Засгийн газрын зүгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгохоор төсвийн тодотголд тусгасан. Уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлгийг нь хийж батлахад бэлэн болоод байна. Нийгэмд хүлээлт үүсгээд байсан уг хуулийг хүчингүй болгохын тулд Ерөнхий сайд нь Сангийн сайдынхаа хамтаар хачин гэхээсээ илүү "сүсгийн гэмээр тэнэг" мэдэгдлүүдийг хийж олны дургүйцлийг хүргэж олон нийтийн дунд шуугиан тариад буй. 2014 онд уг хуулийг батлахаар хэлэлцэх МАН-ын бүлэг "Тооцоо судалгаа муутай хууль. Тэтгэврийн санд ачаалал үүсгэнэ" хэмээн хэрэгжих хугацааг нь хойшлуулж байсан билээ.
1. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн гол санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн үлдсэн гишүүнд нь тэтгэврийнх нь тодорхой хувь хэмжээг олгоход чиглэж байлаа.
2. Хамтдаа 10 жил амьдарч, улсад 20 гаруй жил ажиллаж, нийгмийн даатгалаа төлсөн хосуудад тус хууль үйлчлэхээр байв.
3. Тогтоолгосон тэтгэврийнх нь хэдэн хувийг олгох вэ гэдгийг тухайн үеийн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, тогтоох байсан.
4. Уг хуулийг анх 2012 онд өргөн барьж байжээ.
5. 2014 онд хэрэгжүүлж эхлэх байсан ч МАН-ын бүлэг "Тооцоо судалгаа муутай хууль. Тэтгэврийн санд ачаалал үүсгэнэ" хэмээн хэрэгжих хугацааг нь хойшлуулж байсан билээ.
6. Харин Мэргэжлийн Засгийн газар уг хуулийг хүчингүй болгохоор төсвийн тодотголд тусгаад буй. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Хамтын тэтгэврийн хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Монголчууд чинь сүсэг бишрэлтэй. Талийгаач болсон хөгшнийхөө нэрийн өмнөөс энэ тэтгэврийг авмааргүй байна гэсэн санал Сангийн яамд их ирээд байгаа учраас хүчингүй болгоё гэсэн саналыг оруулсан" гэсэн тайлбарыг хийж олны дургүйцлийг хүргэсэн.
7. Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжихгүй болбол ойролцоогоор 53-60 орчим тэрбум төгрөгийг хэмнэх аж.
8. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ талаар "Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлвэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу. Тийм учраас МАН мөрийн хөтөлбөртөө "Насны хишиг" гэдэг тэтгэвэр олгоё гэж оруулсан. Ахмадууд маань хосоороо хамтдаа урт наслах тусмаа төр засгаас илүү тэтгэвэр авах юм шүү гэж бодож байгаа" гэсэн.
9. Эхнэр, нөхөр хоёр улсад тэтгэврийн даатгалаа 20-иос доошгүй жил төлсөн байх шаардлагыг хангасан Нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэвэр авагч Монгол улсын иргэн бүрт энэ хууль үйлчлэхээр байсан.
10. Хуульд хамрагдахын тулд гэр бүлээ баталгаажуулсан байх шаардлагатай байсан.
11. 10 ба түүнээс дээш амьдарсан хосуудад тус хууль үйлчлэх ба ингэснээр гэр бүлийн тогтвортой байдалд нөлөөлнө хэмээн хууль санаачлагчид үзэж байв.
12. Хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-н хэмээн тогтоосон байв.
13. Өндөр настны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 жил нэг гэрт амьдрахдаа гэр бүлээ баталгаажуулаагүй иргэдэд хууль үйлчлэхгүй гэж уг хуульд заасан байсан.
14. 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэдэд Хамтын тэтгэврийн тухай хуульд хамаарахгүй байв.
15. Гэр бүлийн баталгаатай хэрнээ тусдаа амьдардаг эхнэр, нөхөрт ч уг хууль үйлчлэхээр байв.
16. 20 ба түүнээс дээш насны зөрүүтэй гэр бүл болон дахин гэр бүл болж амьдарсан иргэдэд үйлчлэхгүй хэмээн хуулийн төсөлд заасныг хасаж, насны зөрүүг хамаарахгүй болгосон байлаа.
17. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан тэргүүтэй нэр бүхий гишүүд санаачилсан юм.
18. Өнөөдрийн байдлаар 412 мянган иргэн тэтгэвэрт авдгаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагддаг. Үүнээс 76 мянган иргэн хамтын тэтгэвэрт хамрагдах урьдчилсан тооцоо байгаа аж.
19. Хэрэв хууль батлагдах юм бол хуулийн шаардлагад нийцүүлэн, тогтвортой гэр бүлийн тоог Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлийн газартай хамтран иргэний регистрийн дугаараар гаргуулан авах бололцоотой байв.
20. Тус хуулийг зарим улс оронд нас барсан даатгуулагчийн тэтгэврийг эхнэр эсвэл нөхөрт нь олгохыг өвлүүлэх гэж нэрлэдэг.
21. Гадны олон улс орон Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлдэг бөгөөд өндөр настны тэтгэврийг өв залгамжлуулдаг юм байна. Өмнөд Африкийн орнуудад тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлдэг байна. Мөн Польш, Казакстан, Чили, Аргентин, Перу зэрэг оронд тэтгэврийн хуримтлалын тогтолцоогоор шийдсэн аж.
22. АНУ-д гэхэд л Тэтгэвэр хамгаалах тухай хуульд зааснаар гэр бүлийн эхнэр нөхрийн аль нэг нь нас барсан бол тухайн цаг үеийнх нь эхнэр эсвэл нөхөрт нь тэтгэврийг шууд өвлөн авах эрх үүсдэг байна.
23. ОХУ-д бол тэтгэврийн нийт шимтгэл нь шимтгэл төлөгчийн нэрийн дансанд ямар хэмжээний мөнгө хуримтлагдсан талаар ОХУ-ын тэтгэврийн сангаас ирээдүйн тэтгэвэр авагчдад жил бүр “Аз жаргалын захидал” нэрээр шуудангаар мэдээлдэг байна.
24. Тэтгэврийн шимтгэл төлөгч нь өөрийн нэрийн дансан дахь хуримтлалаа зөвхөн тэтгэвэрт гарсныхаа дараа ашиглах боломжтой юм байна. Харин нас барсан тохиолдолд нэрийн дансыг нь өв залгамжлагч нь өвлөх эрхтэй байдаг байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (18)