Өнөөдөр Америк долларын ханш 2600 төгрөг давчихлаа. Эдийн засагчдын таамаглалаар бол ноён ногоон өөдөө цойллоо гээд энэ онд 2500 л хүрэх байсан. Гэтэл оргил таамгийг аль хэдийнэ давж одов.
УИХ-аар 2017 оны нэгдсэн төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийх үеэр валютын өсөлтийн тухайд дурдсан. Түүний хэлсэн “Валютын ханш сүүлийн өдрүүдэд нэлээд огцом нэмэгдэж байна. Засгийн газар анхааралтай ажиглаж байгаа. Хяналтаас алдахгүй байдлаар явж байгаа” гэсэн үгийг ишлэхгүй орхиж болохгүй байх.
Энэ оны төгсгөл, ирэх оны эхний улиралд валютын ханш буурах байх гэдэгт найдаж байна.
Мөн тэрбээр хурлынхаа үеэр “Энэ оны төгсгөл, ирэх оны эхний улиралд валютын ханш буурах байх гэдэгт найдаж байна” гэсэн бүрхэг хариулт сэтгүүлчдэд өгсөн.
Долларын ханш өдрөөр биш цаг минутаар өсөж байхад Сангийн сайд хяналтанд байгаа гэсэн нь юу гэсэн үг вэ. Яг үнэндээ долларын ханш хяналтаас гардагаа гарч хаданд гарчихаад байна. Б.Чойжилсүрэн ард түмнийг хуурахаа боль.
Ёжилж хэлбэл сангийн сайд долларын ханшийг хяналтандаа байлгаж өсгөж байгаа юм байна. Ямар сайндаа л "Доллар авах гээд төгрөгөө тоолж байх хооронд ханш нь өсөж мөнгө хүрэхээ байчихаад байх юм " гэсэн явган яриа гарч байхав дээ.
Өнөөдөр америк долларын галзуурлыг намжаахад гадны шууд хөрөнгө оруулалт чухал. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 350-хан сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн гэх статистик бий. Ноён ногооны өсөлтөөс болж аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид үүд хаалгаа барихад тулаад буйг тэд сошиалаар илэрхийлж байгаа юм. Хэдийнэ 2600-г давсан ам.доллар удахгүй 3000 төгрөгт хүрэх бололтой.
Хяналтаас гарсан нь илхэн байгаа валютын ханшийн өсөлт хяналтад байгаа гэж Сайд Б.Чойжилсүрэн ард түмнийг хуурахын оронд гадаадын шууд хөрөнгө оруулалтадаа анхаарал хандуулах цаг нь болоод байна. Хяналтанд байгаа долларын ханш, юанийн ханш хяналтаас тань гарч хаданд цойлох үест өргөн хэрэглээний бараа таваарын үнэ нэмэгдэн, бүсээ чангалсан ард түмэн чинь дахин дахин чангалсаар байна.
Бас нэмж хэлэхэд Mongolia Metals&Mining-ийг үүсгэн байгуулагч, судлаач Ч.Эрдэнэдалай гэх эгэл монгол залуу аль эртнээс л долларын ханшийн өсөлтийг эдийн засгийн үндэслэлээр нь тайлбарлаад байсныг манайхан тоож ч хараагүй байх. Хаанаасаа хаалгач нь гэгчээр заавал албан тушаалтны үгээр хооллохыг чухалчлахаас гадна мэдлэгтэй, мэдээлэлтэй залуусынхаа үгийг хальт сонсоход гэмгүй шүү.
Тэрбээр "Ерөнхийлөгч 2200-г зохиомол ханш гэж байсан, Сангийн сайд 2016 оны төсөв 2150-аар батлуулсан, Орхон захирал 2200 ханасан ханш, цагаан сар гэхэд 2100 болно гэж прогноз хийж байсан. Би харин 2400 дээр оносон" хэмээж байсан юм. Ямартай ч долларын ханшийг өсгөхгүй барина хэмээн өөдрөгөөр харж байсан эрхэмүүдийн таамаг ийнхүү талаар болж ноён доллар төгрөгийг дэвслээ. Эдийн засаг хүндрэлтэй, өөдлөх үү уруудах уу гэсэн энэ эгзэгтэй цагт худал ярихгүй байх нь л чухал. Бодит үнэнд л гарц бий шүү дээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (31)