихаас өөр аргагүй. Хүчрэгдэхгүй Засгийн газар юм байна. Энд хэн хариуцлага хүлээх юм гэхээр хариуцах эзэнгүй болчихоод байна. УИХ-ын чуулганы хуралдаанд суугаагүй гэдгээр УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах тогтолцоо нь байхгүй болохоор гишүүд дураараа авирлаж байна. Мань мэт нь ирц бүрдүүлээд байнга таслахгүй суугаад байдаг. Хэн дуртай нь хаяад яваад байдаг. Хариуцлага байхгүй байна шүү дээ. Тэгэхээр түмэн олон сонгогч нар харж байгаа байх. Хэн нь зарчим яриад хуулийн хүрээнд хуулиа хэрэгжүүлэх ёстой гээд явж байна. Хэн нь хууль ямар хамаатай юм, таалагдахгүй байна. Ёсзүй гэдэг нэрээр халхавчилж улс төр хийж байна гэдгийг ялгаж салгаж харж байгаа гэдэгт найдаж байна даа.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (30)