Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журам 2018 оны арваннэгдүгээр сарын нэгнээс эхлэх гэж байна. Харин дуусах хугацаа нь 2019 оны дөрөвдүгээр сарын нэгнийг хүртэл үргэлжилнэ.
"Шөнийн тарифын хөнгөлөлтөд ахуйн зориулалтаар цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа айл өрхүүд хамрагдана. Харин аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжгүйг" Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хэллээ.
Шөнийн тарифын хөнгөлөлтийн хамрах хүрээ, хувь:
Нийслэл Улаанбаатарт
- 220В-д холбогдсон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100%, түүнээс дээш хэрэглээг 50%-иар,
- 380В-д холбогдсон хэрэглэгчийнхийг 1,500 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100%, түүнээс дээш хэрэглээг 50% хөнгөлөх аж.
Аймгийн төв 10,000-аас дээш хүн амтай сууринд хүчдэлийн түвшин харгалзахгүйгээр 50% хөнгөлөх журамтай байна.
Нийслэлийн найман дүүрэг болон аймгийн төвүүд, 10,000-аас дээш хүн амтай сум, суурин газруудад шөнийн цагаар 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны хэрэглээг хөнгөлөлттэй тооцох юм.
Шөнийн тарифт хамрагдахад зөвхөн хоёр тарифт тоолууртай байх шаардлагыг тавьж байгаа. Ингэснээр тухайн хэрэглэгчийн өдрийн болон шөнийн хэрэглээг ялгаж тооцно. Энгийн буюу нэг тарифт тоолууртай болон тоолуургүй, задгай хэрэглэгчийн хувьд шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдахгүйг албаны хүн хэлж байна.
Хэрхэн шөнийн тарифт холбогдох талаар УБЦТС ТӨХК-ийн борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Д.Саранчимэг "Шөнийн тарифт хамрагдахын тулд иргэд нэмэлт гэрээ хийх шаардлагагүй. Хуучин гэрээн дээрээ хөнгөлөлт эдлэх эрх нь үүснэ. Хамгийн гол нь 11 дүгээр сарын нэгнээс өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөртэй бол барагдуулсан байх хэрэгтэй.
Манайх гэр хорооллын 130,000 орчим хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний борлуулалт хийж байна. Зарим айл хашаандаа айл буулгачихсан байдаг. Энэ тохиолдолд газрын гэрчилгээтэй айлын нэр дээр гэрээ хийж байгаа.
Цаашид халаалт тавиад ирэхээр цахилгааны чадал нэмэгдэнэ. Энэ тохиолдолд хэрэглэгч өөрөө тоолуур, холболтын утсаа гаргавал хуучин хэрэглэгчийнх нь кодод оруулаад тусад нь тооцож болно" гэв.