Буудлагын спортын олимп, дэлхийн аваргуудын халз тулааныг энэ сарын 17-нд Монголын буудлагын спортын холбооноос зохион байгуулахаар болжээ. Халз тулааныг Монгол Улс олимпийн наадмаас буудлагын спортын төрлөөр медаль хүртсэний 25 жилийн ойд зориулж байгаа юм.
Олимпийн хошой алт, гурван хүрэл медальт, дэлхийн хошой аварга Болгарын Мария Гроздева, олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн Нино Салуквадзе, олимпийн аварга, олимпийн гурван мөнгө, нэг хүрэл медальт Сербийн Ясна Секарич, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Д.Мөнхбаяр нарын шилдгүүдийн халз тулаанд урьжээ.