Арилжааны банкууд аравдугаар сард уул уурхайн салбарт дөрвөн тэрбум 863 сая төгрөгийг зээл олгосон байна. Энэ талаар Монголбанкны нэгдсэн тайланд тусгажээ.
Аравдугаар сарын эцсийн байдлаар арилжааны банкууд уул уурхай, олборлолтын салбарт 205 зээлдэгчид санхүүжилт олгосон байна.
Сарын хугацаанд салбарын компаниудаас эргэн төлсөн зээлийн хэмжээ есөн тэрбум 737.4 сая төгрөг болсон аж. Ингэснээр зээлийн үлдэгдлийн нийт хэмжээ 983.5 тэрбум төгрөг даваад байна. Энэ удаад зээлийн үлдэгдэл улирлын эхний дүнгээс 13.3 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарчээ.
Түүнчлэн эдийн засгийн хүндрэлтэй үед зээлийн багагүй хувь нь хугацаа хэтрээд байгаа аж. Учир нь салбарын онцлогоос хамаараад эргэн төлөгдөх хугацаагаар дийлэнх зээл богино хугацаатай олгогдсон байдаг.
Тухайлбал, нийт үлдэгдлээс 27.9 хувь нь хугацаа хэтэрсэн зээл төрөлд хамаарахаар байна. Харин хугацаандаа байгаа уул уурхайн зээлийн дүнгээс 46 хувь болох 342.1 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар олгожээ. Үүнээс 53 хувийг 1-5 жил хүртэлх хугацаанд, харин үлдсэн хувийг таваас дээш жилийн хугацаанд олгосон байна.
Уул уурхайн салбарт олгож байгаа зээл богино хугацаат боловч хүү өндөртэйд тооцогддог. Гэвч барилгын салбарын зээлийн 22.7 хувийн дундаж хүүгээс бага буюу 18.7 хувь аж.