2016 оны Орон нутгийн сонгуулийн санал хураах ажиллагаа өнөө өглөөний 07 цагт улс орон даяар эхэлсэн. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 21 аймгийн 1,613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7,282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7,282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч өрсөлдөж байгаа билээ. Тэгвэл сонгуулийн санал хураалтыг хэрхэн явуулах болоод орон нутгийн сонгуулийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Орон нутгийн сонгуульд 21 аймгийн 1,613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7,282 төлөөлөгч сонгогдох юм.
Баримт 2. Хамгийн олон сумтай аймгууд болох Төв аймагт 117, Хөвсгөл аймаг 1100 хүн 500 гаруй мандатын төлөө өрсөлдөх аж.
Баримт 3. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг нийт 13.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар баталсан.
Баримт 4. Сум, баг дүүргийн хороо бүр нэг тойрог болно. Өөрөөр хэлбэл томсгосон тойргоор орон нутгийн сонгууль болно гэсэн үг.
Баримт 5. Энэ удаагийн сонгуульд сонгуулийн автоматжуулсан систем ашиглах тухай Улсын Их Хурлын тогтоол гарсан. Шаардлагатай тохиолдолд гараар давхар тоолох аж.
Баримт 6. Сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус, тус мэдээлнэ.
Баримт 7. Сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдөр бүх нийтээр амарч байна.
Баримт 8. Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 07:00-22:00 цагийн хооронд явагдана.
Баримт 9. Санал өгөхөөр санал авах байранд ирсэн сонгогч санал авах байранд ажиллах улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд гарын хурууны хээг шалгуулах ба тухайн ажилтан нь иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, түүнчлэн тухайн хэсэг дэх сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
Баримт 10. Гарын хурууны хээ шалгах автомат төхөөрөмж ажиллахгүй буюу ажиллах боломжгүй болсон, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй сонгогчийн тухайд иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж сонгогчийн бүртгэлийн хуудас олгож болно.
Баримт 11. Сонгогч шилжих журмын дагуу шилжин ирсэн сонгогчийн шилжих хуудсыг давхар шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
Баримт 12. Сонгогчийн бүртгэлийн хуудас авсан сонгогчид саналын хуудас олгоно.
Баримт 13. Саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.
Баримт 14. Санал авах ажиллагаанд сонгуулийн ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч байлцаж болно.
Баримт 15. Санал авах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд байхыг хориглох бөгөөд энэ нь тэдгээрээс саналаа өгөхөд хамаарахгүй.
Баримт 16. Санал авах өдрийн 22.00 цагт сонгогчдын бүртгэлийг зогсоох бөгөөд бүртгэлийн хуудсаа авсан сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангана.
Баримт 17. Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албантушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.
Баримт 18. Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.
Баримт 19. Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн хорих, баривчлах ял эдэлж байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.
Баримт 20. Сонгогчоос саналаа өгөхөд тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох, тухайн санал авах байраас олгосноос өөр саналынхуудсыг санал өгөхөд ашиглах, санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах, саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх, саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авахыг хориглоно.
Баримт 21. Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа санал авах байранд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно.
Баримт 22. Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухай санал авах байранд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч саналаа өгч болно.
Баримт 23. Санал авах байр хураалгасан саналын хуудасны баруун дээд өнцгийг хайчлан, тэмдэглэл хөтлөн хадгална.
Баримт 24. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.
Сэтгэгдэл (1)