Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилнэ. Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодрох юм.
Эдгээр жинд манай улсаас Л.Отгонбаатар (-100кг), Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр (+100), ОУХМ Б.Мөнхтуяа (+78) нар тус тус зодоглоно. Эрэгтэйчүүдийн +100 кг-д Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Казахстаны жүдоч Ержан Шынкеевтэй хүч үзнэ. Ө.Дүүрэнбаярийн хувьд эхний тойргийн барилдааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Олимпийн хошой аварга, Дэлхийн аваргын найман алтан медалийн эзэн, Францын домогт жүдоч Тедди Риньетэй таарах магадлалтай байна.
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Л.Отгонбаатар эхний барилдаанаа Тажикистаны бөх Саиджалол Саидовтой хийх бол эмэгтэйчүүдийн +78 кг-д Б.Мөнхтуяа эхний тойрогт Нидерландын бөх Тесси Савелкоулстай барилдахаар учраа таарчээ. Тэмцээний хэсгийн барилдаан манай цагаар 15:30 цагт эхлэх бол, шигшээ барилдаан 21:30 цагт эхэлнэ.
Сэтгэгдэл (1)