Монголын ноос ноолуурын салбартаа тэргүүлэгч, үндэсний үйлдвэрлэгч "Говь", "Гоёо" брэндийн нэрийн дэлгүүр Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах "Галлериа Улаанбаатар" төвд 2018 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр албан ёсны нээлтээ хийлээ.
Уг брэндийн дэлгүүр нь нийт 2500 м2 талбайд үйл ажиллагаа явуулж байгаа учраас дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүрт тооцогдож байна гэж үндэсний үйлдвэрлэгчид онцолж байна. "Дэлхийд танигдсан Монгол брэнд", "Монгол ноолуураар дэлхийг гоёно" гэсэн уриатай монгол брэндүүд ийнхүү үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, үйлчилгээний стандарт болон тав тухтай, тухлаг орчныг бүрдүүлж өгснөөр гадаад болон дотоодын худалдан авагч, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэхэд илүү дөхөм, сэтгэл ханамжийн баталгаа болж байна.
Дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 50 хувийг дангаараа бүрдүүлж буй манай улс харьцангуй давуу талаа ашиглан, дотоодын үйлдвэрүүд хамтарсан брэндинг хийх болсон нь харилцан борлуулалтаараа өрсөлдөх замаар хөгжин, олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, экспортын хэмжээгээ өсгөх боломжтой гэж үзэж байна.
Говь ХК болон Гоёо ХХК нь хөгжлийн стратеги төлөвлөгөөнийхөө дагуу ойрын гурван жилдээ тус бүр 2000 тонн түүхий эд бэлтгэн, нийтдээ 2 сая тонн утас ээрэн, 7 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилттойгоо ажиллаж байна. Энэ нь Монгол Улсын ноолуурын түүхий эд бэлтгэлийн 50 хувь, дэлхийн 20 хувийг дангаараа бэлтгэсэн гэсэн үг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)