Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх үйл явц өнгөрсөн лхагва гаригт дууссан.
Энэ албан тушаалд одоогийн ерөнхийлөгч Жим Ён Ким дахин сонгогдох нь тодорхой болжээ. Дэлхийн банкны хэвлэлийн албаны мэдээлснээр, гүйцэтгэх захирлууд Вашингтон хотноо нэр дэвшигчтэй уулзалт хийж, банкны шинэ ерөнхийлөгчийг арваннэгдүгээр сарын 3-9-нд болох Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн жил тутмын уулзалтын өмнө дахин томилох ажээ.
АНУ-ын Сангийн яам наймдугаар сарын сүүлчээр Жим Ён Кимийг Дзлхийн банкны тэргүүний албан тушаалд дахин нэр дэвшүүлсэн юм. Тэрбээр 1959 онд Сөүл хотод төрсөн. Таван настайдаа эцэг эхийн хамт АНУ-д ирж, Айова мужийн Маскатин хотод амьдрах болжээ. 1982 онд Брауны их сургуулийг онц дүнтэй төгссөн бөгөөд гүн ухаан болон хүн судлалаар докторын зэрэг хамгаалсан байна. Жим Ён Ким Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр 2012 оны долдугаар сараас эхлэн ажиллаж байгаа тус байгууллагын долоо дахь тэргүүн юм. Дэлхийн II дайн дууссанаас хойш АНУ болон баруун Европын хооронд Далхийн банк болон Олон улсын валютын сангийн удирдах албан тушаалуудыг хоорондоо хуваарилан хаших талаарх албан бус тохиролцоо байдаг аж. Тодруулбал, Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр АНУ-ын иргэн сонгогдож, харин ОУВС-г Европ тивээс санал болгосон хүн удирддаг бичигдээгүй хууль үйлчилж иржээ. Дэлхийн банк нь 184 орны хувьцаа эзэмшигчдийг нэгтгэсэн Засгийн газар хоорондын санхүүгийн байгууллага юм.