Бөхийн төрлүүдийн өсвөр үеийн ДАШТ есдүгээр сарын 4-10-нд Грекийн нийслэл Афины “Ano Liosia Olympic Hall” ордонд боллоо.
Хөвгүүдийн 23, охидын 11 дэх удаагийн тэмцээний сүүлийн гурван өдөр хөвгүүдийн 10 жингийн барилдаан болж өндөрлөлөө. Манай улсаас охидын 52 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Болдсайханы Хонгорзул хүрэл медаль хүртсэн билээ.
Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 63 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн УАШТ-ий хошой алт, нэг хүрэл медальт, “Асашёорюү Кап”, Дарма Жанаев, Түмэн Жаргаловын нэрэмжит ОУТ-ий аварга, “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмын хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин Энхбаярын Бямбадорж үзүүлж тавдугаар байрт оров.
Тэрбээр Афины дэвжээнд эхлээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн дэлхийн аварга Ираны Амирхоссейн Магсоудиг 4:4-өөр, 1/8 шигшээд Казахстаны Ахмад Муратыг оноогоор (13:0) цэвэр ялж, шөвгийн наймд өсвөр үеийн Европын аварга ОХУ-ын Инар Кетьяд 2:11-ээр ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарсан тул өнөөдөр дагах барилдаан хийв. Дагах барилдаанд Беларусийн Данил Амелянчикийн цэвэр ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Азербайжаны Хажимурад Гажиевт оноогоор цэвэр ялагдав. Монголын эрэгтэй чөлөөт бөхийн залгамж халаа болсон хөвгүүдэд маань Афины дэвжээ том туршлага томоохон сургамж болж өгсөн нь дамжиггүй.
Хөвгүүдийн 10 жингийн гуравт нь түрүүлж, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн ОХУ-ын бөхчүүд 73 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, АНУ дөрвөн алт, хоёр хүрэл медальтай 66 оноогоор удаалав.
Сэтгэгдэл (1)