Daily Mail-д мэдээлснээр Саймон О’Кейн гэдэг англи эр эхнэр Леандрагаа зарахаар интернет-дуудлага худалдаа болох eBay-д зар оруултал хоёрхон өдрийн дотор үнэ нь 65 мянган фунт хүртлээ суга өсжээ. Энэ нь тансаг зэрэглэлийн Jaguar машинтай зэрэгцэж очсон гэсэн үг аж. Мань эр байнга л уурлаж уцаарлаж гомдол тавьж байдаг эхнэрээ шоглох хашраах зорилгоор зарыг нь машин борлуулах хэсэгт оруулжээ. Бүр төмөр хүлэг шиг тодорхойлсон нь олны инээдийг хүргэжээ.
Саймон эхнэрээ "хэрэглэж байсан авгай" гэж тодорхойлоод "хэдий шинэ биш боловч ахиад нэлээд хэдэн зуун км давхих чадалтай" гээд авсан хүн нь кузов болон арын хэсэгт жаахан засвар хийх хэрэгтэйг сануулжээ. Мөн дуут дохио, сигналын хувьд "нэг л дуугарсан бол зогсдоггүй тул эд ангийг нь шинээр авч хийх хэрэгтэй" гэсэн байжээ. Эцэст нь зарагдсан тохиолдолд буцаах боломжгүй болохыг хатуу анхааруулсан аж. Энэ зар орсон дарйудаа л олны анхаарлыг татаж таван мянга гаруй хүн худалдаж авахаар саналаа ирүүлжээ. Саудын Арабын нэгэн эр 50 тэмээгээр солихыг санал болгосон бол гахайн фермтэй нэг залуу нэг ачааны машин дүүрэн гахайн давсалсан махаар тулья гэсэн гэнэ. Харин энэ даажигнаан эхнэрт нь тун хүнд цохилт болсон гэнэ. "Нөхөр маань намайг зарахаар зар оруулсныг манай ажлынхан надад үзүүлж бөөн инээд ханиад боллоо. Саймон ийм муухай зар оруулаад зогсохгүй зориуд миний маш муухай гарсан зургийг олж тавьсан байсан" хэмээн ихэд гоморхжээ.
Сэтгэгдэл (1)