Сүүлийн үед манай улсад бэлгийн мөөгөнцөр хэмээх чимээгүй тахал газар аваад байна.
Уг өвчин нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог эмгэг ба үтрээнээс ээдэмцэрхэг ялгадас гарах, гадна бэлэг эрхтэн, үтрээний үүдэвч хэсгээр загатнах шинжээр илэрдэг. Цэвэршилтийн дараах үе болон охидод ховор тохиолддог өвчин юм.
Өвчлөгчдийн дийлэнх нь залуу үеийнхэн байгаа нь энэ өвчнийг улам газар авах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Гэвч өвчилсөн тохиолдолд тухайн хүн ил өвчнийг үл тоож, эмчлэхгүй удсанаар архаг түвшинд нь хүргэх тохиолдол ч байдаг аж. Архаг тохиолдол Нэг жилийн дотор 4 ба түүнээс олон удаа мөөгөнцрөөр өвчилж буй хүнийг “архаг мөөгөнцрийн үрэвсэлтэй” хэмээн оношилдог. Архаг мөөгөнцрийн өвчтөнг эмчлэхэд хэцүү бөгөөд эмчилгээнд удаан хугацаа шаардагддаг байна.
Архаг мөөгөнцрийн өвчний дахин давтагдах шалтгааныг оношлохын тулд цусан дахь сахарын хэмжээг хэмжих, ДОХ-ын шинжилгээ хийх зэрэг байж болдог. Мөн эдгээр хүмүүсийн нөхөр болон хамтран амьдрагч, бэлгийн хамтрагчийг нь эмчилгээнд хамруулах нь зайлшгүй гэдгийг мэргэжлийнхэн хэлж байгаа юм.
Уг өвчлөлийн гол тээгч нь эмэгтэйчүүд байдаг аж.
Мөөгөнцрөөр өвчилсөн тохиолдолд гадна бэлэг эрхтэн, үтрээний үүдэвч хэсгээр загатнах, шээх үед өвдөх, хорсох, бэлгийн харьцааны үед өвдөх, үтрээний үүдэвч хэсэг улайх, хавагнах, зарим эмэгтэйд үтрээнээс ялгадас гарах шинж тэр бүр ажиглагдахгүй байж болох ба усархаг ялгадас гарах нь ч бий.
Зарим хүнд ээдэм шиг цагаан зүйл зарим хүнд ялгардаг байхад, зарим хүнд огт ямар ч шинж тэмдэг илрэхгүй байдаг байна. Иймээс охид, бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн үзлэгийн үед ийм өвчин байгааг мэдэж, бага дээр нь эмчлүүлснээр дахин давтахааргүй болгож, үр дүнтэй эмчилгээг хийлгэж чадна. Энэ өвчнийг оношлоход тун хялбар байдаг байна. Учир нь дээр дурдсанчлан үтрээний хананд наалдсан ээдмэг цагаан зүйлсээр амархан мэдэж болдог аж. Бэлгийн мөөгөнцөр нь бэлгийн харилцаанд орсноор халдварлаад зогсохгүй бохир жорлон, бассейнээс халдварлах эрсдэлтэй байдаг байна.
Түүнчлэн мөөгөнцрийн гол үүсгэгч нь гаднаас халдварлахаас илүүтэйгээр бэлгийн эд эсийн PH-ийн тэнцвэр алдагдсанаас болж тохиолдох нь их байдаг байна. Өөрөөр хэлбэл, огт бэлгийн харилцаанд ороогүй залуу охидод хүртэл энэ өвчин илэрч болдог аж.
Энэ талаар Нөхөн үржихүйн эмч Д.Дуламсүрэн “Юун түрүүнд нелонон бус даавуун дотуур хувцас хэрэглэх, дотуур хувцсаа халуун усанд буцалгаж, индүүдэж өмсөх, бариу биш, биед эвтэйхэн уужуу өмд өмсөх, бэлэг эрхтний дотор хэсгийг савандаж угаахгүй байх, бэлэг эрхтний гадна хэсгийг савангаар бус зөвхөн усаар угааж байх, бэлэг эрхтний орчинд химийн бодис түрхэж хэрэглэхгүй байх, таарч тохирохгүй тампон хэрэглэхгүй байх, бэлгийн харьцаанд орохдоо боломжтой бол бэлгэвч хэрэглэж байх, эрүүл ахуйн шаардлага хангаагүй жорлон, бассейнд орохгүй байх, 6 сард нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид тогтмол үзүүлж байх зэрэг аргаар урьдчилан сэргийлж болно. Хамгийн чухал нь эрүүл ахуйн дэглэмийг сайтар барих хэрэгтэй. Харин нэгэнт өвчилсөн тохиолдолд амаар уух эм бэлдмэлийн зэрэгцээ, бэлэг эрхтэнд шургуулах лаа хэлбэрээр байж болно. Мөөгөнцрийг устгах зориулалттай эм бэлдмэлийг antifungal буюу мөөгөнцрийн эсрэг эм хэмээн нэрлэдэг. Амаар уусан эм нь хүний цусанд холигдож, дараа нь мөөгөнцрийн эсүүдийг устгах нөлөөтэй байдаг. Амаар уух эмийн зэрэгцээ зориулалтын лаа, крем зэргийг давхар хэрэглэвэл илүү үр дүнтэй эмчилгээ болж чадна. Хамгийн гол нь энэ эмчилгээг дур мэдэн хийж болохгүй. Зайлшгүй мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу хийх шаардлагатай” гэсэн юм.
Хэдийгээр ДОХ, тэмбүү гэх мэт бусад өвчлөлүүдийг бодвол хор уршиг нь бага байдаг хэдий ч тархалтын түвшин өндөр байгаа нь энэ өвчнийг улам залуужих нөхцөлийг тавих аюултай. Иймийн тулд нөхөн үржихүйн эрүүл мэндээ нэгт тавих, эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж, эрүүл ахуйн дэглэм сахих зуршлуудыг дор бүрнээ, өөр өөртөө ухамсарлах хэрэгтэй байна.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (2)