Хүчирхийлэл болон зэвсэгт мөргөлдөөний улмаас зөвхөн 2015 онд дэлхий дахинд 13.6 их наяд ам.долларын хохирол учирчээ гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдлээ.
Тэрбээр НҮБ-ын Энхийг тогтоох санг дэмжих асуудлаарх бага хуралд оролцож үг хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хямрал, залуучуудын ажилгүйдэл зэрэг нь хүмүүст асар их дарамт учруулж байна. Хэдийгээр дайн тулаан улс орнуудын дотоодод болж байгаа боловч түүнд гаднын хүчнүүд, төрийн бус субьектүүд хөндлөнгөөс оролцож байна. Хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөний улмаас 2015 онд дэлхий дахинд 13.6 их наяд ам.долларын хохирол учирсныг долоон тэрбум хүнд хуваахад нэг хүнд 1.8 мянган ам.доллар ногдож байна.
Зэвсэгт мөргөлдөөний улмаас зовж зүдэрч буй дүрвэгчдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, энхийг сахиулах үйл ажиллагаа явуулахад зөвхөн 2015 онд гэхэд 34 тэрбум ам.доллар зарцуулсан” гэлээ. Хүмүүнлэгийн үйлст цаг алдалгүйгээр мөнгө хөрөнгө зарцуулснаар олон эмгэнэлт хэрэг явдал гарахаас урьдчилан сэргийлж болно гэдгийг тэрбээр онцлоод НҮБ-ын Энхийг тогтоох санд хандив өргөхийг уриаллаа.
НҮБ-ын Энхийг тогтоох сан нь 250 сая ам.долларын дүрмийн сантайгаар 2006 онд байгуулагдсан бөгөөд дайны хөлд нэрвэгдсэн улс орнуудад энх тайвныг тогтоон бэхжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлдэг юм.