Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хоёр хоногийн дараа эхэлнэ. Энэ удаагийн сонгуульд нийт 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлж, үнэмлэхээ гардаж аваад байгаа.
Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум 1792 тойрогт хуваагдсан бөгөөд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, 15209 нэр дэвшигчийн 7006 нь сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох юм. Хамгийн олон сумтай аймгууд болох Төв аймагт 1107, Хөвсгөл аймаг 1100 хүн 500 гаруй мандатын төлөө өрсөлдөх юм. Тэгвэл орон нутгийн сонгуулийн тухай хуульд сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгааг хэрхэн явуулна гэж заасныг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.
Баримт 2. Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.
Баримт 3. Орон нутгийн Хурлын төлөөлөгчид сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдээ хэлэлцэн, нэг мөрийн хөтөлбөрийг олонхийн саналаар нэгтгэн гаргах бөгөөд уг мөрийн хөтөлбөр нь тухайн шатны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэс болно.
Баримт 4. Нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан мөрийн хөтөлбөртэй байвал нэр дэвшигчийг 100000-150000 төгрөгөөр торгоно.
Баримт 5. Нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн сурталчилгаа нь нэр дэвшигч энэ хуульд заасны дагуу бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлэнэ.
Баримт 6. Нэр дэвшигч, нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах ажлыг уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах зэрэг хуулиар хориглоогүй арга, хэлбэрээр зохион байгуулна.
Баримт 7. Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно.
Баримт 8. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сонин, хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус багтаана.
Баримт 9. Сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал зэргийг гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг санал авах өдрөөс хоёр сарын өмнө тухайн сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно.
Баримт 10. Орон нутгийн радио, телевизээр сонгуулийн аливаа сурталчилгааг төлбөргүй явуулах хугацаа, хуваарийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо тогтооно.
Баримт 11. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нь орон нутгийн радио, телевизээр төлбөргүй явуулах сурталчилгааны хуваарийг батлахдаа нэр дэвшигч болон нам, эвсэл бүрт тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэрийг гаргана.
Баримт 12. Олон нийтийн радио, телевизээр орон нутгийн Хурлын сонгуулийн аливаа сурталчилгаа явуулахыг хориглоно.
Баримт 13. Сонгуулийн хорооноос тогтоосон хугацаанаас бусад цагт нэр дэвшигч, нам, эвсэл орон нутгийн болон орон нутагт нэвтрүүлгээ цацаж байгаа олон нийтийн радио, телевизээс бусад төвлөрсөн радио, телевизээр төлбөртэй сурталчилгаа явуулах эрхтэй.
Баримт 14. Төлбөртэй сурталчилгааны нийт хугацаа тухайн радио, телевизийн нэвтрүүлгийн нийт хугацааны 10 хувиас хэтрэхээргүй байна.
Баримт 15. Сонгуулийн сурталчилгаа зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа этгээдэд сурталчилгааны явцад нэр дэвшигч холбогдох сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх авах өдрөөс өмнө аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно.
Баримт 16. Хуульд заасан хугацаанаас хойш санал хурааж дуустал аливаа хэлбэрээр сурталчилгаа хийх, түүнчлэн санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараахыг хориглоно.
Баримт 17. Нам, эвслээс нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт өгөх, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно.
Баримт 18. Төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулахыг хориглоно.
Баримт 19. Хуульд зааснаас илүү материал тараахыг хориглоно.
Баримт 20. Сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал зэргийг энэ хуульд зааснаас өөр газарт байрлуулах, төлбөртэй сурталчилгаа явуулах, эсхүл сурталчилгааны хугацааг буруу тогтоохыг хориглоно.
Баримт 21. Оройн 23 цагаас өглөөний 10 цаг хүртэлх хугацаанд гудамж, нийтийн эзэмшлийн талбайд чанга яригч ашиглахыг хориглоно.
Баримт 22. Сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах, шашны зан үйл ашиглах, сонгогч, түүний гэр бүлийн гишүүд, насанд хүрээгүй хүүхэд, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдахыг хориглоно.
Баримт 23. Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгуулийн сурталчилгааны ажилд аливаа хэлбэрээр татан оролцуулах, аль нэг нэр дэвшигч, нам, эвслийг дэмжих буюу эсхүл түүний эсрэг агуулгатай сурталчилгаа явуулахад арван найман насанд хүрээгүй хүүхдийг татан оролцуулахыг хориглоно.
Баримт 24. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод нь сурталчилгааны тэнцвэрт байдалд олон нийтийн оролцоотойгоор хяналт тавьж, энэ асуудлаар нам, эвсэл, нэр дэвшигч, бусад байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай хянан шийдвэрлэнэ.
24tsag,mn