АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өнөөдөр болно. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас тэрбумтан Доналд Трамп нар нэр дэвшиж байгаа билээ. Тэд кампанит ажлынхаа хүрээнд гурван удаа халз мэтгэлцэж экс тэргүүн хатагтайн ялалтаар төгссөн юм.
“Real Clear Politics” улс төрийн судалгааны төвийн судалгаагаар сонгуульд санал өгөх магадлалтай америкчуудын дунд Хиллари Клинтоны нэр хүнд өндөр байгаа аж. Д.Трамп “Хүчирхэг Америкийг дахин сэргээнэ” гэсэн уриатайгаар сонгуулийн суртчилгаагаа хийсэн билээ. Энэхүү уриаг Роналд Рейган 1980 онд дэвшүүлж байсан юм.
Харин Д.Трамп цагаачлалын бодлого болон худалдааны гэрээг шинэчлэх, дунд давхаргын америкчуудын татварын тухай асуудлыг мөрийн хөтөлбөртөө багтаажээ. Х.Клинтоны хувьд “Хиллари Америкийн төлөө” гэсэн уриан дор сурталчилгаа явуулсан бөгөөд тэрбээр санхүүгийн шинэчлэл, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд болон нийгмийн халамжийг сайжруулах зэрэг амлалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан юм.
Тэгвэл АНУ-ын муж улсуудад өнөөдөр эхэлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн маргааш тодорхой болно.