Мьянмар Улсад 800 тэрбум орчим иен буюу 7.7 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ.
Японд айлчилж буй Мьянмарын Төрийн зөвлөх Ан Сан Су Чи-г Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн лхагва гаригт хүлээн авч уулзах үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна.
Ирэх таван жилийн хугацаанд Мьянмар Улсад Японы Засгийн газар болон хувийн хэвшлээс үзүүлэх энэ тусламж нь газар тариалан эрхэлдэг тосгодын дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох болон аж үйлдвэрийг дэмжих зэрэг есөн чиглэлийг хамрах аж. Мөн Япон Улсаас Мьянмарт 100 сая орчим ам.доллартой тэнцэх мөнгөн дүн бүхий иенийн зээл олгох аж. Хамгийн бага хүүтэй уг зээлийг Мьянмарын хоёр усан цахилгаан станцыг засварлахад зарцуулах юм байна.
Хатагтай Ан Сан Су Чи Японы Ерөнхий сайдын хамт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Мьянмарт ардчиллыг бэхжүүлэх, энх тайвныг тогтоох, хөгжлийг хөхүүлэн дэмжихэд Япон Улс цаашид ч тусламж дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэжээ.