Хятадын агаарын тээврийн “Air China” компаниас cap бүр эрхлэн гаргадаг "Wings of China” сэтгүүл энэ удаагийн дугаартаа зорчигчдодоо хандан сануулга гаргасан нь дуулиан тарьжээ. Хятад болон англи хэл дээр бичсэн анхааруулгадаа “Лондон хот аялж, жуулчлахад аюулгүй хот боловч Энэтхэг, Пакистан, өнгөт арьстнууд амьдардаг дүүрэгт очих үедээ та бүхэн маш болгоомжтой байх хэрэгтэй. Жуулчид шөнийн цагаар ганц нэгээрээ явахгүй байж, оройн цагаар эмэгтэйчүүдийг бусадтай хамт явах хэрэгтэй” гэж зөвлөжээ. Дээрх сэтгүүлд ийм сануулга гаргасныг "Бээжин хотод үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын “CNBC” сувгийн продюссер Хейз Фаны анхааралд анх өртсөнөөр хэлэлцүүлэг өрнөжээ. Тухайлбал, Лондон хотын иргэдийн хурлын гишүүн Вирендра Шарма “Өнөөдөр би энэ сануулгыг хараад худал хуурмаг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан өнгө аяс бүхий зүйлийг бичиж байгаад гайхаж байна. Энэ нь бидний зэвүүцлийг төрүүлж байна" гэв. Харин энэтхэгчүүд олноороо амьдардаг Илинг-Саутол дүүргийн депутат сануулгыг авч хаяхыг шаарджээ. Хятадын агаарын тээврийн “Air China” компаниас энэ талаар тайлбар хийхээс татгалзсан байна. Тус компани Лондон- Бээжин чиглэлд өдөрт хоёр удаа нислэг үйлддэг аж.
Сэтгэгдэл (1)