УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ирэх оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 10 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэх юм. Төсөвтэй холбоотойгоор УИХ гишүүн Д.Дамба-Очироос зарим зүйлийг тодрууллаа.
-Ерөнхийлөгчийн тавьсан саналыг төсөвт оруулах боломжтой юу?
-Хуулийн дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийг 11 сарын 15-наас өмнө баталсан байх ёстой. Хэрвээ тогтоосон хугацаанд төсөв батлаагүй бол Үндсэн хуульд заасны дагуу УИХ тарах журамтай. Тиймээс эхний хэлэлцүүлэг явж байх үед Ерөнхийлөгч төсөвт оруулах саналыг тавих ёстой байсан юм болов уу гэж бодож байна. Одоо хугацаагүй болсон, ирэх долоо хоногийн дөрөв дэх, тав дахь өдрүүдэд амралтын өдөр тохиож байна. Харин түүний дараагийн долоо хоногийн дөрөв дэх, тав дахь өдрүүдэд л чуулган хуралдах боломж байна. Тиймээс хугацаа байхгүй болчхоод байгаа учир үүнийг бол чуулганаар явуулж төслөө батлаад, үүний дараа нь Ерөнхийлөгч хориг тавина гэж ярьж байгаа. Ерөнхийлөгч хориг тавиул Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, Ерөнхийлөгч хориг тавьсны дараа дахин хэлэлцэх тусдаа хугацаатай байдаг. Тэр хугацаанд Ерөнхийлөгчийн яриад буй 21 аймагт арьс шир, ноос ноолуурын 100 үйлдвэрийн асуудалд хөрөнгө мөнгө тавих, ажлын байр бий болгох саналыг дэмжээд явах боломж гарна гэж бодож байна.
-Хориг тавих л үлдэж байна гэсэн үг үү?
-Хугацаагүй болсон байна гэдгийг хэлж байгаа юм. Түүнээс биш хугацаа байсан бол Засгийн газар татаж аваад эргээд хэлэлцэх боломж байсан байх. Одоо хоёрдугаар хэлэлцүүлэг явчихсан. Хэрвээ хоёрдугаар хэлэлцүүлэг яваагүй байсан бол Ерөнхийлөгчийн тавьж буй саналыг хүлээж авах боломж байсан байх. Төсвөө УИХ-д оруулж ирэхдээ Сангийн яам, Ерөнхийлөгчийн Тамгын Газар уялдаатай ажиллах шаардлагатай байсан болов уу. Ерөнхийлөгчийн саналыг оруулмаар байдаг гэтэл оруулах гэхээр цаг хугацаа, хууль эрхзүйн хувьд боломжгүй болж байгаа юм.
-Өмнөх Засгийн Газрын үед сайдууд концессыг хувийн компанидаа авлаа гэдгээр огцорч байсан шүү дээ. Гэтэл энэ удаагийн төсөвт нөгөө сайдуудын концесс орж ирээд явж байна л даа?
-Концессүүдийн гэрээ нь батлагдчихсан. Засгийн Газар, УИХ үүрэг хүлээсэн байгаа юм билээ. Түүний дагуу концессын төлбөрүүд оршиж байна гэж би ойлгож байгаа. Хөрөнгө мөнгө байхгүй хүнд байгаа энэ үед концесс өөр бусад урсгал зардал, яамдын мебель, барилга гээд тэвчиж болох зардлууд байгаа юм.
-Бүлэг төсвийг задлах боломжгүй гэсэн. Тэгэхээр хоригийг хүлээж авах боломжгүй болж байна уу?
-Ер нь хугацаагүй болсон байна гэж бодож байна. Тиймээс бид хэдэн талаас нь сайн ярьсан. Эхлээд Засгийн газар татаад аваад дахиад өргөн баръя гэхээр хугацаагүй болчхож байгаа юм. Мөн хоёрдугаар хэлэлцүүлэгт ямар нэгэн өөрчлөлт оруулах боломж байна уу хэлэлцсэн ч дүрмээр болохгүй. Учир нь дэг болон хууль зөрчсөн асуудал гарна. Ийм учраас явуулдгаараа явуулъя тэгээд Ерөнхийлөгч нь хоригоо тавина биз. Хэрвээ хориг тавихаар болбол Ерөнхийлөгчийн яриад байгаа асуудлуудыг оруулах талаас нь анхааръя хэмээн ярьж байгаа.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (2)