Есүс Христийн бунхан гэгддэг байгууламжийг анх удаа нээх ажиллагаа Иерусалемын хуучин хотод эхэлжээ.
Тус хотод орших Holy Sepulchre хэмээх сүм дотор загалмайн шашинтнуудын хамгийн ариун газар гэгдэх уг бунхан оршдог юм. Хамгийн сүүлд бунхныг 1555 оны үед гантиг хавтангуудаар хучсан гэдэг. Одоо эдгээр хавтангуудыг хуулах ажиллагаа явагдаж байгаа ба эцэст нь Есүсийг цовдлуулсных нь дараа хэвтүүлсэн гэх хаданд хүрэх ёстой юм байна.
Есүсийг М.Э 30-33 оны үед Ромчууд цовдолж хөнөөсний дараа энд оршуулсан гэдэг бөгөөд оршуулснаас гурав хоногийн дараа ирэхэд шарилнаас нь юу ч үлдээгүй байсан гэдэг. Загалмайтнууд түүнийг дахин төрсөн гэж үздэг юм. Түүний дараа Есүсийн шарилыг хэвтүүлсэн хадан дээр Эдикюл (Латин хэлээр “жижиг байшин”) хэмээх суварга босгосон бөгөөд энэ нь Holy Sepulchre сүмийн дотор оршдог юм. Хамгийн сүүлд 1808-1810 оны үед галд өртсөн Эдикюлийг сэргээн босгосон байна.
Одоо Эдикюлийг нээх ажиллагааг профессор Антониа Морополоугийн удирдлага дор Афиний Үндэсний Техникийн Их сургуулийн судлаачид гүйцэтгэж байгаа аж. Энэхүү ажиллагааны алхам бүрийг дүрс бичлэгт үлдээж байгаа ба сүүлд олон нийтэд сонирхуулах юм байна.
2016 оны гуравдугаар сард Есүсийн бунхныг судлах ажил эхэлж, 2017 оны хавар дуусахаар төлөвлөгджээ. Уг төсөлд $4 саяын санхүүжилт орсон ба Иорданы хаан хоёрдугаар Абдулла, Дэлхийн Хөшөө дурсгалын Сан зэрэг газруудын хандиваар бүрдсэн байна. Сүмийг хамгаалагчид ч өөрийн хувийг нэмэрлэсэн гэнэ.
Үндэсний Газарзүйн Суваг, Ариун сүмийг хамгаалагчид, Афиний Үндэсний Техникийн Их сургууль энэ ажиллагааг хамтран гүйцэтгэж байгаа аж.
Сэтгэгдэл (4)