“Монгол Улсын 2019 оны төсвийн зарлагын төлөвлөлт” хэлэлцүүлэг өнөөдөр “Blue sky” зочид буудлын хурлын танхимд болж өнгөрлөө. Уг хэлэлцүүлгийн үеэр судлаач Ж.Сайханзаяатай ярилцлаа.
-Ирэх оны төсөв дээр шаардлагагүй хөрөнгө оруулалтууд байна уу? Жишээ аваад ярьвал?
-Миний үзэж байгаагаар 2019 оны төсөвт баг, сумдын Засаг даргын тамгын газрын болон багийн төвийн зориулалтаар 41 барилгыг барина. Эдгээр барилгыг барих нь зөв үү, буруу юу гэдэг асуудал. Үүнд 42 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Хөндлөнгөөс харахад сонгуульд бэлтгэсэн мэт л ажиглагдаж байна. Ерөнхийдөө ирэх жил “эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж Сангийн сайд маань ярьж байгаа. Энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтыг харахад сургууль, цэцэрлэг олноор баригдаж байгаа. Дээрээс нь нэмээд 36 сумын Соёлын төв баригдаж байгаа. Эндээс харахад нэмүү өртөг үүсгэх, иргэдийг ажлын байртай болгох, үйлдвэрлэл эрхлэх нөхцөл боломжийг хангасан жишээ бараг байхгүй байна.
-Урсгал зардал их гарна гэж үзэж болох уу?
-Эдгээр барилгуудыг яагаад эсэргүүцээд байгаа вэ гэхээр, эдгээрийн урсгал зардал ирэх оны төсөвт нэмэгдээд л ороод ирнэ. Дулаан, цахилгаан, ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсний зардал нь одоогийнхоос хэд дахин нэмэгдэнэ. Тэгэхээр хөдөө орон нутагт хүн амын төвлөрөлтэй нь уялдуулж харсан юм уу, үгүй юм уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй болоод байна. Үнэхээр тус барилгууд зайлшгүй баг, сумдын төв дээр хэрэгтэй юу гэдгийг бас бодолцох л хэрэгтэй.
-2018 оны төсөвт “ирэх оны техник эдийн засгийн үзүүлэлт шинээр боловсруулах” гэж 16 тэрбум төгрөгийг тусгасан байсан?
-Тийм. Тэр төсвийг харчхаад би 2019 онд овоо гайгүй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх юм бий болох нь дээ, хүн амын бодит орлогыг өсгөх нь дээ гэж харж байлаа. Гэтэл тэр 16 тэрбум төгрөгийн үр ашиг ер нь харагдсангүй. Уг нь 16 тэрбум төгрөг чамлахааргүй мөнгө шүү дээ. Бүсчлээд ч юм уу, хэд хэдэн сумын дунд ч юм уу үйлдвэр баривал нэлээд хэдэн хүн ажилтай болох боломж байна гэж харсан.
-Энэ нөхцөл байдал нь магадгүй 2020, 2021 оны төсөвт хүндрэл учруулах эрсдэл байна гэж харж байна?
-Дээр хэлсэнчлэн урсгал зардал нь жилд ирэх тусам л нэмэгдэх болно. 200,300-аад сургууль, цэцэрлэг, контор, барилгууд нэмэгдээд байхаар ямар ч нэмүү өртөггүй хий урсгал болно.
-Таны бодлоор 2019 оны төсөвт тэвчиж болох хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт байна гэж харж байгаа вэ?
-Жишээлбэл, Засгийн газрын ордонг дахин төлөвлөлтөд 1.1 тэрбум төгрөг техник эдийн засгийн үзүүлэлт гаргахад төсөвлөсөн байгаа. Засгийн газрынхаа дахин төлөвлөлтийг хийнэ гэдэг чинь 2020 онд засвар хийгээд очих нь байна шүү дээ. Тэгэхээр дахин төлөвлөлтийн зураг нь 1.1 тэрбумаар хийгдэж байгаа бол засвар нь хэр тусах бол. Тэгэхээр Засгийн газрын ордноо дахин төлөвлөх нь одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд тохирох уу гэвэл эргэлзээтэй.
-Ерөнхий, нийт тоо байхгүй юу?
-Нийтэд нь бол гаргаж үзээгүй. Гэхдээ ер нь бол Засгийн газрын ордны төлөвлөлт юм уу, сум багийн Засаг даргын тамгын газрууд, Соёлын төвүүд зайлшгүй байх шаардлагатай юу гэдгийг л асуумаар байна. Үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзэж байна.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (1)