Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 22-23-нд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо.
Тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, БНХАУ, Герман, Казахстан, Канад гэсэн 21 орны 186 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв.
Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас зургаан тамирчин хүч үзсэнээс 86 кг-д Азийн “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр Кемеровогийн дэвжээнд эзэн орны Дмитрий Екименког 13:1, Красноярскийн Александр Зеленковыг 9:0, Узбекистаны Икром Бохомуродовыг 10:0 тус тус ялсан ч хагас шигшээд Германы Ахмед Дударовт 5:7 ялагдсан.
Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Кемеровогийн Иван Костеринийг 8:4 ялж, энэ жилийн “Уурхайчдын цом”-оос Монголын багийн цорын ганц медалийг авчирлаа.
Тус тэмцээнд манай улсаас өмнө нь гавьяат тамирчин П.Өнөрбат 2014 онд мөнгө, ОУХМ Н.Золбоо 2014, ОУХМ Д.Цогтбаатар, Д.Гомбодорж 2015, гавьяат тамирчин Э.Ням-Очир 2016 онд хүрэл медаль хүртэж байв.
61 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга ОУХМ Т.Түвшинтулга шагналт тавдугаар байрт орсон юм. Тэрбээр “Сингапур-2010” залуучуудын олимпийн аварга Буриадын Алдар Бальжинимаевыг 3:1, Эрхүүгийн Антон Евдокимовыг 11:1, 2013 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Энэтхэгийн Амит Кумарыг 2:1 тус тус ялсан ч хагас шигшээд Буриадын Юлиан Гергеновт 0:10, хүрэл медалийн төлөөх барилдаанд Якутын Айхаан Антоновт 2:4 ялагдав.
65 кг-д спортын мастер Ч.Жамсранжав Кемеровогийн Бобуржон Абдусаматовыг 7:5 ялсан ч 1/8 шигшээд тус тэмцээнд хүрэл медальт Хакасиягийн Алексей Медведевт 0:6 хожигдов.
70 кг-д спортын мастер Ц.Чингэс эхлээд Кемеровогийн Никита Куклинийг 4:4 ялсан ч энэ жингийн дэд аварга Чечений Алибек Акбаевт 0:7 ялагдав. Дагах барилдаанд эзэн орны Миличенког 5:4 ялсан ч удаах барилдаанд хүрэл медалийн эзэн АНУ-ын Томми Грантад 6:9 дийлдсэн юм.
97 кг-д ОУХМ Л.Төртогтох 1/8 шигшээд эзэн орны Владимир Калашниковыг 5:1 ялсан ч хагас шигшээд Анзор Уришевт 0:3, дагах барилдаанд Румыны Влад Клачад оноогоор цэвэр ялагдсан.
125 кг-д залуу тамирчин О.Мөнх-Эрдэнэ 1/8 шигшээд АНУ-ын Майк Косоуд 5:6, дагах барилдаанд Латвийн Дмитрис Михайловсод ялагджээ.