Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн Тамгын Газрын дарга Ш.Сугартай ярилцлаа.
-Жижиг дунд гэдэгт ямар аж ахуй нэгж, компани багтах вэ?
-Хөнгөлөлттэй зээл олгож байгаа харилцааг зохицуулж байгаа зүйл нь журам. Журмын үндсэн шалгуур нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэлтэй байх ёстой. Журамд тавигдаж буй энэ шаардлагыг хангаж буй Монгол улсын иргэн, аж ахуй нэгж хэн ч хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой. Харин хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжгүй гурав дөрвөн заалт бий. Тодруулбал, манай сангаас авсан муу зээлийн түүхтэй, татварын хэлтэст өртэй, шүүхийн шийдвэрлэх газарт өрийн бүртгэлтэй байвал хөнгөлөлттэй зээл олгох боломжгүй. Үүнээс бусад тохиолдолд жижиг дунд эрхлэгчээр бүртгэлтэй хэн боловч нээлттэй.
-Танай сангаас Жижиг дунд үйлдвэр эрхлэгч хэчнээн төгрөгийн зээл авах боломжтой байдаг вэ?
-Хоёр тэрбум хүртэл.
-Олон үл хөдлөх хөрөнгөтэй, хоёр тэрбум төгрөгөөс илүү эргэлттэй компаниудад бага хүүтэй зээл өгдөг юм уу?
-Тэрийг бид тогтоох боломжгүй. Та олон компанитай, түүгээрээ дамжуулж маш их хэмжээний мөнгө олж байгаа учраас зээлд хамрагдах боломжгүй хэмээн хориглосон зүйл, заалт байхгүй. Хэрвээ журамд тийм хүмүүст олгохгүй гэдэг заалтыг оруулж өгсөн тохиолдолд зээл олгохгүй байх боломжтой, бид журмын дагуу ажиллаж байгаа. Тухайн компаниуд яагаад заавал 950 сая төгрөгийн санхүүжилт хүссэнийг мэдэхгүй. Хэдэн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа талаараа төсөлдөө бичээд ороод ирсэн байгаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэлтэй иргэн, аж ахуй нэгж хэн боловч зээл авах боломжтой. Төсөлд тавигдах шаардлагаа хангасан байвал хэний компани, хэний өмч байхаас үл хамааран зээл олгодог.
Шаардлагын дагуу бүрдүүлэх материалд иргэний үнэмлэхийн хуулбар, компани гэрчилгээ, хорооны тодорхойлолт багтана. Бид энэ дундаас энэ хэний хамааралтай компани байна гэдгийг судалдаггүй. Хэний хамааралтай байх нь бидэнд хамаагүй. Журамд зээл өгөхийг хориглосон заалтаас бусад нөхцөлд, шаардлага хангасан төсөлд зээл олгоно. Зээл олгож байгаа харилцааг зохицуулж байгаа зүйл нь журам. Журамд юу гэж заасан тэр дагуу ажлаа хийдэг.
-Зээл авах, олгох процесс хэрхэн явагддаг вэ?
-Манай санд эх үүсвэр нь байгаа. Төсөл сонгон шалгаруулалт зарлана, заасан хугацаанд буюу долоогоос арван дөрөв хоногийн хугацаанд төслөө хүлээж авдаг. Төсөл шалгаруулах журмын дагуу төслөө үзнэ. Журамд тусгасан хавсаргах материалуудаа хавсаргасан эсэх журамд заасан мэдээллийг оруулсан эсэх, төсөвт тавигдах шаардлага хангасан эсэх зэргээр төслүүдээ шалгаруулдаг. Тус төсөл нь журамд заасан шаардлагыг хангасан байвал төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар оруулдаг.
-Танай санд жилд хэчнээн төсөл ирдэг вэ. Шаардлага хангасан төслүүдийг бүгдийг нь санхүүжүүлэх бололцоо байдаг уу?
-Шаардлага хангасан төслүүдийг бүгдийг санхүүжүүлэх хүсэл байдаг. Юм гэдэг чинь хэмжээ хязгаартай. Манайд энэ онд хэчнээн төгрөгийн төсөв тавьж өгсөн тэр хүрээнд л бид санхүүжилтийг гаргадаг. Манай веб сайтад үүнтэй холбоотой бүх мэдээлэл байдаг. Бид тухай бүрт нь мэдээллээ оруулдаг. 2018 оны дөрвөн сард сангаас төсөл зарлахад нийтдээ 1000 гаруй төсөл буюу нэг их наядаас давсан төсөл ирсэн. Гэтэл 2018 оны төсөв нь 65 тэрбум төгрөг байсан. Ер нь хэрэгцээ нь их, санхүүжилт нь бага дүнтэй байдаг л даа.
-1000 гаруй төсөл гэлээ. Эндээс хэдэн төсөл тэнцэж, тэнцсэн төслүүдээсээ хэдийг нь, яаж шалгаруулж авсан бэ?
-Дээр дурдсанчлан эхний ээлжид журамд тавигдах шаардлагын дагуу төслөө ирүүлсэн байна уу, хавсаргах материалуудаа бүрдүүлсэн байна уу, төслөө үнэн зөв бичсэн байна уу, эдийн засгийн тооцоолол нь үнэн зөв байна уу гэдгийг шалгадаг. Шалгаад шаардлага хангасан төслөө хурлаар оруулдаг. 2018 оны дөрөвдүгээр сард зарлагдсан төсөлд 1000 гаруй төсөл ирснээс 400 гаруй төсөл шаардлага хангаж хуралд орсон. Хуралд 400 гаруй төсөл орсноос 132 төсөл дэмжигдсэн.
-Хоёр тэрбум төгрөгөөс давсан төсөл санхүүжилт хүссэн төсөл ирвэл яах вэ? Хаана хандах вэ?
-Хоёр тэрбум төгрөгөөс давсан санхүүжилт хүссэн төслийг санхүүжүүлэх боломжгүй.
-Танайх гол төлөв ямар чиглэлийн төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог вэ?
-Цаанаасаа бодлого чиглэл нь ямар байна, юу гэж заасан байна түүний дагуу олгоно. Ер нь сүүлийн жилд төсөл сонгон шалгаруулалтад чиглэл заагаагүй. Гэхдээ заагаагүй гэдгээр нэг чиглэлд бүгдийг нь өгнө гэж ойлгож болохгүй. Аль болох л төслөө тэнцүүлж гаргадаг.
-Зорилтод бүлэгтээ санхүүжилт очихгүй байна гэсэн шүүмжлэл их байгаа. Энэ талаар хариулт өгөөч?
-Энэ талаарх судалгаа байхгүй. Түүнийг сайн мэдэхгүй байна.
-Зээлийг жилийн хэдэн хувийн хүүтэй хэдэн жилээр олгох вэ?
-Жилийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай олгоно. Эхний нэг жил үндсэн зээлээс чөлөөлдөг.
-Олгосон зээлийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхэд яаж хяналт тавьдаг уу?
-Хяналт тавина. Жилд нэгээс хоёр удаа бүх зээлүүддээ мониторингийн судалгаа хийгддэг.
-Зөрчил илэрвэл?
-Тухайн зээлийг эргүүлэн татна.
-Банк бус санхүүгийн байгууллагад хадгалуулсан гэх мэдээлэл байна. Хяналтаар энэ талаар юу гэж гарсан бол?
-Сайн мэдэхгүй байна. Бүртгэгдсэн зүйл бол байхгүй.
-Төсөл ирүүлж буй хүмүүс юун дээр их алдаж байна?
-Бүрдүүлэх материал нь дутуу байдаг. Эдийн засгийн тооцоолол нь алдаатай байдаг. Гэхдээ манай сангаас тухайн төсөл дэмжигдэхгүй боллоо гэхэд тухайн иргэн, аж ахуй нэгжид хариуг нь мэдэгддэг. Танайх төсөл сонгон шалгаруулах журмын тэдийн тэд дэх ийм зүйлүүдэд алдаа гаргасан учир энэ удаагийн төслийг дэмжсэнгүй гэдэг хариуг өгдөг.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)