"Тавантолгойн төсөл"-ийг үргэлжлүүлэн хөдөлгөх асуудал ойрын үед эрчимтэй яригдаж буй. Тэгвэл Mongolian Mining Corp (975 HK) компанийн вэб сайтад мэдээлснээр Энержи Ресурс, Шиньхуа, Сумитомогоос бүрдэх консорциум Засгийн Газрын ажлын хэсгээс Тавантолгой төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх талаар албан ёсны захидал хүлээн авчээ.
Түүнчлэн өнөө өглөө Mongolian Mining Corp компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл "Bloomberg TV Mongolia"-д өгсөн ярилцлагандаа “Консорциумын бүтэц хэвээрээ байгаа” гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар “Өмнө нь хийж байсан хэлэлцээртэй харьцуулбал төмөр замын эзэмшил анхнаасаа төрийн эзэмшилд байна гэсэн нөхцлийг тавьж байгаа... Монголын Төмөр Зам компани 51 хувийг эзэмшээд, 49 хувьд Шиньхуа Групп оролцоод явна. Энержи Ресурс төмөр замын төсөлд шууд оролцохгүй. Консорциум нийлүүлэлтийнхээ 75 хувийг Хятад улс руу, 25 хувийг Япон, Солонгос зэрэг далайн чанад руу нийлүүлэх санал гаргасан. Консорциум бүтээгдэхүүнийг Монголдоо боловсруулаад экспортолно гэсэн чиг баримжаатай ажиллана. Миний ойлгосноор бусад компаниуд сонирхолоо илэрхийлэхдээ туслан гүйцэтгэгчээр оролцоё гэсэн санал тавьсан гэж ойлгож байгаа. Ингэснээр цаашдаа консорциум эрсдэлээ үүрнэ, хөрөнгө оруулалтаа татна, үйл ажиллагаагаа зангидаж удирдана. Гэхдээ ганцаараа хийхгүй, бүх Монголчууд бүгдээрээ нийлээд хийнэ. Гэрээ хэлэлцээр амжилттай дуусвал шууд ажилдаа ороход бэлэн" гэжээ.
Өчигдрийн арилжаагаар MMC (975 HK) хувьцааны ханш 0.265 хонг конг доллароор хаагдсан бол уг мэдээ гарсны дараа буюу өнөөдөр 0.285-0.300 хонг конг долларын хооронд хэлбэлзэж байна.
Сэтгэгдэл (32)