Хөх хотын нарлаг өдрүүд үргэлжилсээр. Энэ хот гурван сая хүн амтай ч цөөхөн Монгол угсаатантай.
Өвөрмонголчууд биднийг бодвол түүхээрээ бахархаж, түүхээ түшиглэсэн бүтээн байгуулалт хийж чаддаг аж.
Тэдгээрийн нэг нь уг том хотын нэгээхэн хэсэгт орших Монгол угсаатны сургууль юм.
Сургуулийн хашааг тусгай хамгаалалтаар хамгаалуулжээ. Хашааны хаалгаар ороход л Чингэс хааны том хөшөө харагдана.
Сургуулийн үүдээр ороход ханаар дүүрэн Монгол ахуйг илэрхийлсэн зураг, сийлбэр, хээ угалз угтав.
Ар Монголд төдийлөн харагдаад байдаггүй зүйл учир сонирхол татах нь мэдээж.
Өвөр Монгол даяар ахлах сургууль төгстөл нь бүх хичээлийг монгол хэлээр заадаг бөгөөд дээд сургуульд орсныхоо дараа хятад хэлийг судалж, сурдаг байна. Цэцэрлэг, сургуулийн аль аль нь үүднээсээ эхлээд анги танхим, хичээлийн хэрэглэл дээрээ монгол хэв шинжийг хадгалж, үүгээр дамжуулж багаасаа монгол аж амьдрал, түүх, бичиг үсэг, өв соёлоо танин мэдэх боломжийг олгохыг чухалчилсаар ирсэн байна.
Гэвч хошуу, нутгаасаа хот суурин газар ирэхэд Хятад хэл сурах зайлшгүй шаардлага байдаг гэж зарим багш учирласан юм.
Тус сургуульд Ар Монгол хүүхдүүд суралцдаг бөгөөд сургууль дотор нь амьдрах нөхцөлийг нь шийдэж өгчээ. Мөн Хөх хотод амьдардаг Ар Монголчуудын хүүхдүүд ч суралцдаг аж.
ТУс сургуульд бүр уураа гаргадаг өрөө ч байсныг сонирхуулах хэрэгтэй байх. Тухайн суралцагч сэтгэл санааны уналтад, эсвэл хэт уур бухимдалд орсон үедээ орж уураа гаргаж байхаар тохижуулсан бөгөөд ханануудыг зөөлөвчөөр бүржээ.
Сургуулийн давхар бүрийг эртний Монгол хаадын нэрэмжит болгон тохижуулсан байна. Жишээлбэл Чингис хаан, Хубилай хаан гэх мэт. Мөн номын санд нь босоо монгол бичгээр хэвлэсэн ном, товхимолууд дүүрэн байлаа. Монгол уламжлал, ахуй амьдралыг харуулсан музей ч байсан юм. Энэ бүхэнтэй танилцаад явахад нэг л дотно мэдрэмж төрнө.
Бид Монгол угсаатны цэцэрлэгээр ч ороод гарсан юм. Тус цэцэрлэг 1000 орчим хүүхэдтэй. Бага, дунд, ахлах гурван бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Нэг бүлэгт 40 орчим хүүхэд байх ба хоёр багш, нэг асрагчтай ажилладаг аж.
Цэцэрлэгийн цагийн хуваарь нь 07:30-17:30.
Энэ хугацаанд хүүхдүүдийг үдээс өмнө болон хойно хоёр удаа гадаа салхилуулж, тоглох боломж олгодог гэсэн юм.
Биднийг ирэхэд цэцэрлэгийн хүүхдүүдийн спорт өдөрлөг болж байсан бөгөөд эцэг эхчүүд нь хүрэлцэн ирсэн байлаа.
Хүүхдийн цалгиун инээд хамаг сэтгэлийги ариусгах шиг болно. Эцэг эхчүүд нь хүүхдийнхээ төлөө ажлаа орхиод ирсэн нь ч сайхан санагдсан юм. Шатаар өгсөж явахад “Сайн уу?” хэмээн Монголоор мэндчилж байгаа бяцхан хүүг хараад өөрийн эрхгүй баярлах шиг, бахдах шиг.
“Олон дунд цөөхөн нь айж явдаг” гэх үгийг нэгэн номын ахаас сонсож билээ. Тухайн үед сайтар ухаж ойлгоогүй тул учрыг нь лавлан асуусан юм. Учир юу вэ гэвэл, цөөхөн байх тусмаа амь нэгтээ байдаг. Цөөхөн тусмаа өөрсдийгөө сайн мэддэг гэж тайлж билээ.
Барилгын загвар, дизайн нь тэр чигээрээ Монгол уламжлалыг шингээжээ. Ямартай ч тэд хийж чаддаг, бахархаж чаддаг гэдгийг мэдэж авсан юм. Цаашдаа хийсээр ч, бахархсаар ч байх улс.
Л.Сайнбаяр