Нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа хөтөлбөрүүдийн нэг нь ипотекийн зээл. Банкууд найман хувийн зээлийн материал хүлээн авч байгаа ч зээл олгохгүй байгаа юм. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгчийн А-295 тоот тушаал өнгөрсөн 10 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан байна. Үүгээр орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журмыг шинээр баталсан аж. Шинэ журмаар голлох хоёр өөрчлөлт орсон байна. Тэгвэл шинэ журам юу тусгасныг 24 баримтаар хүргэе.
Баримт 1. Ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкны мэдэлд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс санхүүжүүлнэ.
Баримт 2. Тухайн сардаа хэдий хэмжээний эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэх юм. Ингэхдээ Монголбанк тухайн сард олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг тухайлсан банк бүрт мэдэгдэнэ. Энэ дагуу банкууд зээлийн шийдвэрээ гаргаж, өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгосны дараа Монголбанк санхүүжилтийг олгох юм.
Баримт 3. Монголбанк урьдчилж ямар нэгэн байдлаар санхүүжилт хийхгүй. Арилжааны банкууд эхлээд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсний дараа Монголбанкнаас нөхөж олгох байдлаар явагдах юм байна.
Баримт 4. Тухайн зээлдэгч ипотекийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой аж.
Баримт 5. Өнгөрсөн хугацаанд өндөр орлоготой иргэд өөрийн нэр дээр хэд хэдэн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлээр авсан тохиолдол гарч байсан. Цаашдаа ийм байдлаар нэг зээлдэгч олон давхар зээлтэй байх боломжгүй юм байна.
Баримт 6. Хэрэв өмнө нь ямар нэгэн ипотекийн зээлд хамрагдсан бол тэрхүү зээлийн үлдэгдлээ бүрэн төлж дууссаны дараа дараагийн зээлдээ хамрагдах боломжтой юм.
Баримт 7. Мөн зээлд хамрагдах хугацааг 30 хүртэлх жил, урьдчилгаа төлбөр мөн 30 хувиар тогтож байгаа аж.
Баримт 8. Ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбай 80 ам.метрээс ихгүй байна.
Баримт 9. Энэ журмаар Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Улсын Их Хурлын 2016 оны 40 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монголбанкнаас банкинд орон сууцны ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр олгох, түүний нөхцөлийг тодорхойлох, эргэн төлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
Баримт 10. Энэ журам нь зөвхөн Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үйл ажиллагааг зохицуулах бөгөөд Монголбанкнаас баталсан орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохицуулах журамтай нийцсэн байна.
Баримт 11. Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоонд оролцогч талуудын эрх, үүрэг, тэдгээрийн хооронд хийгдэх санхүүгийн бүтээгдэхүүний хэлцлийн бүтэц, нөхцөлийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Банкууд, МИК ОССК ХХК-ийн хооронд байгуулах Ерөнхий гэрээнд тусгана.
Баримт 12. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үйл ажиллагаа нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд, заавал байлгах нөөцийн шаардлагыг ханган ажиллаж буй банкаар дамжин хэрэгжинэ.
Баримт 13. Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар, зээлийн хүү жилийн 8 хувь байна.
Баримт 14. Зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах бөгөөд урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй, ЗҮХ 70 хувиас дээшгүй байх ёстой аж.
Баримт 15. Өрхийн орлогын хэмжээ өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.
Баримт 16. Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80м2-аас ихгүй байна.
Баримт 17. Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар) бөгөөд бүрэн хорогдох, тогтмол хүүтэй байна хэмээн журамд тусгажээ.
Баримт 18. Зээл хүсэгч өөрийн өмчлөлд байгаа орон сууцыг барьцаа болгон орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авч, зээлээр худалдан авах шинэ орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж болно.
Баримт 19. Нийтийн зориулалттай орон сууцны нийт талбайн хэмжээг “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” МН8 6058:2009 стандартын дагуу тооцно.
Баримт 20. Орон сууцны ипотекийн зээл хүсэгч нь Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай нэгэн байх бөгөөд банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай.
Баримт 21. Банк, санхүүгийн байгууллагад Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх. Мөн үүнд хамтран зээлдэгч хамаарах аж.
Баримт 22. Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй, зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдах ёстой.
Баримт 23. Монголбанк өөрийн өмчлөлд байгаа ИЗББ-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэрийг банкинд олгоно.
Баримт 24. Монголбанк банкинд тухайн сард олгох эх үүсвэрийн дээд хэмжээг тогтоох бөгөөд тогтоосон хэмжээг өмнөх сарын сүүлд банк тус бүрт мэдэгдэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)