Сүүлийн 5 гжилийн туршид явагдсан Сирийн дайныг зогсоох АНУ болон ОХУ-ын оролдлого, оролцооны хүчинд Сири улсад даваа гаригаас эхлэн долоо хоногийн хугацаанд албан ёсоор гал зогсоож байгааг тус улсын төв телевизээр дамжуулан мэдээлсэн байна. Гал зогсоох тохиролцоонд Сирийн талууд НҮБ, АНУ болон ОХУ-ын төлөөлөгчидтэй Женев хотноо хэлэлцээ явуулан, гал зогсоохоор болоод байгаа юм. Гал зогсоох мэдэгдлийг улс орон даяар мэдээлсний дараагаар тус улсын ихэнх хэсгээр буун дуу гараагүй, намжмал байдалтай байгаа талаар хот тосгодын оршин суугчид болон олон улсын ажиглагчид мэдээлсээр байна. Зөвхөн Алеппо хотын хойд хэсгээр л Исламын Улс бүлэглэлийн эсрэг үзүүлж байгаа агаарын цохилт үргэлжилсээр байгаа ажээ. Энэ талаар ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дэслэгч генерал Сергей Рудской мэдээлэл хийсэн бөгөөд тэрээр хэдийгээр Сирид гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ч АНУ болон ОХУ-ын хамтарсан хүчний зүгээс тус улс дахь Исламын улс бүлэглэлийн эсрэг үзүүлэх агаарын цохилт үргэлжлэн явагдана хэмээн хэлсэн байна. Мөн зарим нэг сөрөг хүчний босогчдын бүлэглэлийн зүгээс засгийн газарт үл итгэж байгаагаа илтгэн гал зогсоох гэрээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.