“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудал өнөөдөр ч олны анхаарлыг татсан хэвээр байна. Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаархи Засгийн газрын нууц хуралдааны тэмдэглэл ил болжээ. Тус хуралдааны үеэр Эрдэнэтийн хувьчлалд голлох “тоглолт” хийсэн Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон чухам юу өгүүлж байсныг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмээний тухай” Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Сангийн сайд Б.Болор, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа нар оролцжээ.
Баримт 2. Мөн хуралдаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго, мөн газрын хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-эрдэнэ, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Засгийн газрын ахлах референт Н.Буяндэлгэр, Засгийн газрын референт Б.Болор-Эрдэнэ, Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Худалдаа Хөгжлийн Банкны зөвлөх М.Мөнхбаатар, Худалдаа Хөгжлийн Банкны хуульч Ц.Пүрэвтүвшин оролцсон аж.
Баримт 3. О.ОРХОН: Монголросцветметийн хувьд үндсэндээ худалдаж байгаа асуудал нь бол яг шадар сайдын хэлснээр маш хүнд байдалтай байна. РОСТЕХ компаниас шууд 5 сая долларын зээл авсан байгаа.
Баримт 4. Монголросцветметийн 49 бас адилхан шилжиж байгаа монрос дээр Асгат гэх стратегийн ордны асуудал байгаа учраас энийг бол дараа нь тусгайлан шийдвэрлэсэн нь зүйтэй байх гэж үзэж байна.
Баримт 5. Компанийн 49 хувийг оросын талын өрийн хамт худалдаж авч байгаа. Монголын аж ахуйн нэгжүүд тэр дотроо ХХБ гэх мэтчилэн дотоодын арилжааны банкууд бас зээлтэй байгаа. Энэ зээлүүд болон таны асуусан лиценз бусад бүх өмч хөрөнгө компанидаа үлдэнэ. Тэгэхээр зэрэг монголын төр 51 хувь, монголын хувийн компани 49 хувь болж эзэмшинэ гэсэн үг.
Баримт 6. Энэ асуудлыг бэлтгэх явцад бол оросын холбооны улсын засгийн хуралдаан болсон байгаа. Хууль зүйн яамны дүгнэлт бас гарж байгаа, оросын холбооны улсын. олон улсын нэр хүнд бүхий хуулийн компаниас болон монголын "жи ти эс содвакаци" гэж хуулийн компаниудаас хуулийн дүгнэлт гаргуулсан.
Баримт 7. Эдгээр асуудлууд бүгдээрээ хэлэлцэгдээд хоёр орны засгийн газар хоорондын байгуулсан гэрээ нь өөр өөрийгөө хүчингүй болгох ийм заалттай учраас улсын их хурлаар орох шаардлагагүй юм байна гэсэн дотоод, гадаадын дүгнэлтүүд гарсан байгаа. Аль нэг тал нь гуравдагч этгээдэд хувьцаагаа бүхлээр нь буюу хэсэгчлэн худалдах эрхтэй. Энэ тохиолдолд нөгөө тал нь худалдан авах давуу эрхтэй. Хэрвээ энэ давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд худалдагдаж, энэ засгийн газар хоорондын гэрээ автоматаар хүчингүй болно гэсэн ийм заалттай байгаа учир бид бол улсын их хурлаар оруулах, батлуулах шаардлагагүй гэж үзсэний улмаас энэ гэрээ, хэлэлцээрүүд ингэж явагдсан байгаа.
Баримт 8. "Ростех"-ийн санал болгож байгаа "Эрдэнэт" болон "Монголросцветмет"-ийн 49 хувийн хувьцаануудыг Монголын засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд зөвшөөрөх гэсэн засгийн газрын, медведевийн гарын үсэгтэй шийдвэр гарсан байгаа.
Баримт 9. Гол худалдан авагч, хөрөнгө оруулагч нь худалдаа хөгжлийн банк, "Ти Ди Би Капитал" компани байгаа.
Баримт 10. Манай монгол улсын хамгийн том арилжааны банк, хамгийн нэр хүндтэй, хамгийн олон улсын харилцаа сайтай банкны хувьд бид бас шууд нэр холбогдохоос жаахан түдгэлзэж, н.Пүрэвтүвшин гэж иргэн дээр явж байгаа. Таны уншиж танилцсан материал дээр байгаа. Хэрвээ Худалдаа Хөгжлийн Банк, Ти Ди Би групп болон тэрнээс, Ти Ди Би группээс бусдад худалдах юм бол дахиад -"Ростех"-д нэмэлт 100 сая долларын торгууль төлнө гэсэн ийм заалттай. Энэ заалт нь өөрөө 18 сарын хугацаанд хүчинтэй гэж байгаа.
Баримт 11. Бүх хөрөнгийг яг дотоодын гүйлгээгээр шууд худалдаа хөгжлийн банк шилжүүлэх замаар аливаа нэгэн оффшор данс, оффшор компани дамжихгүйгээр яг цэвэр Монгол, Оросын хоорондын арилжаа маягаар явуулахаар байгаа.
Баримт 12. Ер нь бол дотоодын аж ахуйн нэгж рүү шилжсэнээр энэ компани бол, одоогийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурал гэж байхгүй. Бүх зүйлийг совет дээр шийддэг ийм гэрээний дагуу явж байгаа. Энэ гэрээ автоматаар хүчингүй болсноор монголын компанийн тухай хуулиар зохицуулагдана. Тэрэн дээр бол 51 хувийн эзэмшигчийн давуу тал бүх эрх, үүргүүд компанийн тухай хуулиар зохицуулагдана.
Баримт 13. Хоёр стратегийн ач холбогдолтой орд, дээрээс нь ингээд төр 51 хувьтай ийм тохиолдолд бол хөрөнгө оруулалтын гэрээ цаашдаа байгуулж явах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Баримт 14. Монросийн хувьд бол 5 сая долларыг шууд "ростех" компани хоорондын зээлийг өгсөн байгаа.
Баримт 15. Би дахин хэлмээр байна. Засгийн газрын шийдвэрүүд байгаа, худалдаж авах гуравдагч этгээдэд худалдсанаар хүчингүй болох .. тодорхой заалттай гэрээ байгаа. УИХ-аар, хуулиар баталсан. Хуулиар бол энэ гэрээг баталсан, энэ гэрээ нь өөрөө өөрийгөө хүчингүй болох заалттай учраас дахиж энийг оруулах, соёрхон батлуулах шаардлагагүй гэж бид үзэж дүгнэлтээ гаргаж байгаа.
Баримт 16. Оросын тал ч гэсэн ингэж үзсэн. Ер нь нэмж хэлэхэд, энэ асуудлыг ингээд монголын хуулийн дагуу ийм байна гээд дүгнэлтүүдийг нь хоёр талаасаа үзээд, батлаад, оросын хамгийн дээд түвшиндээ хүртэл бүх шийдвэрээ гаргачихсан байгаа энэ нөхцөлд бид нар тодорхойгүй шийдвэр гаргах юм бол, энэ асуудал маань зогсоно. Энэ бол олон жилийн турш олдох богино боломж.
Баримт 17. Тэгээд хурал нэгэнт нууцаар явж байгаа учраас анхнаасаа энэ асуудал яагаад гарсан бэ гэхээр зэрэг оросын томоохон төрийн корпорациуд өөрийн эзэмшиж байгаа активуудыг хувьчилж эхэлсэнтэй холбоотой.
Баримт 18. Оросын болон бас гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд энэ 49 хувийг худалдаж авах талаар оросын засгийн газартай аль хэдийн гэрээ хэлэлцээрүүд нь эхэлчихсэн байхад нь бид дундуур нь орж энийг таслан зогсоон наашаагаа эргүүлж, ингэж явсан. одоо энэ дээр эргэж буцах, цаг алдах, хугацаа алдах боломж байхгүй.
Баримт 19. Хэрвээ ийм тохиолдол гарах юм бол энэ яриа хэлэлцээрүүд маань шууд зогсоно. Яагаад гэхээр зэрэг миний түрүүний хэлснээр оросны холбооны улс энэ шийдвэрийг, бас манай нууцаар гарах шийдвэрийг хүлээж байгаа. Гарангуут веб сайтаараа бас ил тод тавих ёстой ийм зарчимтай.
Баримт 20. Энхсайхан сайд аа, мэдээж энэ асуудлыг бид нухацтай авч үзэлгүй яахав. Оросын төртэй делл хийж байна. Монголын засгийн газар шийдсэн тохиолдолд бид нар зөвшөөрч байна гэж байгаа.
Баримт 21. Оросын талаас Гулизов гэж гүйцэтгэх захирал зурна. ТУЗ-ийн дарга Чемизов бол зурахгүй.
Баримт 22. 2003 оны засгийн газар хоорондын гэрээний "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой нь 17 дугаар заалт, монростой нь холбоотой нь 18 дугаар заалт, хоёр тусдаа гэрээ байгаа. Энд юу гэж байгаа гэхээр, энэ гэрээний хугацаа дуусахаас өмнө аль нэг тал нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэл хийж болно.
Баримт 23. Энэ дотор нь юу гэж байх ёстой гэхээр зэрэг өөрийн талын хувьцаа эзэмшилийг гуравдагч этгээдэд хувьчилах буюу, бүхлээр нь буюу, хэсэгчлэн худалдах болсон талаар мэдэгдэнэ. Энэ тохиолдолд нөгөө талд нь худалдаж авах давуу эрх хадгалагдана. Тэгээд маш тодорхой нэг өгүүлбэр байгаа. Энэхүү гэрээ нь аль нэг тал нь хэсэгчлэн буюу бүхлээр нь өөрийнхөө хувийг хувьчилсан тохиолдолд хүчин төгөлдөр бус болно гээд заачихсан байгаа.
Баримт 24. Хууль ёсны хувь эзэмшигч "Ростех" компаниас бол энэхүү бүх бичиг баримтыг одоохондоо бид нарт хүргүүлээд байгаа. Манай засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд энэ оросын холбооны улсын засгийн газрын шийдвэр албан ёсоор хүчин төгөлдөр болоод, тэгээд гадаад хэргийн яамаар дамжуулж буюу оросын холбооны улсын монгол дахь элчин сайдын яамаар дамжуулж албан ёсоор хүргэгдэх болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (57)