Үндэсний статистикийн хорооноос аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Ажиллах хүчний судалгааны 2018 оны 3 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.3 сая болж, 721.0 (54.2 хувь) мянга нь эрэгтэй, 610.3 (45.8 хувь) мянга нь эмэгтэйчүүд байна.
Эдийн засгийн идэвхгүй нийт хүн амын 282.2 (33.6%) мянга нь тэтгэврийнхэн болон өндөр настан, 217.3 (25.9 хувь) мянга нь суралцагчид, 111.5 (13.3 хувь) мянга нь хүүхэд асарсан, 80.5 (9.6 хувь) мянга нь гэрийн ажилтай, 70.0 (8.3 хувь) мянга нь хөгжлийн бэрхшээлтэй, 22.0 (2.6 хувь) мянга нь өвчтэй байсан бол 56.8 (6.7 хувь) мянга нь бусад шалтгааны улмаас эдийн засгийн идэвхгүй гэж гарчээ.
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 145.4 мянга буюу 15.6 хувиар төгрөгөөр өссөн үзүүлэлт гарчээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний 10 сард 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 212.0 тэрбум төгрөг буюу 12.5 хувиар, зарлага 1.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 205.4 тэрбум төгрөг буюу 13.4 хувиар тус тус өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 212.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 38.5 тэрбум төгрөг 13.6 хувь, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 0.6 тэрбум төгрөг буюу 1.6 хувиар буурчээ.
Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сард 64.1 мянган эх амаржиж, 64.5 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3295 (5.4 хувь)-аар, амьд төрсөн хүүхэд 3328 (5.4 хувь)-аар нэмэгдсэн байна. Энэ оны 10 дугаар сард 6519 эх амаржиж, 6554 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 286 (4.6 хувь)-аар, амьд төрсөн хүүхэд 270 (4.3 хувь)-аар нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сард 31.5 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4.9 мянга (18.3 хувь)-аар өсжээ. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд залилах гэмт хэрэг 2054 (87.9 хувь), хулгайн гэмт хэрэг 1139 (11.5 хувь), дээрмийн гэмт хэрэг 485 (54.2 хувь), хөрөнгө завших гэмт хэрэг 184 (64.8 хувь), хүчингийн гэмт хэрэг 146 (44.8%), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 835 (11.8 хувь)-аар өссөн нь голлон нөлөөлөв. Харин бүртгэгдсэн гэмт хэрэг 2018 оны 10 дугаар сард 4.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1091 (31.4 хувь), өмнөх сараас 774 (20.4 хувь)-өөр тус тус өссөн байна.
ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2018 оны эхний 9 сард урьдчилсан гүйцэтгэлээр 12.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.8 (6.4 хувь) их наяд төгрөгөөр өслөө. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 349.2 (7.0 хувь) тэрбум төгрөг (бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 88.5 (6.5 хувь) тэрбум төгрөг), бүтээгдэхүүний цэвэр татвар 305.5 (22.9 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Mөнгөний нийлүүлэлт 2018 оны 10 дугаар сарын эцэст 18.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 391.3 (2.2 хувь) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.8 (26.1 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна.
Монгол Улс 2018 оны эхний 10 сард 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.8 тэрбум америк доллар, үүнээс экспорт 5.9 тэрбум америк доллар, импорт 4.9 тэрбум америк долларт хүрлээ. Харин 2018 оны 10 дугаар сард экспорт 662.0 сая америк долларт, импорт 524.5 сая америк долларт хүрч, өмнөх оны мөн үеэс экспорт 56.0 (9.2 хувь) сая америк доллараар, импорт 140.4 (36.5 хувь) сая америк доллараар тус тус өссөн байна.
Худалдааны салбарын нийт борлуулалт 2018 оны эхний 9 сард 11.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.7 (16.6 хувь) их наяд төгрөгөөр өсчээ.
Б.Лхам