Пентагон 500 цэрэг илгээх замаар Ирак дахь цэргийнхээ тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
АНУ-ын цэргийнхэн удахгүй Ерөнхийлөгч Барак Обамад зохих хүсэлтээ тавих гэж байгаа тухай “Wall street journal” мэдээллээ. Нэмжилгээх цэрэг Мосул хотыг “Исламын улс” бүлэглэлийнхнээс чөлөөлөхөөр бэлтгэж буй Иракийн хүчнийхэнд дэмжлэг үзүүлэхээс бус, байлдааны ажиллагаанд оролцохгүй.
Нэмэлт хүчин очсоноор Ирак дахь АНУ-ын цэргийн тоо 4900 болно. Гэхдээ дээрх сонинд мэдээлснээр, Багдадад Америкийн 1500 орчим цэрэг байдгийг Пентагон Ирак дахь цэргийнх нь нэг хэсэг хэмээн үздэггүй байна. Хэрэв тэднийг оруулбал Иракт 6400 америк цэрэг байгаа юм.
“Исламын улс” бүлэглэлийн хяналтад хоёр жил гаруй байгаа Мосул хотыг чөлөөлөх нь Иракийн арми курдүүдтэй хамтран улс орноо хяналтдаа авах гол зорилгын нэг хэсэг юм. Иракийн Ерөнхий сайд Хейдар Аль-Абади Нью-Йоркт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахдаа ирэх сард тус хотыг чөлөөлнө хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Иракийн цэрэг аравдугаар сард болох Мосулыг чөлөөлөх ажиллагаанд бэлэн хэмээн АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Жозеф Данфорд мөн нотолсон байна.