10-аад жилийн өмнө “Санахгүй л гэсэн юм аа” хэмээх дуу нийтийн дууны ертөнцөд хит болон эгшиглж байсан нь өдгөө ч олны сонсох дуртай бүтээл хэвээр. Харин энэхүү бүтээлийн эзэн нь дуучин Б.Буянжаргал юм. 2008 онд анх Зөөлөн бороо, “Санахгүй л гэсэн юм аа” гэсэн хоёр дуутай болсон тэрбээр өдгөө 100 орчим уран бүтээлтэй болсноо Б.Буянжаргал хуучилсан юм. “Буянжаргал-2018” уран бүтээлийн гурав дахь тоглолтоо хийх гэж буй түүнтэй ярилцлаа.
-Эхлээд хэдхэн хоногийн дараа болох тоглолтын талаар ярилцъя. Бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ?
-Уран бүтээл хийж эхэлсэн 2008 оноос хойш 10 жилийн хугацаа өнгөрчээ. Тухайн үед “Санахгүй л гэсэн юм аа”, “Зөөлөн бороо” гэсэн хоёр дуугаа бичүүлснээр анхны дуугаа өлгийдөн авч байж. 10 жил гэдэг тийм ч бага хугацаа биш юм байна. Энэ хугацаанд Монгол бөхийн өргөөнд хоёр тоглолт хийсний зэрэгцээ Монгол орныхоо 21 аймгийг хоёр удаа тойрч, 200 гаруй суманд хүрч дуунд дуртай ард түмэндээ уран бүтээлээ толилуулжээ. 2011 онд анхны тоглолтоо хийж байсан бол 2013 онд хоёр дахь удаагаа тоглолт хийсэн. Түүнээс хойш таван жилийн дараа “Буянжаргал-2018” нэртэй тайлан тоглолтоо үзэгчиддээ, миний дууг шимтэн сонсдог ард түмэндээ хүргэе гэж шийдээд, бэлтгэл ажлаа базааж байна.
-Өмнөх хоёр тоглолт нь ойрхон зайтай болсон. Харин гурав дахь нь яагаад ингэж удав. Таван жил гэдэг уран бүтээлч хүний хувьд урт хугацаа юм шиг санагдаад?
-2010 онд “Санахгүй л гэсэн юм аа” нэртэй анхны цомгоо гаргаад дараа жил нь тоглолт хийсэн юм. Улмаар 2012 онд хоёр дахь цомгоо гаргаж, 2013 онд нь тоглолтоо хийсэн байдаг. Энэ цагаас хойш таван жилийн хугацаанд 21 аймгийн 200 гаруй сумаар аялан тоглолт хийсэн. Дунд нь уран бүтээлийн санг баяжуулж, нэлээд олон шинэ дуутай боллоо. Гурав дахь цомог маань ч бэлэн болсон. Аялан тоглолт гэхээр нэг гарсан бол олон сар, жилээр эх орноо тойрдог юм шиг санадаг бололтой, манай үзэгчид. Тийм биш юм аа. Бүс бүсээр нь хуваагаад нэг явахдаа 10-20 хоног гэж төлөвлөсөн байдаг.
-Тэгвэл аялан тоглолт хийлээ гэнэ. Монгол орноо тойрно л гэнэ. Ер нь нэг удаа явахдаа хэчнээн аймаг, сумаар дамждаг юм бол?
-Дээр хэлсэн дээ, бүсчилдэг гэж. Ховд, Говь-Алтай, Увс, Завхан гэх мэт хотоос зайдуу аймгаар явахдаа нэгмөсөн явдаг. Ер нь бүхий л уран бүтээлч яг адилхан. Хамгийн наад тал нь л нийслэлээс 1000 км-ын цаана шүү дээ. Тэгэхээр өнөөдөр очоод, маргааш нь буцаж хот руу гараад, нөгөөдөр нь эргээд дараагийн аймагт очихын тулд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай. Тиймээс баруун аймгуудаа явбал бүх цаг заваа, ажлаа тооцож байгаад нэгмөсөн яваад ирэхийг боддог. Харин хоттой ойрхон аймгуудад бол арай өөр. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хэд хоног явахаа шийднэ. Гэхдээ уран бүтээлчдийн явдаг улирал нь хавар, намар шүү дээ. Миний хувьд хамгийн удаан явсан нь 27 хоног юм байна. Манай Төв аймаг 27 сумтай. Аймгаа бүтэн тойрохдоо нэг суманд нэг өдрийг зарцуулж 27 хоносон.
-Тоглолт бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Энэ удаагийн онцлогоос дурдвал?
-2008 оноос хойш хийсэн бүх уран бүтээлээсээ сорчлоод 20 гаруй дуу дуулна. Мэдээж энэ намар олны хүртээл болгосон шинэ бүтээлүүдээ хүргэнэ. Дээрээс нь үзэгчдэдээ барих гэнэтийн бэлэг бий. Хэд хэдэн номер, хөтөлбөр бэлтгэсэн. Наргиан болгож хэлэхэд “Улаанбаатар Палас”-ыг бараг нурааж ч мэднэ. Өөртөө нэлээд итгэлтэй байгаа. Гэхдээ одоо зарлаад яах вэ. Үзэгчид маань ирээд үзнэ биз. Ямар ч сюрприз задарвал онцгүй шүү дээ.
-2008 онд анхны бүтээл гаргасан гэлээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл урын сандаа хэчнээн дуутай болов?
-10 жилийн хугацаанд 100 орчим дуутай болсон байна. Эхний үед буюу анх уран бүтээлч болж байхад их эрчимтэй байлаа. Дуу л олдвол, дуу л санал болговол “үгүй” гэж хэлэхгүй. Олдсон дуу бүхнээ л дуулж явсан. Харин удаад ирэхээр тоонд биш чанарт анхаарал хандуулдаг болж байна. Анх цомог гаргахын тулд хүн бүрийн санал болгосон дууг ёстой бодож, санах зүйлгүй л дуулаад байсан. Анхны цомог гаргахын тулд шүү дээ. Гэтэл гурав дахь цомгоо зургаан жилийн дараа гаргаж байна. Сүүлийн зургаан жилд 30 гаруй дуутай болжээ. Тэндээс сорчлоод 13-ыг нь гурав дахь цомогтоо багтаасан.
-Нийтийн дуучид ам барьж дуулдаг гэсэн шүүмжлэл байдаг. Та ам барих уу, эсвэл амьд хөгжимтэй дуулах уу?
-Ам барьж дуулна гэдэг өрөөсгөл ойлголт. Манайхан буруу ойлгоод байдаг юм шиг санагдсан. Фонограмм тавина гэдэг бол хөгжмийн найруулга дээр өөрөө л дуулна шүү дээ. Ам барих гэдгийг салгаж ойлгох хэрэгтэй. Миний хувьд тоглолт дээрээ фонограмм, амьд хөгжим хослуулна. Мөн зарим хөгжмийн зохиолчтойгоо хамтран дан хөгжим дээр дуулах дуу ч бий.
-Таны хувьд гар нийлж ажилладаг уран бүтээлч бий юү?
-Мэдээж хамтарч байгаа бүхий л уран бүтээлчтэйгээ гар нийлж байж дуу төрнө. Гэхдээ хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн ахтай бусдаас илүү гар нийлдэг юм шиг санагддаг. Тэр ч утгаараа “Санахгүй л гэсэн юм аа”-гаас эхлээд олон сайхан дууг нь амилуулсан. Хамгийн сүүлд л гэхэд “Миний Монголын намар” гээд гоё үгтэй, аялгуутай дууг олонд хүргэлээ. Сонсогчдод нэлээд таалагдаж байгаа бололтой.
-Буянжаргалын дуулсан дууны шүлэг их таалагддаг юм. Гэтэл зарим дууны шүлгийг зохиохоор амьдралаа шүлэг болгоод бичсэн мэт сэтгэгдэл төрдөг. Тийм шүлэгтэй дуу олон байна. Та шүлгэн дээр хэр их ач холбогдол өгдөг вэ?
-Шүлгээ харна. Дуу олон жил “наслах” гол тулгуур нь шүлэг. Тэр утгаараа дууны үгэнд их анхаардаг. Зарим тохиолдолд яруу найрагчдаа хүсэлт тавьж шүлгэндээ засвар хийлгэх нь ч бий. Дууны шүлгэндээ илүү, дутуу завсрын үг оруулах дургүй. Амьдралд ойрхон, энгийн шүлэгт л анхаарал хандуулдаг юм.
-Урлагийн замыг сонгосон шалтгааныг тань сонирхож болох уу?
-Би Төв аймгийн Батсүмбэр суманд төрж өссөн. Дөрөвдүгээр ангиасаа л урлагийн “Яргуй” наадамд дуулж медаль авдаг байлаа. Багаасаа гавьяат жүжигчин С.Батсүх, Г.Эрдэнэбат, С.Вандан, Д.Дуламсүрэн зэрэг дуучны дууг сонсож өссөн нь нөлөөлсөн болов уу. Энэ гайхалтай хүмүүсийн дуулахыг сонссоор байгаад дуулах дуртай болчихсон. Дагаж дуулна. Хөгжмийн зай дуусахаар нь давстай усанд хийж буцалгаж байгаад дахиад хөгжимдөө хийж сонсоно. Хуучны “Сүү” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн кассет дүүрэн нийтийн дуутай. Түүнийг л сонсож өслөө дөө.
-Хэн нэгэн эсэргүүцсэн үү, дуучин болно гэхэд?
-Ёстой үгүй. Аав, ээж минь малчин. Би дуулах дуртай байсан болохоор аав, ээж минь харин ч их дэмжсэн шүү. Аймгийн “Яргуй” наадамд оролцоод л алт, мөнгөн медаль хүртэнэ. Тэр болгонд аав, ээж их дуртай, таатай хүлээж авна, магтана. Анх уран бүтээлч болоод анхны бүтээлээ гаргахад залуу хүнд санхүүгийн бэрхшээл маш их гардаг байлаа. Тэр бүхнээ аав, ээждээ хэлэхэд сайхан дэмжээд л явдаг байсан. Эцэг, эхийнхээ өгсөн мөнгийг буруу зүйлд зарцуулж байгаагүй учраас намайг дэмжсэн байх. Ер нь анхны гэсэн болгонд нутгийн хуурай ах нар, найз нөхөд, албан байгууллагууд их дэмжиж ирсэн учраас би өдий зэрэгтэй яваа. Хэрвээ тэд дэмждэггүй байсан бол магадгүй уран бүтээлээ орхисон байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс олон хүнд чин сэтгэлээсээ талархаж явдаг юм. Ер нь уран бүтээл хийнэ гэдэг ганц хүний ажил биш. Миний ард олон хүний хүч хөдөлмөр шингээстэй. Бүх ажил шулуун дардан бүтдэг учраас уран бүтээл хийх урам зориг илүү их бадардаг юм болов уу. Тиймээс миний ар талд найдварай ажилладаг, намайг үргэлж дэмждэг хүмүүстээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-2009 онд СУИС төгссөн. Төгсөөд чөлөөт уран бүтээлч болох замыг сонгожээ. Аль нэг чуулгад хамрагдаж боломж гараагүй юм уу, эсвэл та хүссэнгүй юу. Ер нь чөлөөт уран бүтээлч байх, чуулгад харьяалагдахын ялгаа юунд байна вэ?
-Хүмүүс янз бүрээр ярих байх. Чуулгад ажиллаж байгаа уран бүтээлчид арай өөр хариулт өгч магадгүй. Би чуулгад ажиллаж үзээгүй, анхнаасаа чөлөөт уран бүтээлчээр ажилласан болохоор чуулгынхны талаар дүгнэлт хэлэх нь өрөөсгөл юм. Чуулгад харьяалагдвал баригдмал болох юм болов уу гэсэн хувь хүний бодол байдаг. Жишээ нь, орон нутагт аялан тоглолт хийе гээд төлөвлөхөөр ажлаа хаяад явж болохгүй. Чөлөөт уран бүтээлч бол цаг зав, санхүүгийн боломжоо харж байгаад л аялан тоглолтоо төлөвлөнө.
-Таныг дуучнаар биш хөөмийчээр төгссөн гэж сонссон шүү?
-Тийм ээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөөмийч Одсүрэн багшийн удирдлага дор Монголын мэргэжлийн анхны хөөмийчийн ангийг төгссөн. Гэвч багын мөрөөдөл нь дуулах байсан учраас мөрөөдлөө дагахаар шийдсэн. Шийдвэртээ харамсдаггүй, харин ч баярлаж явдаг. Өөрийгөө зөв замаар явж байгаа гэж боддог.
-Одоо хөөмийлдөж байна уу?
-Хааяа хөөмийлдөнө. Тоглолт дээр ч хөөмийлдөж магадгүй.
-Уран бүтээл хийхийн тулд зайлшгүй санхүү хэрэгтэй болсон. Нэг ёсондоо бүтээл хийх гол хөдөлгөгч хүч нь санхүү байна. Таны хувьд үүнийг хэрхэн зохицуулж байна вэ. Нэг тоглолт, нэг шинэ уран бүтээлд хэр мөнгөн зарцуулдаг бол?
-Янз бүр. Тайзаа хөлсөлнө, дуугаа бичүүлнэ, рекламаа цацна. Энэ бүгдийг олон аргаар л шийдэж байна. Телевизээр реклам цацахад бартер хийх гэх мэт. Ямар ч байсан урлагт хайртай түмний буянаар болгож л байна.
-Нууц биш бол нэг тоглолтоос хэр ашиг олдог вэ?
-Тооцож үзээгүй. Дараа нь асуувал энэ тоглолтынхоо дараа тайлангаа тавьж болох юм. Гэхдээ тоглолт хийлээ гээд сүрхий баяжихгүй. Бас орлогоо чамлахгүй. Дээр хэлсэнчлэн тоглолт хийх газрын түрээс, хөгжим, техник аппаратурын төлбөр төлнө. Анонс, тасалбар рекламаа цацуулахад санхүү хэрэгтэй. Цаашлаад тоглолт дээр ажиллаж байгаа хүмүүстээ урамшуулал өгнө. Ер нь бол зарлага өндөр. Тодорхой хэмжээнд ашиг ололгүй яах вэ. Уран бүтээлээс олж байгаа ашгийг их, бага гэж голж, чамлаж болохгүй. Энэ чинь бурханы хишиг шүү дээ. Тэр хишгээ гэр бүлдээ, үр хүүхэддээ, дараагийн уран бүтээлдээ зарцуулдаг.
-Хоёлаа таны бүтээлүүдээс хоёр, гурван дуу онцолж ярья. Юун түрүүнд “Саранд гэгээрэх хайр”. Яагаад гэвэл таны дуулсан 100 орчим дуунаас цорын ганц дуэтльсэн нь шүү дээ. Дуу нь эзнээ олсон уу, эсвэл дуучин нь дуугаа олсон уу?
-Манай Төв аймгийн Ц.Ганбаатар гэж залуу надад санал болгосон юм. Надад дуэт дуу байхгүй. Тэгээд хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн ахын студи дээр сууж байтал өөрөө ороод ирсэн. Ингэхдээ “Буянжаргалтай хамтарч нэг дуу хиймээр байна. Ийм шүлэг бичлээ. Ямархуу дуу болох бол” гээд шүлгээ үлдээгээд явсан. Маргааш нь Пүүжээ ах ердөө 15 минутын дотор л аяыг нь хийсэн. Харин хэнтэй дуулах вэ гэдгээ бодож байгаад “Классик Жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэгтэй дуулмаар санагдаад санал болгосон. Найз маань ч дуртайяа хүлээж авсан. Хайрын сэдэвтэй дуу байсан учраас уриалгахан хүлээж авлаа. Ингэж л энэ бүтээл амьдарсан. Нэлээд хожуу буюу зургаан жилийн дараа дүрсжүүлсэн юм. Миний урын сан дахь цорын ганц дуэт дуу учраас би энэ дуундаа хайртай байдаг. Зөвхөн би ч биш сонсогчид, уран бүтээлчид, дуучид ч бид хоёрын хамтарсан “Саранд гэгээрэх хайр” дуунд их дуртай.
-Тэгвэл “Зүүдэлж саналаа чамайгаа” дууны талаар?
-Энэ дууг хүмүүс энд тэндэхийн тоглолтод их дуулуулдаг. Хөгжмийг нь урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжав зохиосон. Бидний хамтарч хийсэн цорын ганц бүтээл юм. Далай гээд хүн шүлгийг нь бичсэн юм билээ. Бас л захиалгатай дуу. Шүлгийг бичсэн хүн нь “Өөрийн гэсэн ганц дуутай болмоор байна. Аяыг нь Найданжав ахаар хийлгэсэн. Энэ дууг Буянжаргалаар дуулуулбал илүү тохирно” гэж хэлсэн гэсэн. Тэгээд надад дуулж өгөөч гэсэн санал тавьсан. Гоё шүлэгтэй, гоё аялгуутай дуу байсан учраас татгалзаж чадаагүй. Одоо олон хүн энэ дуунд дуртай. Youtube.com-д бичсэн сэтгэгдлийг нь уншихаар их сайхан санагддаг юм. Дандаа гадаадад байгаа хүмүүс сэтгэгдлээ үлдээсэн учраас надад илүү таалагдсан.
-Дууныхаа клипэнд өөрөө тоглоод байдаг юм. Жүжиглэх авъяасаа нээж байгаа хэрэг үү?
-Миний жүжиглэх гэж юу байх вэ. Гэхдээ клипний зураг авч байгаа студиуд, найзууд клипэндээ өөрөө тогло гэдэг юм. Тэгээд л чадлынхаа хэмжээнд дүр бүтээнэ. Чадахгүйгээс эхлээд чадах хүртлээ явж л байна. Зарим нь гайгүй үнэлнэ ээ, намайг. Хүний бүтээлд бус өөрийнхөө дууны клипэнд тоглож байгаа болохоор сүүлдээ өөрийгөө голохоо больж байх шиг байна.
-Хамтрагчаа яаж сонгодог вэ. Зарим клипний эмэгтэй тухайн дуундаа яг тохирсон байдаг. Жишээ нь, “Чамдаа би хайргүй байхын аргагүй” дууны клипэнд тоглосон эмэгтэйг нэрлэж болох юм?
-Энэ дуунд тоглосон эмэгтэйг клип хийсэн студи маань өөрөө сонгосон. Уран нугараач мэргэжилтэй. Клип хийхийн өмнө Ган-Очир ах “Ахад нь нэг бодсон, энэ клипэнд тохирох эмэгтэй бий. Чамд таалагдах, үгүйг мэдэхгүй юм. Гэхдээ чи хараад үз” гэсэн. Харлаа, таалагдсан. Ингээд л хамтарсан даа.
-Тамирчин хүний туйлын зорилго олимпийн аварга болох. Харин уран бүтээлч, дуучин хүний юу вэ?
-Зорилгогүй явна гэж юу байх вэ. Миний бүтээлүүд хуучны ардын дуунууд шиг үеийн үед эгшиглэж байгаасай гэж хүсдэг. Энэ бол миний мөрөөдөл, зорилго. Түүнээс биш хэзээ ч шагнал бодож байсангүй. 1960, 70-аад оны дуунуудыг хүмүүс одоо хүртэл сэргээн дуулж, чихэнд нь хоногшсон байна. Миний дуунууд яг л тийм байгаасай гэж мөрөөддөг.
-Та хуучны дуунуудаас “Гэнэн сэтгэл” киноны дууг сэргээн дуулсан байдаг. Урын санд тань өөр ямар хуучны дуу байдаг вэ?
-Өөр байхгүй. Ганц дуу нь энэ “Гэнэн сэтгэл” киноны дуу. Яах вэ тоглолт дээр С.Батсүх гавьяатын дуулсан “Дуут нуур”-ыг олны хүртээл болгосон, гэхдээ уран бүтээлээ болгоогүй. Тухайн үедээ дуулаад л өнгөрсөн. Харин “Гэнэн сэтгэл” киноны дуу надад маш их таалагддаг учраас дуучин, сийлбэрч Ч.Баттогтох ах дээр зорьж очин зөвшөөрөл авснаар дуулах болсон юм. Багадаа “Яргуй” наадамд оролцодоо энэ дууг дуулдаг байлаа. Үг нь их гоё шүү дээ.
Б.Зул
Сэтгэгдэл (2)