НЬЮ-ЙОРК. /Kyodo/. АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ чуулган эхэллээ. Сирийн иргэний дайн, дүрвэгчдийн хямрал болон Умард Солонгосын цөмийн хөтөлбөр зэрэг асуудлыг ээлжит чуулганы үеэр онцлон хэлэлцэх төлөвтэй байна.
Мягмар гарагт НҮБ-ын төв байранд эхэлсэн ЕА-н 71 дүгээр чуулганд тус байгууллагын гишүүн 193 улсын төлөөлөгчид оролцож байна. ЕА-н одоогийн Ерөнхийлөгч нь Фижи улсын дипломатч асан Петер Томсон юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн чуулганы нээлтийн үеэр үг хэлэхдээ “олон аюул заналхийлэлд анхаарлаа хандуулж, шударга бус явдалтай тулгарч байгаа хүмүүстэй хамт байгаа гэдгийг харуулахын тулд бид хуралдах гэж байна” гэжээ. Бан Ги Мүний НҮБ-ын тэргүүний үүргийг гүйцэтгэх таван жилийн хугацаа энэ оны эцэст дуусна.
Есдүгээр сарын 20-ноос дэлхийн удирдагчид ЕА-д үг хэлж эхэлнэ. Тухайн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар үг хэлэх аж. Б.Обама дүрвэгчдийн асуудлаар Дээд түвшний уулзалт зохион байгуулах юм. Мөн Сирийн иргэний дайныг зогсоох арга замуудыг хэлэлцэхээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ сайд нарын түвшний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
ЕА-н чуулганы үеэр хэлэлцэх нэг томоохон сэдэв бол Умард Солонгосын асуудал. Тус улс АЗ-ийн тогтоолуудыг зөрчин өнгөрсөн долоо хоногт тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэн билээ.
Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах асуудлаар дэлхийн удирдагчид санал нэгдэж чадах эсэх, Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо ямар хариу мэдэгдэл хийх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.
Г.Доржханд
Эх сурвалж: Моцнамэ