АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр эхэллээ. Анхны санал хураалт уламжлал ёсоор хамгийн түрүүнд Нью Хэмпшир мужийн Диксвилл Нотч тосгонд явагдаж, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон олонхийн санал авчээ. 10 хүрэхгүй сонгогчтой энэ засаг захиргааны нэгжийн насанд хүрсэн бүх иргэд нэг газар цуглаад хэнийг дэмжихээ шийддэг уламжлал өнгөрсөн зууны 60-аад оноос тогтсон юм байна. Цөөхөн сонгогчтой учраас дүн нь ч хамгийн түрүүнд гардаг аж. Энэ удаа ч ижил, санал авах хайрцгийг шалгах, саналын хуудас тоолох ажиллагаа ганцхан минутын дотор болж, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон ялжээ. Түүний төлөө дөрвөн сонгогч, Д.Трампын төлөө хоёр сонгогч саналаа өгсөн аж. Либертари намын нэр дэвшигч Гэри Жонсон нэг хүний дэмжлэг авчээ.
Филадельфид болсон Х.Клинтоны сонгуулийн сурталчилгааны хаалт эгээ л АНУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээж авч байгаа мэт болсон талаар хэвлэлүүд бичиж байна. Хаалтын ёслолд Ерөнхийлөгч Б.Обама хүрэлцэн очиж, Х.Клинтоны төлөө саналаа өгнө гэдгээ илэрхийлсэн аж. Дэмжигчдийнх нь дунд рок од Брюс Спрингстинээс гадна “Оскар”, Грэммийн шагналтнуудын бүхэл бүтэн чуулбар байсан гэнэ. Түүний сурталчилгааны хамгийн сүүлчийн видео ролик даваа, мягмар гаригт телевизүүдээр цацагдсан бөгөөд түүндээ зөвхөн улс төрийн үзэл бодлоороо биш, тогтолцоо, үнэт зүйлсийнхээ төлөө сонголтоо хийхийг уриалсан байжээ.
Өргөн уудам нутаг дэвсгэр, цагийн олон бүстэй учир сонгуулийн санал хураалт бүх мужид нэгэн зэрэг эхэлдэггүй нь АНУ-ын сонгуулийн нэг онцлог. Хамгийн түрүүнд санал өгөх мужуудын тоонд Флорида, Огайо, Хойд Каролина зэрэг маш чухал газрууд багтаж байгаа аж. Ажиглагчдын үзэж байгаагаар, дээрх гурван мужид ялж гэмээ нь Х.Клинтон Ерөнхийлөгч болох нь гарцаагүй гэнэ.Өрсөлдөгчид Нью-Йоркийн Манхэттэн дүүрэгт очин сонгуулийн үр дүнг хүлээдэг уламжлал 1944 оноос тогтжээ. Энэ үеэр хотын гудамжуудыг тэр чигт нь цагдаагийн хамгаалалтад авч, телевизийн шууд дамжуулалт хийх зорилгоор Таймс Скверийг ч чөлөөлдөг аж. Х.Клинтон сонгуулийн дүн сонссоныхоо дараа Гудзоны булангаас ёслолын буудлага хийх гэж байснаа цуцалжээ. Шар хэвлэлүүд үүнийг нь өлгөн авч “Ялалт байгуулна гэдэгтээ итгэхгүй байгаагийн шинж” хэмээн бичээд амжсан. Харин дэмжигчид нь “Өөр илүү гоё гэнэтийн бэлэг байгаа байх” гэж найдаж байгаа аж.
Ардчилсан намын бэлгэдлийн өнгө уг нь цэнхэр байдаг. Гэвч санал хураалтын үеэр цагаан болж өөрчлөгджээ. Цагаан нь XIX-XX зууны үед эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийн төлөө тэмцэгчдийн бэлгэдэл болсон өнгө юм байна. Тиймээс одоо санал хураах байр болгоны өмнө цагаан өнгийн хувцастай идэвхитнүүд флэш моб хийж, АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн төлөө саналаа өгөхийг уриалж байна.
Д.Трампын хувьд, Манхэттэн дахь тансаг харшид нь баярын хүлээн авалтын бэлтгэл аль хэдийнэ эхэлсэн гэнэ. Тойрон хүрээлэгчдийнх нь ярьж байгаагаар нэр дэвшигч өөрөө ялалт байгуулах талаар ярихгүй, тааж хэлэхээс айж байгаа гэх. Гэсэн ч ялчих юм бол хажуу талынхаа зочид буудалд зөвхөн Д.Трампын л хийж чадах тансаг хүлээн авалтыг хийнэ гэдгээ амлаад амжжээ.
Сурталчилгааныхаа сүүлийн нэг хоногийг Д.Трамп улс орноо хөндлөн гулд явж өнгөрүүлсэн гэнэ. Таван мужид ажиллажээ. Очсон газар бүртээ “Энэ удаагийн сонгууль бол улс орныг авлигажсан улстөрчид удирдсаар байх уу, эсвэл ард түмэн засаглах уу гэдгийг шийдэх сонгууль байх болно” гэж ярьж явсан байна. Хамгийн сүүлийн сурталчилгааны видеондоо ч “Одоогийн удирдагчид бүгд авлигад идэгдсэн, Хиллари Клинтон ч адил” гэсэн үгс оруулжээ. Шоронд байвал зохих этгээд, зальтай эмэгтэй. Д.Трампыг дэмжигчид Х.Клинтоныг дээрх үгсээр зураглаж, сурталчилгаагаа хийж байна. Тэдний бодлоор бол Х.Клинтон Конгрессийг хуураад зогсохгүй сонгууль будлиантуулсан хэргээр шоронд суух ёстой нэгэн аж.
Санал хураалтын явцад латин америк гаралтай иргэд олноороо сонгуульд оролцож, дээд амжилт тогтоож байгаа нь Д.Трампыг дэмжигчдийн хардлагыг төрүүлсэн байна. Тухайлбал, Флоридад явагдсан санал хураалтад оролцсон испани гаралтай сонгогчдын тоо өмнөх сонгуулийнхаас бараг хоёр дахин илүү байжээ. Жоржиа, Хойд Каролина мужид ч ийм дүр зураг ажиглагдаж байгаа юм байна. Невада зэрэг хэд, хэдэн мужид латин америк гаралтай сонгогчид бараг 100 санал хураалтад оролцсон гэсэн мэдээлэл байна. Тэд бүгд Х.Клинтоныг дэмжсэн гэж үзэх үндэслэл байгаа юм. Мөн “царцаа” буюу өөр тойргийн сонгогчдыг зохион байгуулалттайгаар олноор нь шилжүүлж авчран санал өгүүлэх явдал их гарч байгаа аж.
Нью Йорк дахь сонгуулийн штабын ажилтан, Ардчилсан намын гишүүн Алан Шулькинаас энэ талаар тодруулсан бичлэг маш сонирхолтой. Бичлэгийг өнгөрсөн арванхоёрдугаар сард буюу Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах санал асуулгын үеэр хийсэн байсан юм. Сэтгүүлч А.Шулькин хоёрын яриа дараахь байдлаар өрнөжээ.
-Миний бодлоор санал хураалт маш хуудуутай болж байна. Зарим тойргуудад олон хүнийг нэгдсэн байдлаар хэсгийн хороод руу зөөж, санал өгүүлж байна. Санал авах байрны гадна хүмүүсийг бөөн, бөөнөөр нь л буулгаж байна.
-Тэдний бичиг баримтыг нь шалгадаггүй юм уу?
-Тэднээс бичиг баримт шаардах нь битгий хэл асуух ч хориотой байдаг.
-Юу асуух хориотой гэж вэ?
-Хүнээс бичиг баримтаа үзүүлэхийг шаардах хориотой.
-Яагаад?
-Хууль нь тийм юм.
Нам доторхи өрсөлдөөнийхөө үеэр ийм арга хэрэглэж байсан Ардчилагчид энэ удаа ч сурсан зангаа тавихгүй гэж Бүгд найрамдах намынхан үзэж байгаа учраас дэмжигчиддээ хандан, санал авах байрны орчимд жижүүрлэхийг хүсч байгаа аж.