Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгууль дөрөв хоногийн дараа болно. Уг сонгуулийг ямар зохион байгуулалтаар явуулах болон бусад мэдээллийг 24 баримтаар хүргэе.
Баримт 1. Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль буюу орон нутгийн сонгууль ирэх сарын 19-ны өдөр болно.
Баримт 2. Сонгогчдын саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.
Баримт 3. Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд авна.
Баримт 4. Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум нийт 1792 тойрогт хуваагдаад байна.
Баримт 5. 1792 тойрогт нийт 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлжээ.
Баримт 6. 15209 нэр дэвшигчийн 7006 нь сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох юм.
Баримт 7. Сонгуулийн хороод нэр дэвшигчийн үнэмлэхийг санал хураалт явуулахаас 22 хоногийн өмнө буюу энэ сарын 29-ны дотор олгож дуусна.
Баримт 8. Нэр дэвшигчид сурталчилгаагаа аравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэсэн.
Баримт 9. Хамгийн олон сумтай аймгууд болох Төв аймагт 117, Хөвсгөл аймаг 1100 хүн 500 гаруй мандатын төлөө өрсөлдөх юм байна.
Баримт 10. Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ.
Баримт 11. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг нийт 13.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар баталсан.
Баримт 12. Нам, эвсэл бүр 1.142.5 сая төгрөг зарцуулахаар дээд хэмжээг тогтоожээ.
Баримт 13. Улсын хэмжээнд 2082 сонгуулийн хэсэг байгуулж ажиллана. Санал авах байр санал авах өдрөөс 10 хоногийн өмнө тухайн хэсэг дэх санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны дэвсгэр зураг /план/-ийг нийтэд зарлан мэдээлнэ.
Баримт 14. Сум, баг дүүргийн хороо бүр нэг тойрог болно. Томсгосон тойргоор орон нутгийн сонгууль болно гэсэн үг.
Баримт 15. Нэр дэвшигчид нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж тухайн шатны сонгуулийн байгууллагад хүргэх ёстой.
Баримт 16. Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал эсхүл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж санал хураалт дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн байгууллагад хүргүүлнэ.
Баримт 17. Санал авах байр, сонгогчийн санал авах өдөр, цаг, байрыг уг өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
Баримт 18. Есөн аймагт Ардчилсан намын 100 орчим нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан. Уг маргаантай асуудлыг СЕХ дахин хянаж үзэх эсэх нь олны анхаарлыг ихээхэн татаад байгаа юм. Тодруулбал Архангай аймгийн Өлзийт суманд Ардчилсан намаас нэр дэвшсэн 21 нэр дэвшигчийг бүгдийг нь хассан байна. Өгийнуур, Жаргалант сумаас тус бүр нэг, нэг нэр дэвшигч, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 21 нэр дэвшигч, Дархан-Уул аймаг нэг, Багахангай дүүргийн 17 нэр дэвшигч, Баянхонгор аймгийн Шинэжимст сумын хоёр нэр дэвшигчийг хассан байгаа юм. Үүнийг АН-ынхан сонгуулийн ерөнхий хороог эрх баригч намын талд ажиллалаа хэмээн хардаж байгаа юм.
Баримт 19. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн талаарх мэдээллийг өгөх сонгуулийн хорооны ажилтны утас болон холбогдох бусад мэдээллийг энд дарж авна уу
Баримт 20. Энэ удаагийн сонгуульд сонгуулийн автоматжуулсан систем ашиглах тухай Улсын Их Хурлын тогтоол гарсан. Шаардлагатай тохиолдолд гараар давхар тоолох аж.
Баримт 21. Сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус, тус мэдээлнэ.
Баримт 22. Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.
Баримт 23. Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно.
Баримт 24. Сонгуулийн төв байгууллага нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг нам, эвсэлд, ... ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож сонгуулийн сурталчилгаа эхлэхээс таваас доошгүй хоногийн өмнө батална. Аймаг, сумын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг аймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.
24tsag.mn