Өдгөөгөө хоёр жилийн өмнө буюу 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж байсан билээ. Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцрох үедээ УИХ-ын чуулган дээр чухам юу өгүүлж байсныг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Итгэл найдвар, шинэчлэл өөрчлөлтийн асар их хүлээлтийг хөсөрдүүлэхгүй гэсэн зүтгэл маань сайн хамт олон, зорилго нэгт танхимын гишүүд, шинэчлэлийн төлөө сэтгэл гарган зүтгэсэн аймаг, орон нутгийн удирдлагууд болон төрийн бүх шатны албан хаагчид бүтээн байгуулалтыг гардан хийсэн ажилсаг түмэн, итгэл өгөн дэмжих ард түмний дэмжлэгтэйгээр хүндхэн цаг үед бас боломжийн үр дүн, бодит бүтээмжтэйгээр үргэлжилж байна.
Баримт 2. Бид цаасан дээр ажиллаж, цэцэрхэж хийрэх нь цаг алдалгүйгээр хийж бүтээхэд бүхий л цаг хугацаа, ажил үйлс, хүсэл зорилгоо дайчлан зориулсан нь өнөөдөр та бүхний өмнө нүүр бүтэн зоригтой зогсох боломж олгож байгааг шуудхан хэлмээр байна. Хийж бүтээсэн бодитой ажлууд цаашдаа хийж бүтээх ажил үйлс маань бүгдийн нүдэн дээр ил тод, хангалттай хурдтайгаар үргэлжилж байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй харж байгаа.
Баримт 3. Огцор гэж сөрөг хүчин шаардсан. Огцрохын тулд бодит шалтгаан хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар улс орныхоо эдийн засаг, ард түмнийхээ амьжиргаа, Монгол Улсын гадаад нэр хүнд, харилцаа, хамтын ажиллагаа бүхэлд нь нуруундаа үүрч явдаг онцгой ач холбогдол үүрэг бүхий төрийн том багана юм. Хэсэг бүлгийн хангагдаагүй эрх мэдэл, хэн нэгний явцуу эрх ашгаас үүдсэн үндэслэлгүй, бодлогогүй тэмцэлд ганхаж тогтворгүйтэх юм бол ард түмний язгуур эрх ашигт шууд харшлахуйц хариуцлагагүй үйлдэл болно.
Баримт 4. Сөрөг хүчний өргөн барьсан огцруулах үндэслэлд бодитой тоо баримттай хариултыг товчхон өгье. Эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй байснаа 6.3 хувь боллоо. Энэ тоо бодитойгоор ингэж гарсан нь үнээн. Тэгэхдээ 17.3 хувийн эдийн засгийн өсөлтийг өгч байхад тэр үед бол Оюу толгой зэрэг томоохон үйлдвэрийн нөлөө бараг энэний тал хувийг бол бүрдүүлсэн байгаа.
Баримт 5. Өнөөдөр яагаад Монголын эдийн засгийн өсөлт ийм бага гарч байгаа юм бэ гэж. Өнөөдөр бол бид нар бодитой хөрсөн дээрээ буусан, гаднын хөрөнгө оруулалт, гаднын дэмжлэг туслалцаагүй болсон энэ цаг үед өөрийнхөө дөрвөн булчингаараа хийж бүтээснээрээ энэ эдийн засгийн өсөлт бий болж байгаа юмаа.
Баримт 6. 2014 оны хагас жилийн статистикээс үзэх юм бол 5.3 хувийн өсөлтийн маань 3 хувийнх нь, 3 функтийг нь бол манай уул уурхайн импортын бус гаднаас хамааралтай бус гэсэн үг. Олборлолтын өсөлт эзэлж байгаа юм. 1.9 хувийг нь бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бүрдүүлж байгаа юм. Энэ бол дотоодын эдийн засгаар бүрдүүлж байгаа цэвэр өсөлт. Монголчууд бид ингэж л амьдрах хэрэгтэй. Айлаас эрэхээр авдраа уудал. Гаднаас яахаар өөрснөө хөдөлмөрлө, монголдоо бүтээцгээе, хийж болох юмаа өөрснөө хийе гэсэн энэ зорилтын хүрээнд өөрийн гэсэн эдийн засгийн өсөлт бий болж байгаа юмаа. Хоосон тоогоор хөөцөлдөж хэрэггүй ээ.
Баримт 7. Дэлхийн банк 2010 оны, 2014 оны 10 сард хийсэн илтгэлдээ монголын төсвөөс гадуурх зардал нь бол эдийн засгийн өсөлтийг бууруулах биш харин ч олон улсын зах зээлийн яг эрдэс баялгийн үнэ унасан ийм гадаад орчны ихээхэн таагүй нөхцөл байдалд эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл болжээ гэж энэ та бүхний хэлээд байгаа байгууллагууд дүгнэсэн байгаа юмаа.
Шинэчлэлийн Засгийн газар шүүмжлэл, доромжлолын ширүүн шуурган дундуур Монгол Улсын сүүлийн 20-30 жилд хийгдэж байгаагүй олон бодит ажлыг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц үр дүнтэйгээр бүтээн бий болгоод байгаатай хэн ч маргахгүй биз ээ.
Баримт 8. Монгол Улсын гадаад дотоод өрийн үлдэгдлийн ДНБ-нд эзлэх хувийг Олон улсын валютын сан, Дэлхийн банкны шинжээчид тооцож үзээд дундаж гэсэн ангилалд оруулсан. Монгол Улсын өрийн үлдэгдэл ДНБ-нд харьцуулсан шалгуур үзүүлэлтийн төвшин нь бол энэ 9 сарын 30-ны байдлаар 49.3 хувьтай байна.
Баримт 9. Оюу толгойн эхний шатны хөрөнгө оруулалт 2010, 2012 онд хийгдэж байхад 1 тэрбумаас 4.9 тэрбум ам.доллар болтлоо өсөж, гадаадын хөрөнгө оруулалт өсөж, энийг дагалдсан бизнесийн хөдөлгөөн бол Монголд нэлээн голлох нөлөө үзүүлж байсан. Нэгдүгээр үе шат дууссанаар хөрөнгө оруулалтын хэмжээ бол үндсэндээ зогссон. Хоёрдугаарт, 2010-2012 онуудад дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өндөр байснаар манай 40 орчим аж ахуйн нэгж олон улсын зах зээл дээр IPO хийх замаар хөрөнгө татсан бол 2012-2014 онуудад нүүрсний үнэ тасралтгүй унасаар өмнөх шиг хувьцаа гаргаж, хөрөнгийн биржээс хөрөнгө босгох төслийг өргөтгөхөд шинэ хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа багассан байна аа. Гуравдугаарт, 2010 оноос эхлэн 2012 оны 5 сар хүртэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хязгаарлах эрх зүйн актуудыг Улсын Их Хурал баталж, улс төржүүлэх, хөрөнгө оруулагчдыг шахах хандлага бол давамгайлсан. Ийм учраас гадаадын хөрөнгө оруулалт багассан.
Баримт 10. Бид шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр Улсын Их Хуралтайгаа хамтраад хөрөнгө оруулалтын тухай сангийн хууль, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгох хуулиудыг баталж, зарим хориглогдсон байсан хуулиудыг бол цуцалсан. Ингэснээр хөрөнгө оруулалт нэмэгдэх ийм боломж нөхцөл бүрдэж байна.
Баримт 11. Монгол Улсад бүртгэлтэй 54337 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон гэх үндэслэлийг дэлгэрэнгүй манай Засгийн газрын байгууллагууд, статистикийн байгууллагуудтай нягталж үзлээ. Энэ 54 мянга гэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд нэг өдөр үйл ажиллагаагаа зогсоогоогүй юм байнаа. Энэний 10.2 хувь нь байгуулагдсанаасаа хойш ямар ч тайлан ирүүлдэггүй. Тэрнийг оруулдаг юм байна. 36 хувь нь бол үйл ажиллагаа явуулаагүй тайлан ирүүлсэн. Ингэхээр бараг энэний 45, 50 орчим хувь нь бол байгуулагдсанаасаа хойш тайлан ирүүлээгүй, үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжүүд байдаг юм байна. Дээр нь Монгол 999 гэх ажиллагаагаар Таван толгойн хувьцаа авах зорилгоор маш олон зохиомол олон компаниуд бүртгэлийн төдий үүссэн байсан юм.
Баримт 12. Өрийн асуудал дээр бид нар одоо тогтож ярилцаж, ард иргэдээ ч гэсэн нэг мөр ойлголт өгөх ийм шаардлагатай байгаа юмаа. Би хоёр өрийн тухай ярья. Нэгдүгээрт, Өмнө нь Засгийн газрын...тэр Оюу толгойгоос 250 сая долларын урьдчилгаа төлбөр нэртэй хүүтэй мөнгө авсан. Яахав уг нь урьдчилгаа төлбөр нэртэй. Тэгэхдээ энэ бол хүүтэй мөнгө л дөө. Энэнээс бид нар 166 сая долларыг нь төлчихөөд байна.
Баримт 13. Одоо цаана нь нэг 90 гаруй сая доллар бол төлөгдөөгүй байна. Хоёр янзын хэлбэрээр төлж байгаа юм. Нэгийг нь бол бэлнээр төлж байгаа. Сая 10 сард бид нар 115 сая долларыг бэлнээр төлсөн. Нөгөө нэг хэлбэр нь бол Оюу толгой Монгол Улсын төсөвт төлөх татвараас нь суутгаж байгаа. Үнэн хэрэгтээ бид нар бол Монгол Улсын төсөвт мөнгө авахгүй байгаа.
Баримт 14. Оюу толгойн 250 сая доллар. Энэ мөнгийг бид юунд зарцуулсан юм. Энэ бол үндсэндээ 450, 60 тэрбум төгрөг. Энийг бид нар ард иргэддээ амласан өмнөх засгийн үед амласан 21 мянган төгрөг, 1 сая төгрөгийг тарааж өгөхөд бол зарцуулсан байгаа.
Баримт 15. Хоёрт, Эрдэнэс МГЛ гэдэг компани 416 тэрбум төгрөгийн өртэй ирсэн. Бүгдээрээ мэдэж байгаа бас. Чалкотой гэрээ хийгээд, бусад газраас гэрээ хийгээд, нүүрсээ бид нар та нарт өгнөө гэж хэлээд мөнгийг нь авчраад тараачихсан юм. Өнөөдөр бид нар энэ өрийг хараахан төлж дуусаагүй байна. 2014 оны 9 сарын 30-ны байдлаар 97 орчим тэрбум төгрөгийг төлөөд байж байна.
Баримт 16. Гуравдугаар зүйл нь Монголбанкны зээлийн өр. Энэ бол нэг 361 тэрбум төгрөг. Энийг бид бас тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан. Ахмад настны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 1 сая төгрөгийг өмнөх Засгийн газрын үед бүрэн өгч чадахгүйгээр орхисон байсан юм. Энийг бид нар ямар өмнөх Засгийн газар амлаад хаячихсан юмаа гэж хэлээд төлөхгүй байлтай биш ард иргэд хараад сууж байгаа учраас бид нар дотоодод фонд босгож, 122 тэрбум төгрөг төлсөн.
Баримт 17. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойших 2 жилийн хугацаанд 2 их наяд 600 тэрбум төгрөгийн өр төлөөд байна. Тэгэхдээ өмнөх Засгийн газраас үлдсэн бүх өр төлөгдсөн үү гэвэл төлөгдөөгүй. Одоо 500 тэрбум төгрөгийн өр үлдэж байна.
Баримт 18. Чингис бондоос бол 2 их наяд 500, 2.5 их наяд хэмжээний төгрөг бий болсон. Өөрөөр хэлбэл түрүүчийн миний хэлдэг 1.5 тэрбум ам.доллар гэдэг бол одоо монгол төгрөгөөр дундажлаад шилжүүлэхээр 2.5 их наяд төгрөг байгаа юм. Ийм хэмжээний зээлийг авсан. 580 сая ам.долларын евро бонд, Самурай бонд 30 тэрбум иений Самурай бонд гээд ингээд нэлээн олон зээл авсан. Үүнийг хоёр эх үүсвэрээс төлнө.
Баримт 19. Энэ гаднаас авчирч байгаа бондын мөнгийг нэг хэсгийг нь бол төсвөөс заавал төлөх ёстой хөрөнгө оруулалт уруу хийж байгаа. Аймгуудын зам, станц энэ бол дандаа төсвөөс төлөгдөх мөнгө болж хөрөнгө оруулалт хийгдэж байгаа.
Баримт 20. Нөгөө хэсэг нь цементийн үйлдвэр, гурилын үйлдвэр, гутлын үйлдвэр ийм хэмжээний дандаа ноосны үйлдвэр, ноолуурын үйлдвэр гэх шинжтэй төслийг дэмжсэн арга хэмжээнд энэ зээлүүд явж байгаа. Тийм хоёр эх үүсвэрээс энэ мөнгийг төлнөө.
Баримт 21. Би Ерөнхий сайд, намын даргын хувьд биш, ер нь би хувь хүн гэдэг үүднээсээ та бүхэнд бас эмзэглэж явдаг нэг зүйлээ хэлье гэж бодсон юм. Бид улс орноороо 25 жилийн өмнө ардчиллын замыг сонгосон. Ардчилсан улс гэж өөрснөө ярьж байгаа. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө сайдаж муудаж, эвлэж нэгдэж, бас хамтдаа засаг хүртэл байгуулж, зүтгэсээр өнөөдөртөө золголоо. Гэвч яг өөрсдийнхөө бодож, хүсэж, зүтгэж байсан зөв замаараа явж байна уу, үгүй юу гэдгийг эргэж нэг бодож, эргэцүүлэх цаг бас ирж байгаа юм байна. Хэт их улс төржсөн, талцсан, толхилцсон, өөр өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлсэн, амин хувийн нэр хүндээ дээдэлдсэн, ашиг хонжоо хайсан, явцуу үзэл, явцуу үйл ажиллагаанууд бас хэрээс хэтэрлээ.
Баримт 22. МАН улс төрийн тэмцэл нэрээр улсаа хорлодог байж болохгүй. МАН түмний төлөөлөл гэдгээ умартаж, төрийн ажлыг гацаадаг байж хэрэггүй дээ. МАН ард түмний дайсан бол АН гэж сурталтдаг байж хэрэггүй дээ. МАН бид л биш бол бусад нь чаддаг байх ёсгүй гэдэг аминч үзэлтэй байж бас болохгүй шүү дээ. МАН ард түмнээ ардчиллынхан гэж ялган ад үзэн гадуурхдаг байж болохгүй ээ. МАН хөгжил дэвшилд хөшүүн хойрго, хүнд сурталтай ханддаг байж болохгүй ээ. Тайван бай. Эдгээр дутагдлаа ойлгон ухамсарлаж, эх орныхоо язгуур эрх ашгийг улс төрийн ашиг хонжооныхоо өмнө тавих болсон тэр цагт хамтран ажиллахад бэлэн байгаагаа би хувь хүнийхээ хувьд илэрхийлж байгаа.
Баримт 23. Шинэчлэлийн Засгийн газар шүүмжлэл, доромжлолын ширүүн шуурган дундуур Монгол Улсын сүүлийн 20-30 жилд хийгдэж байгаагүй олон бодит ажлыг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц үр дүнтэйгээр бүтээн бий болгоод байгаатай хэн ч маргахгүй биз ээ.
Баримт 24. Эв нэгдэл, харилцан ойлголцол, эрх чөлөөн дээр суурилсан нийтлэг үнэт зүйл ирээдүйд итгэх итгэл юмаа. Энэ итгэл дээр бидний хойч үе хөгжин дэвжиж, эдийн засаг өсөн дээшилж, нийгмийн хөгжил цэцэглэх болноо. Энэ бол монголын ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, зүтгэх зүтгэлийн минь шалтгаан юмаа. Ард түмнийхээ язгуур эрх ашгийг би эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаалнаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (55)