Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталсан билээ. Ирэх оны төсвийн орлого зургаан их наяд 160 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.3 хувь байна. Харин зарлага найман их наяд 568 тэрбум төгрөг ба ДНБ-ий 32.3 хувьтай тэнцэнэ. Нэгдсэн төсвийн нийт алдагдал хоёр их наяд 408.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувьтай тэнцэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагын зорилтот түвшнээс 0.8 хувиар бага байхаар хууль батлагдав. Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх орлогын хэмжээг 10.6 тэрбум төгрөгөөр нэмж нэг их наяд 978 тэрбум 36 сая төгрөгөөр баталсан бол зарлагыг 0.7 тэрбум төгрөгөөр бууруулан нэг их наяд 887 тэрбум 408.8 сая төгрөг байхаар тусгалаа. Мөн Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын урт хугацаат бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 100 тэрбум төгрөгөөр баталжээ. Ирэх жилийн төсөв ямар байх нь улс орны эдийн засаг, ард түмний амьдралд шууд хамааралтай байдаг. Тэгвэл ирэх оны улсын төсвийг хэрхэн бүрдүүлж, зарцуулалтыг хэрхэн хийснийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Ирэх 2017 онд татварын орчинг тогтвортой байх бодлогыг баримтлан шинээр татвар бий болгохгүй аж. Мөн одоо мөрдөгдөж байгаа татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар улсын төсвийг баталлаа.
Баримт 2. Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар уул уурхай, дэд бүтцийн салбарыг дагасан эдийн засгийн өсөлтийг бий болгож, төсвийн орлогыг нэмэгдүүлэх аж.
Баримт 3. Төрийн өмчит аж ахуйн нэгжийг ч хувьчлахаар төсөвт тусгав. Тодруулбал алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын менежмэнтийг сайжруулах замаар ашигтай ажиллуулах бодлогыг баримтлах юм байна.
Баримт 4. 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон нэг ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90 тэрбум 758.2 сая, Ирээдүйн өв сангийн орлогыг 13 тэрбум 531 сая, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлнэ.
Баримт 5. “Монгол шуудан” ТӨХК- ийг 20 тэрбум төгрөгөөр, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг 30 тэрбум төгрөгөөр хувьчлахаар тооцжээ. Ингэснээр Монгол Улсын 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх өмч хувьчлалын орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх юм байна.
Баримт 6. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн цэвэр ашгаас төрийн өмчид ногдох ногдол ашгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх хувьцааны ногдол ашгийн орлогыг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх аж. Үүнд Төрийн банк хамаарч байгаа юм.
Баримт 7. Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 7.4 тэрбум төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 85.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.
Баримт 8. Ирэх 2017 онд зэсийн баяжмалын экспортоос төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн орлогын гурван хувиас давахаар байгаа аж. Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай үнийг тэнцвэржүүлсэн журмаар тооцжээ. Ирэх оны төсөвт нэг тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 4.599.0 ам.доллар, зах зээлийн үнийг 4.800.0 ам.доллар байхаар тооцож, Тогтворжуулалтын санд 7.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байна.
Баримт 9. Бүх шатны төсвийн Ерөнхийлөн захирагчдын төсвийн багцын бараа үйлчилгээний зардал (цалин хөлс болон бараа үйлчилгээний бусад зардал)-ыг 1.0 хувиар бууруулах, үүнтэй холбоотойгоор төсвийн урсгал зардлыг 27 тэрбум 762 сая төгрөгөөр бууруулжээ.
Баримт 10. Харин иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусгалаа.
Баримт 11. Зөвхөн эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн боловсрол болон онцгой байдлын салбарт иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой орон тоог төсвийн төсөлд тусгах, бусад аливаа орон тоог нэмэгдүүлэхгүй юм байна.
Баримт 12. Төсвийн байгууллагын тэвчиж болох зарим урсгал зардлыг 2016 оны тодотголын түвшнээс хэтрүүлэхгүй байна. Улмаар салбарын онцлогийг харгалзан 10-100 хувь буурууллаа.
Баримт 13. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам болон дипломат төлөөлөгчдийн газруудаас бүх шатны төсвийн байгууллагын гадаад томилолтын зардлыг 100 хувь, тавилгын зардлыг 100 хувь бууруулсан байна.
Баримт 14. Өмнөх онуудад хэрэгжсэн нэг удаагийн шинжтэй, эсвэл хуульд өөрчлөлт орсны улмаас өөрчлөгдөж буй хөтөлбөр арга хэмжээний урсгал зардлыг 2016 оны тодотголтой харьцуулахад 410 гаруй тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Баримт 15. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд уурхайн төсөл, Таван толгойн төсөл, Гацууртын алтны ордын төсөл, Таван толгойн 450 мВт- ын цахилгаан станц, ДЦСЗ-ыг 250 мВт-аар өргөтгөх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болон эрчимжүүлэх юм байна.
Баримт 16. Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.0 хувь болохоор тооцжээ. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг мөрдлөг болгох юм байна.
Баримт 17. Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрт тушаасан малын арьс шир, ноос болон хүнсний улаанбуудайн урамшуулалд зориулж нийт 54 тэрбум төгрөгийг ирэх онд олгохоор төсөвлөсөн байна.
Баримт 18. “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”, “Соёл урлагийг дэмжих" санг тус тус шинэчлэн байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэхээр тооцож төсөвт тусгалаа.
Баримт 19. Ахмад настай азай буурлууддаа “Насны хишиг" олгоход 20.5 тэрбум төгрөг төсөвт суулгав. Цагаан cap болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан насны хишгийг жилд хоёр удаа олгоно.
Баримт 20. Шинээр байгуулагдсан “Боловсролын зээлийн сан”-г бэхжүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор ирэх онд 104.5 тэрбум төгрөгийн зээл олгох эх үүсвэрийг төсвөөс санхүүжүүлнэ. Үүнээс дэлхийн шилдэг их сургуульд шинээр элсэн суралцагчдад төрөөс сургалтын төлбөрийн зээл олгохтой холбогдуулан нийт 14.5 тэрбум төгрөгийг төсөвт тусгалаа. Мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн хувьсах зардлын төсвийг нэг суралцагчид ногдох нормативаар тооцон өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр олгоход есөн тэрбум төгрөгийг төсөвт тусгасан байна.
Баримт 21. Төсвийн боломж, нөөцтэй уялдуулан эдийн засгийн хүндрэлтэй байх төлөвтэй 2017 онд зорилтот бүлгийн өрхөд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. 2019 оноос эхпэн бүх хүүхдүүдэд олгож эхлэхээр шийдвэрлэж ирэх онд 161.5 тэрбум төгрөг тусгажээ. Харин Хүүхэд харах үйлчилгээний стандарт нөхцөлийг сайжруулан үргэлжлүүлэхээр тооцож 5.8 тэрбум төгрөгийг төсөвлөлөө.
Баримт 22. Ирэх оны төсвийг батлахдаа Төрийн албан хаагчдын нийгмийн батапгааг тогтвортой үргэлжлүүлэх зорилтын хүрээнд төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжгэй холбоотой өмнөх зохицуулалтыг сэргээлээ. Ингээд 2017 онд тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийн зардлыг 89.5 тэрбум төгрөгөөр баталлаа. Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүд болон прокуроруудын цалинг шүүгчийн цалингийн хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шүүгчийн үндсэн цалингийн 65 хувьтай дүйцэхүйц түвшинд байхаар шинэчлэн тогтоов.
Баримт 23. Ингэснээр Улсын Ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн прокуроруудын цалингийн хэмжээг 1.730-2.211 сая төгрөг байхаар албан тушаал бүрээр тогтоож, 2017 оны төсөвт 9.5 тэрбум төгрөг суулгалаа. Харин Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалын цалингийн хэмжээг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн цалингийн хэмжээтэй адил байхаар 3.3 сая төгрөгөөр, Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн цалингийн хэмжээг гурван сая 250 мянган төгрөгөөр тус тус тогтоов. Улмаар Үндсэн хуулийн Цэцийн даргын 2017 оны төсөвт нэмж шаардагдах 341.8 сая төгрөгийг цалингийн зардалд тусгажээ.
Баримт 24. Монгол Улсын 2017 оны төсвийг батлахдаа хөрөнгө оруулалтын үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Иймд шинэ төсөл, арга хэмжээ эхлүүлэхгүй, шилжих ажлуудын санхүүжилтийг гүйцэтгэлтэй нь уялдуулан хойшлуулахыг хуулинд тусгасан. Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 172 тэрбум 794.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм байна. Нийтдээ 119 ажил багтаж буй аж. Мөн нийслэлийн зарим уулзварууд, замын өргөтгөл шинэчлэлийн зураг төсөл, зам барилгын ажлуудад санхүүжилт олгохоор тусгажээ. Эдгээрийн заримаас сонирхуулбал, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам 169.5 км замын ажил 2013 онд эхэлжээ. Нийт 34 тэрбум 637.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй энэ ажилд нэг тэрбум 893.3 сая төгрөгийн санхүүжилт олгох юм байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)