Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-н багийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр багийн төрлөөр өндөрлөсөн билээ. Монголын баг А хэсэгт Япон, Алжир, Украйн, Германы багтай оноолт таарсан юм. Тамирчид эрэгтэй, эмэгтэй нийт зургаан жинд өрсөлдсөнөөс Германы багийн эсрэг хийсэн эхний барилдаанд эмэгтэй -57 кг-д Д.Сумъяа, эмэгтэй -70 кг-д Ц.Наранжаргал, эмэгтэй +70 кг-д Б.Мөнхтуяа, эрэгтэй -73 кг-д Г.Одбаяр, эрэгтэй -90 кг-д Г.Алтанбагана, эрэгтэй +90 кг-д Ө.Дүүрэнбаяр нар зодоглож, 4:2 харьцаатай ялагдал хүлээсэн. өмнө нь нэлээд өндөр амжилт гаргаад байсан тамирчдыг энэ удаа дахин медаль хүртэнэ хэмээн хүлээж байсан хүмүүс цөөнгүй. Тиймдээ ч эхний даваанаас мултрахад жүдо сонирхогчид нэлээд сэтгэл дундуур үлджээ. Зарим нэг нь бүр "Зарим нэг тамирчид дэвжээн дээр яах гэж гарч ирсэнээ ойлгохгүй байх шиг. Ер нь жүдогоор хичээллэсэн юм уу үгүй юу. Барилддагүй бөх гэж шигшээд байх юм" хэмээн сэтгэгдэлээ бичжээ. Харин үүнд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нэлээд бухимдсан бололтой. Өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичсэн байна.
"Багийн барилдаанд тамирчид ялагдсаны төлөө ингэж бичих шаардлага байсан юмуу?
Ялахын тулд тамирчид яаж хөдөлмөрлөж ямар олон зүйлийг золиослож, бэртэл гэмтэлийг даван туулж, маш олон аз жаргалаас татгалзаж байж, Эх орныхоо нэрийг дэлхийд гарган мандуулдагыг та нар минь ойлгох хэрэгтэй.
Дэвжээнд тамирчин хүн ялахын тулд гардаг, өөрт байгаа зүйлээ бүхнийг л гаргадаг, барилдаан таарах таарахгүй мөн гэндэж ялагдах тохиолдол маш олон байдаг, алдаан дээрээ суралцаад явах нь чухал, тамирчид ч бас хүн шүү дээ, дандаа ялна гэж юу байхав ямар робот биш. Эх орны нэрийг хэн гаргаж байна, эцсийн эцэст тамирчид л гаргаж, Улс төрийн нийгмийн бухимдалыг түр зуурч гэсэн мартуулж, ард түмэндээ сэтгэлийн жаргал эдлүүлдэг, цорын ганц эм нь энэ тамирчид чинь болчихоод байгааг зарим нэг нөхдүүд ойлгох хэрэгтэй.
Энэ жилийн хувьд Монголын Жудочид болон, бусад спортын төрөл болох, чөлөөт бөх, боксийн тамирчид минь бүгд л бахдам бахархам сайхан, Амжилт гаргасаныг бид бүгд харсан үзсэн, энэ бүхний ард багш дасгалжуулагч, баг хамт олон аав ээж ах дүү найз нөхөд гээд бүхий л хүний хөлс хөдөлмөр зүрх сэтгэл шингэж байж амжилт гардаг.
13-р зуунд эр цэргүүдээрээ
Дэлхийг байлдан дагуулж байсан бол
21-р зуунд Эрэлхэг тамирчдаараа
Дэлхийд гоёж бахархаж омогшиж байна шүү дээ.
Тамирчдын сарын цалин 450 000 төгрөг үүнийг гэр бүл автобус унаа гээд бүгдэнд нь хүргэдэг.
Гадаадын тамирчид амжилт гаргахын тулд маш том эрдэм шинжилгээ анагаах ухааны бүхэл бүтэн баг ажиллаж, байдаг.
Гэтэл манай тамирчид яг үнэндээ лимпон цай, борцтой шөлөө идээд л барилдаж тэмцэлдэж байгаа шүү дээ.
Амжилт гаргасан ч бай гаргаагүй ч бай тамирчин хүнд хэлхээтэй хэдэн төмөр хэмхэрхий бие л үлддэг байсан.
Харин одоо Амжилт гаргасан тамирчдыг төрөөс харж үзэн, Ерөнхийлөгчийн тэтгэлэгт цалин олгодог болсон, энэ нь ирээдүйн тамирчдад урам зориг эрч хүч хайрлаж, амжилт гаргах хүсэл тэмүүлэл бий болгодог.Амжилтаа гаргасан тамирчинд нийгмийн баталгаа болдог. Үүнтэй холбоотойгоор маш олон хүүхэд спортоор хичээллэж эхэлсэн.
Олон хүүхэд спортоор хичээллээд ирэхээр
Эмэнд мөнгө зарахгүй
Эрүүл иргэн өсөж торнидог.
Спорт ийм л ач тустай.
Хэдхэн бор тамирчидаа
Бурмаар биш Урмаар тэтгэж байгаарай.
Үргэлж дэмжиж хайрлаж огшиж байдаг Монголын ард түмэндээ талархал илэрхийлье.
Та бүхэндээ сайхан сайхныг хүсье.
Монголын тамирчдын яруу алдар бадартугай.
Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээх болтугай.
Тамирчины ялалт хямдхан олдоогүй" хэмээв.
Сэтгэгдэл (13)