Шүүхийн шийдвэрийн цахим сан /shuukh.mn/ нээгдэж буйтай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн “Шүүх эрх мэдлийн байгууллагын мэдээллийн төв”-д өнөөдөр хэвлэлийн баг хурал хийлээ. Хуралд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын ахлах зөвлөх П.Цагаан, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн тасгийн дарга Д.Мөнхзориг нар оролцож, шүүхийн шийдвэрийн цахим сангийн ач холбогдол, шүүхийн ил тод нээлттэй байдал, тус цахим санд байрлаж буй шийдвэртэй хэрхэн танилцах зэрэг асуудлаар мэдээлэл хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хурлаар дэмжсэн “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор “Шүүхийн шийдвэрийн цахим сан” ажиллаж эхэлж байгаа аж. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2010 оны 11 сарын 10-ны өдрийн 39 дүгээр захирамжаар батлагдсан “Үндсэн чиглэл”-ийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны 1.4.2, 1.4.3-т “Шүүхийн байгууллагаас иргэд, олон нийтэд зориулсан мэдээлэл боловсруулах, түгээх үйл ажиллагааг сайжруулах замаар шүүх, шүүгчийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх чадавхийг бэхжүүлэх, шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд байршуулж олон нийтийн хүртээл болгох” талаар заасны дагуу бүх шатны шүүхийн шийдвэрийг нэгдсэн цахим санд байршуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж олон нийтэд хүргэхэд бэлэн болгосон байна.
Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах нь шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгах, шүүгч, эрдэмтэн, багш, судлаач, шинжээч, хуульчдад судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг нэг мөр зөв хэрэглэх, жишиг тогтоох зорилготой юм.
Уг цахим санд 2011 оноос хойшхи нийт анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэх, цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол байрлах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой шийдвэрээс бусдыг татан авах боломжтой аж. Мөн нийт шүүхийн цахим хуудас, и-мэйл хаяг, утас, факсын мэдээлэл авч болох бөгөөд шүүх хуралдааны зар, тойм зэргийг үзэх боломжтой юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)